Д.Марал
Гэрэл зургийг Р.Оюун
Монголчуудын дэлхийд данслагдсан үндэсний өв соёл болох морин уралдаанд тулгарч буй сорилт, эрх зүйн зөрчил, хөгжлийн чиг баримжааны тодорхойгүй байдлыг оновчтой шийдвэрлэхээр тус холбооноос зохион байгуулсан Өвөрхангай аймгийн улс аймгийн өндөр алдар цолтой уяачдын зөвлөгөөнөөс Монголын нийт уяачид, төрийн бус байгууллагуудыг эв санаагаа нэгтгэн хамтран ажиллахыг уриалсан юм.
Тэд “Нүүдэлчин өв соёлыг тээгч хөдөө нутгийн ахан дүүс ээ ! Хүн төрөлхтөн байгалиас тасарч, өөрсдийн бүтээсэн хиймэл нийгмийн системдээ төөрч, дэлхий нийтээрээ мухардлын ирмэгт ирээд байна. Тиймээс үндэсний уламжлалт морин уралдааныг хамгаалан хадгалах хэрэгтэй. Орчин үеийн морин уралдааны төрлүүдийг спорт, бизнес, аялал жуулчлалын чиглэлээр зохистой хөгжүүлэх эрх зүйн харилцааг иж бүрнээр зохицуулсан “Морин уралдааны тухай хууль”-ийг Улсын Их Хуралд энэ хаврын чуулганаар хэлэлцэн баталж мөрдүүлэхийг уриалж байна” гэлээ.
Арвагар хээр холбооны ерөнхийлөгч ААУяач С.Нэргүй “Морь уяж, уралдуулж буй нийт уяачид дараах зарчмыг үнэт зүйл болгон хэвшүүлэхийг бид хүсэж байна. Үүнд: Стандартад тэнцсэн адууг бүрэн бүртгэлд хамруулж 8-13 насны хүүхэд унах, бусад ангиллын адууг 14-өөс дээш насны мэргэшсэн уралдаанчаар унуулах, цалин хөлсний тогтолцоог бүрдүүлэх. Адууг спорт бизнесийн чиглэлээр насны ангиллаар зохион байгуулах, хооронд нь хольж уралдуулахгүй байх хэрэгтэй” гэсэн юм.
Тиймээс нийт уяачдыг 8-13 насны хүүхдээр зөвхөн үндэсний уламжлалт морин уралдаанд, бусад ангиллын уралдаануудад мэргэжлийн уралдаанчаар унуулдаг тогтолцоонд шилжихийг дэмжиж ажиллахыг уриаллаа.
www.zms.mn