Автомашинтай аялагч Г.ЗУУНДАРЬ
2023 оны зургаадугаар сард Дагвадорж найз маань европын 15 орноор, 30 мянга километр замыг автомашинаар туулах аялалдаа хамт явах санал тавьж байлаа. Аяллын гол зорилго нь бүх замаа өөрсдийн машинаар туулах байсан бөгөөд тэр үеэс хойш бид өөрсдийгөө “Дэлхийгээр автомашинтай аялагчид” хэмээн нэрлэж, аяллынхаа мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан хуваалцаж эхэлсэн юм. Тэр аяллаас хойш хоёр жилийн хугацаанд “Дараагийн удаа хаашаа, ямар чиглэлд автомашинтайгаа аялах вэ” гэсэн яриа бидний дунд тасраагүй. Ингээд 2025 оны есдүгээр сард Ч.Батболд найз маань “Та хоёр дараагийн аяллаа төлөвлөсөн үү. Хамтдаа нэг том аялалд гарвал ямар вэ” гэсэн санал гаргав. Бид ч дуртайяа хүлээн авч, удалгүй уулзан, олон санаа дэвшүүлж, аялалынхаа талаар удаан ярилцлаа.
Хаашаа явах вэ. Өвлийн улиралд замын нөхцөл байдал ямар байх бол. Машинаа хэрхэн бэлтгэх вэ. Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлье гэвэл хэнийг нэмэх вэ. Аяллын чиглэлээс шалтгаалж хэд хоног явах, ямар зардал гарах зэргийг нухацтай хэлэлцсэн. Ер нь хотын аялалд төлөвлөлт, зорилго их чухал л даа..
Нэгэн орой Д.Дагвадорж найз минь “ОХУ-ын хойд хэсэг, Норвегийн хил орчимд хүрч, туйлын туяа үзэж болох юм байна” гэсэн санал гаргалаа. Туйлын туяа гэж юу билээ. Анх сонсоход их л сонирхолтой санагдаж байсан. Тийшээ хэдэн мянган километр явах бол. ОХУ-ын одоогийн нөхцөл байдал дайнтай байгаа учраас хэцүү байгаа юу гэсэн эргэлзээ төрүүлсэн асуудлууд ээлж дараалан хөвөрсөөр. Гэвч эцэст нь бид зориг шулуудсан юм.
Багтаа Г.Наранбат дүүгээ оруулан дөврөн хүний бүрэлдэхүүнтэй багаа бүрдүүлж, хоёр сарын турш бэлтгэл ханган, өвлийн авто аялалд шаардлагатай бүхнийг базаалаа.
Ингээд 2025 оны арванхоёрдугаар сарын 25-ны өглөө бид дөрөв “Estima” авто машинаараа 20 хоногийн хугацаанд 20 мянган километр зам туулахаар Улаанбаатар хотоос хөдөллөө. Зорилго маань туйлын туяа үзэх, өвлийн Орос орны уур амьсгал, шинэ жилийн баярын өнгийг мэдрэх байв.
Өглөө эрт уулзаж, хотын түгжрэл эхлэхээс өмнө хотоос гарлаа. Зам зуур дэлгүүрээр орж, хэрэгцээт зүйлсээ нэмж аваад хилийн зүг давхив.
Дарханы замын олон тойргийг эс тооцвол эхний 200 км-ийг харьцангуй хурдтай тууллаа. Дархан хотод Батболдын авто клубын гишүүн Хосоотой уулзаж, халуун кофегоор дайлуулан, цааш хөдөлсөн юм.
Алтанбулаг боомтод хооллож, зарим нь рубль солиулж аваад Монголын хилээр саадгүй гарлаа. Харин ОХУ-ын хил дээр шалгалт эхэлж, ачаагаа хэдэнтээ буулгаж, бичиг баримт бөглөж, нэлээдгүй хугацаа зарцуулсан. Хүйтний эрч ч чангарч, гадаа удаан зогсох амаргүй байв. Орос хэлтэй хүнгүй тул багагүй будилсан ч авто замын даатгалаа хийлгэж, орос дугаар авч, аяллаа үргэлжлүүллээ.
Хилээс Улаан-Үд хүрэх замд Г.Наранбат дүүгийн маань авч гарсан адууны чанасан мах биднийг жинхэнэ баярлуулсан. Өвлийн идэшний үе таарсан тул чанасан мах, борц гээд хоолны бэлтгэл хангалттай.

Бидний дайран өнгөрсөн эхний томоохон хот бол Улаан-Үд. Өвлийн улиралд утаа анзаарагдахуйц санагдсан ч бидний хувьд зам урт тул сааталгүй үргэлжлэв. Төлөвлөсөн хугацаандаа багтахын тулд өдөрт дунджаар 1000 км явах шаардлагатай байлаа. Эхний өдөр зочид буудлууд дүүрсэн тул машиндаа хоноглов. Өмнө нь ОХУ-аар дамжин Европ руу аялахдаа машиндаа хонож байсан туршлагатай тул энэ удаа ч санаа зовсонгүй.
Өвлийн улиралд аялж буй ч ОХУ-ын авто замын цэвэрлэгээ, арчилгаа үнэхээр сайн байлаа. Гулгаа үүсэх эрсдэлтэй хэсгүүдийг ч сайтар цэвэрлэсэн нь бидэнд өдөрт 1000 км зам туулах боломж олгов.
Манай багийн гишүүдийн тус тусын үүрэг ч аяндаа тодорхой болж эхлэв. Дагвадорж жолоогоо барина. Би хажууд нь яриа өрнүүлж, жолоочийн нойрыг үргээнэ. Батболд аяллын бичлэг, сошиал хариуцна. Харин Наранбат маань хоол, цай, идэх уух зүйлсийг базааж, биднийг өлсгөхгүй явах үүрэг хүлээцгээв.
Хоёр дахь өдрөөс бид зам дагуу хээрийн хоол хийж үзэхээр өндөг шарж, зайдас чанах гэж оролдсон ч хүйтэнд газ бээрч, хоол бэлтгэх амаргүй байлаа. Тиймээс цаашид зам дагуух хоолны газруудаар орж цайлах, машиндаа бол хиам, талх, амттанаа идэж байхаар болов. Өвлийн хүйтэнд задгай талбайд хоол хийх амаргүй гэдгийг биеэр мэдэрсэн нь тэр.
Дагвадорж маршрутаа гаргаж, хаана хүрч хонох, хэд хоноод хүнсээ базаах, аль хотод юу үзэхээ нарийн төлөвлөсөн. Дэлгүүрүүдээр ороход дайны уур амьсгал мэдрэгдэх зүйлгүй, лангуу дүүрэн, сонголт ч арвин байв.
1500 км зам туулах хугацаанд дайран өнгөрсөн хот, тосгод шинэ жилийн баярт бэлтгэж, төв талбай, гудамж талбайгаа гэрлэн чимэглэлээр гоёжээ. Цасанд хучигдсан байшингууд, дээврээсээ унжсан мөсөн гоёл, өнгөлөг гэрлүүд холын замд яваа бидэнд дулаахан сэтгэгдэл төрүүлж байлаа.

Хүмүүс өвлийн улиралд дулаан орон руу аялдаг бол бид эсрэгээрээ хойд мөсөн далайг чиглэн, улам хүйтэн зүг рүү зорьж явна. Замд тохиолдсон сонин сайхнаа цахим хуудсаараа дамжуулан хүргэхээр Монголоос гарахдаа дата авсан ч ажилласангүй. Харин хил дээрээс авсан орос дугаар маань жинхэнэ аминд орсон юм. Орос дугаар дата хязгааргүй байсан нь бидний хувьд жинхэнэ аврал болов. “Интернэтээ цацаад яваарай” хэмээн Дагвадоржоосоо гуйж, утсаа ээлжлэн холбож авна. Хот хооронд явахад заримдаа сүлжээ тасрах ч алсхан суурин харагдмагц “Энэ ямар хот вэ” гэхээсээ урьтаж “Сүлжээ орж байна” гэж баярлана.
Сүлжээ оронгуут ар гэрийнхэн рүүгээ мэдээ өгнө, зарим нь цахим хуудаснаа аяллын бичлэгээ оруулна. Интернэт гэдэг зүйл холын замд биднийг гэр бүлтэй маань холбож, аяллынхаа мөч бүрийг бусадтай хуваалцах гүүр болж байлаа.
Биднийг мэдээлэл оруулах бүрд “Сайн явж байна уу?”, “Дайн ямар байна?”, “Шатахуун, хоол хүнс олдож байна уу?” гэх асуултууд ар араасаа ирнэ. Үнэндээ дайн болж буй улс орноор явж байгаа гэх боловч бидний замд шатахуунгүй, хоол хүнсгүй болсон тохиолдол огт таарсангүй. Шатахуун түгээх станц, дэлгүүр хоршоо хэвийн ажиллаж, бид ч замаа саадгүй туулсаар байв.
ОХУ-ын зүүн урд хэсгээс Москва хот руу дөхөх тусам хотуудын өнгө төрх улам өөрчлөгдөж, барилга байгууламж, зам харгуй, орчин нөхцөл илүү хөгжингүй, цэгцтэй харагдаж эхэлсэн. Бид Уралын нуруунд аль болох хурдан хүрэхийг зорьж, өдрийн ихэнх цагийг зам дээр өнгөрүүлж байлаа.
2023 онд аялж явахдаа зарим газрын ариун цэврийн өрөө, үйлчилгээ нэлээд хүндрэлтэй санагдаж байсан. Харин энэ удаад бараг шатахуун түгээх станц бүр цэвэрхэн ариун цэврийн өрөө, түргэн хоолны хэсэг, хүнсний дэлгүүртэй болжээ. Том оврын автомашины зогсоолууд нь ч тохижсон нь урт замд яваа бидэнд тун таатай санагдав.
Замд тааралдсан хот бүр өөрийн гэсэн өнгө төрх, түүхийг өгүүлнэ. Анх удаа дайран өнгөрч буй бидний хувьд өдөр бүр шинэ сэтгэгдэл, шинэ мэдрэмж төрж, аялал маань улам амттай болж байлаа.
Уралын нурууны зүүн талд орших Екатеринбург хотод оройхон ирж, төв талбайгаар нь зочлов. Шинэ жил айсуйг илтгэх олон гацуур, гэрлэн чимэглэл хотыг бүхэлд нь баярын уур амьсгалд умбуулжээ. Өвлийн шөнө, цас, гэрлэн чимэглэл хосолсон тэр дүр зураг үнэхээр үзэсгэлэнтэй. Гэвч шинэ оноо гэр бүлтэйгээ биш, холын замд, бүүр огт өөр хотод угтах гэж буйгаа бодохоор сэтгэлд багахан гуниг төрөх нь ч байлаа.

Цааш хөдөлж, Уралын нурууны дунд орших Европ Азийн зааг дээр хүрч зургаа татуулан, Казань хотын зүг давхилаа. Энэ хүртэл бид 4500 орчим километр зам туулаад байв. Цагийн зөрүү нэмэгдэж, гадаах хүйтний эрч арай суларч, аяллын хэмнэлд бүрэн дасжээ.
Урт замд хамт яваа хүмүүс юу эсийг ярилцах вэ дээ. Амьдрал ахуй, гэр бүл, ажил төрөл, цаашлаад улс төр, түүх гээд сэдэв дуусахгүй. Заримдаа маргалдана, заримдаа нэгнээсээ шинэ зүйл сурна. Батболд найз маань түүхийн талаар нэлээд ярьж, “Түүхээ мэддэг байх хэрэгтэй” хэмээн захина.
2023 онд Казаньд нэг хоног саатаж, Кремлийг нь үзэж, хотын түүх соёлыг сонирхож байсан дурсамж надад тодхон үлджээ. Энэ удаа Батболд, Наранбат хоёртоо “Зун ийм байсан, өвөл ийм болдог юм” хэмээн харьцуулж ярьж, хотын төвөөр богинохон аялал хийв.
Бид өдөрт дунджаар 1000 орчим километр зам туулж байсан тул дайран өнгөрөх хот бүрдээ ихдээ хоёр, гурван цаг л саатна. Энэ хугацаанд тухайн хотын хүмүүс хамгийн их үздэг, онцлог газруудыг амжиж сонирхоод цааш хөдөлнө.
Хоол идэхээр зогсоход “Энэ газар гайгүй болов уу” гэж ярилцаад л орно. Хоолны цэсийг харахад ихэнх нэршил нь танил. Өлссөн хүмүүс өөр өөрийн сонголтоор халуун хоол, цай авч амтархан иднэ. Холын замд идсэн хоол бүр онцгой амттай санагдана.
Миний хувьд аль болох загас идэхийг хичээнэ. Харин Наранбат “Лусын амьтан идэхгүй” гээд татгалзана. Бид ч түүнийг шоолж, “Лусын амьтан идэх үү” хэмээн наргина. Наранбат бид хоёр ах дүүс. Насанд хүрч, тус тусын амьдралаа зохиосноос хойш ингэж удаан хугацаанд хамт аялсан нь ховор. Хүүхэд байхад л аав, ээжтэйгээ хөдөө явдаг байсан сан. Энэ удаагийн аялалд дүүтэйгээ хамт замд гарсан нь надад үнэхээр дотно, сайхан мэдрэмж төрүүлж байлаа.
2025 оны арванхоёрдугаар сарын 25-нд эхэлсэн бидний аялал саадгүй үргэлжилсээр 31-ний өдөр Москва хотод хүрэв. Өмнө нь “Дараа нэг зориод үзнэ дээ” хэмээн тойрч өнгөрсөн хотдоо энэ удаа найзуудтайгаа ирсэндээ сэтгэл хөдөлнө. Москва үнэхээр асар том хот юм. Улаанбаатар хоттой зүйрлэвэл хэмжээлшгүй. Элчин сайдын яамаа олох гэж нэлээд явсны эцэст 18 цагийн үед машинаа байрлуулж, Арбатын гудамжаар алхлаа. Хөнгөн хооллож, зураг дарж явсаар Улаан талбай, Кремль орчимд хүрч очив. Дайны нөхцөл байдалтай холбоотой виз, хамгаалалт чангатай, цагдаа олонтой байв. Гэсэн ч шинэ он угтах хүмүүсийн догдлол мэдрэгдэнэ. “Аав, ээжийн ярьдаг Москва хотод шинэ он гаргана гэж хэн санах вэ” хэмээн дотроо бодогдоно. Бид цагийн зөрүүг умартан, 19.00 цагт талбай дээр ирчхээд шөнө дунд дөхөж байна хэмээн андуурч догдолж явсан нь хөгжилтэй.
Талбай орчимд янз бүрийн улсын хүмүүс цугларч, дуу хуур, хөгжим эгшиглэнэ. Москва хүртэл ачаа тээвэр хийдэг монгол залуустай ч таарч, хууч хөөрөв.
Эрт очсон бид таван цаг гаруй хүлээсний эцэст он солигдох мөчийг угтлаа. Салют, гэрлийн шоу болно хэмээн төсөөлж байсан ч цамхгийн цагийн хонх цохисноос өөр ёслол болсонгүй. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой биз ээ.
Батболд бид хоёр дээлтэй явсан тул “Монгол уу?” хэмээн асууж, зураг авхуулах хүмүүс цөөнгүй. Шинэ оны мэнд дэвшүүлэн, бие биеэ тэврэн баяр хүргэх тэр мөч үнэхээр дотно санагдсан. Шинэ оноо угтаад Москва хотдоо хонох боломж байсан ч биднийг дараагийн зорилго хойд зүг, туйлын туяа хүлээж байлаа. Ийнхүү бид шинэ оноо Москва хотын төв талбайд үдээд Мурманск хотын зүг шууд хөдлөв.
Москва хот руу дөхөх тусам цаг агаар зөөлөрч байсан бол одоо бид эсрэг чиглэлд улам хүйтэн, улам харанхуй хойд зүг рүү давхиж байлаа. Аяллын маань эцсийн зорилго туйлын туяа. Гэхдээ Москвагаас цааш дахиад 2000 орчим километр зам биднийг хүлээж байв.
Зам зуур бид туйлын туяаны тухай олж мэдсэн бүхнээ ярилцана. Хэрхэн харах вэ. Яаж зураг авах вэ. Ямар тохиргоо хийх вэ. Норвегийн хойд хэсгээр хүмүүс харсан тухай мэдээлэл ч ирнэ. Одоо бидний бодол, яриа, төсөөлөл бүхэн нэг л зүйл рүү чиглэж байлаа “үзэх” тэр мөч.
Дагвадорж маршрутаа төлөвлөж, хаагуур явах, хаана саатахаа шийднэ. Гар утас бидний хамгийн том туслагч болж хувирсан. Монголд байхдаа ярьж байсан, туйлын туяа хаана, хэдэн цагт, ямар хүчтэй харагдахыг мэдээлдэг аппликейшнийг бид байнга шалгана. “Ингэж зураг авна, ISO ийм байна, хугацаа нь тийм” гээд Дагваа маань тайлбарлаж, мэдэхгүй зүйлээ ч мөн л интернэтээс хурдан олчихдог. Хоёр өдөр тасралтгүй явсны эцэст бид Мурманск хотод оройхон орж ирлээ.
Олон улсын хориг арга хэмжээтэй холбоотой юу гэмээр, буудал захиалгын аппликейшнүүд ажилласангүй. Газрын зураг ашиглан зочид буудал хайж, хоёр гурван цаг нэлээд будилсны эцэст нэгэн залуу ажилтан орчуулгын апп ашиглан бидэнд тусалж, байр олж өгсөн юм. Хэл нэвтрэхгүй ч сэтгэл нэвтэрч болдгийг тэр мөчид мэдэрсэн. Бид талархлын бяцхан бэлэг үлдээгээд буудалдаа байрлалаа.
Дэлгүүр орж хүнс базаан, хотын төв хэсгээр жаал алхаж сонирхоод буцав. Олон хоног машиндаа хонож, урт зам туулсан бидний хувьд усанд орох, хувцсаа угаах бол чухал. Гэхдээ хамгийн чухал нь хоол. “Цуйван хийе” гэсэн санал гарч, ажлууд хуваарилагдав. Наранбат угаалга хариуцна. Батболд бичлэг, зургаа эвлүүлнэ. Харин Дагвадорж бид хоёр борцтой цуйван хийж, сүүтэй цай чанахаар гал тогоонд орлоо. Холын нутагт, хойд туйлын ойролцоо монгол цуйвангийн үнэр гал тогоонд тархах тэр мөч үнэхээр сайхан байв. Орой гарахаар зэхтэл буудлын ажилтан:
— Өнөөдөр үүлтэй. Та бүхэн туйлын туяа харж чадахгүй байх. Амарсан нь дээр, — гэлээ.
Энэ хотод туйлын туяа үзэхээр олон хүн ирсэн, цаг агаар хэд хоногоор тогтохгүй байж мэднэ гэж анхааруулав. Бид хоорондоо ярилцав. 8000 километр зам туулж ирчхээд зорилгоо биелүүлж чадахгүй буцна гэдэг хэцүү. Гэвч урт замд яваа хүмүүсийн хувьд ядаргаа ч бодолцох хэрэгтэй. Ингээд нэг өдөр хүлээхээр шийдлээ.Маргааш нь өглөө эрт босож хотоор дахин явлаа. Энэ бүс нутагт өвөлдөө нар ердөө хоёр, гурван цаг л гэгээ татдаг аж. Өдрийн ихэнх цаг харанхуй. Бидний хувьд сонин ч гэлээ, эндхийн хүмүүсийн хувьд амаргүй л амьдрал байх. Хоёр дахь орой тэнгэр цэлмэв. Бидний хувьд “нар гарлаа” гэсэн үг. Эхэндээ хотын төвөөсөө л харчихна гэж бодсон ч судалж үзэхэд хотын гэрэл туйлын туяаг бүдгэрүүлдэг аж. Илүү харанхуй орчин хэрэгтэй. Ингээд бид хамгийн тод харагддаг гэдэг Тереберка тосгоныг зорилоо.
Замд камер барьсан хүмүүс цөөнгүй таарна. Бид ч хэдэнтээ зогсож, “Энэ байна уу?”, “Үгүй ээ, жаахан л юм...” хэмээн харсаар цаашилна. Тэгтэл нэгэн мөчид тэнгэрийн хаяанд ногоон туяа тодрон, аажмаар бүжиглэн хөшиг мэт татагдав. Туйлын туяа. Тэр агшинд бид дуугүй болцгоосон. Камер асааж, бичлэг хийж, зураг дарж амжсан ч бодит нүдээр харсан тэр мэдрэмжийг юу ч гүйцэхгүй. Хэрэв “дараа дахиад таарна биз” гэж хойшлуулсан бол магадгүй бид ийм тод, ийм хүчтэй туяаг дахин харж чадахгүй ч байсан байж мэднэ.
Сэтгэл амарч, зорилго биелсэн тэр мөчид бид цааш хөдөлж, “Баренцын тэнгис”-ийн эрэгт хүрлээ. “Үүнээс цааш газар үгүй” хэмээн бие биедээ хэлж, багийн гишүүд тэврэлдэн баяр хүргэв. Монголоос авто машинаар 8000 гаруй километр зам туулж, хүн бүр зориглож ирээд харж чаддаггүй туйлын туяаг нүдээрээ үзэх энэ мөрөөдөл яг энэ мөчид биеллээ олсон юм. Баренцын тэнгисийн эрэг дээрх хүйтэн салхи бидний мэддэг хүйтнээс өөр, арьс нэвт хатгах мэт. Гэвч тэр хүйтэнд ч бидний сэтгэл дулаахан байлаа. Зорилгоо биелүүлсэн хүмүүсийн яриа өөр болдог. Бид инээлдэн, сэтгэгдлээ хуваалцсаар буцах замдаа гарч, дараагийн зогсоолоороо Санкт-Петербург хотыг сонгов. Өмнө нь Эрмитаж музейг үзэх хүсэл биелээгүй тул энэ удаа заавал орно гэсэн бодол тээсэн юм. Хот бүр өөрийн түүх, өнгө төрхтэй ч хот хоорондын зам — цасанд хучигдсан ойн дундуур үргэлжлэх урт цагаан зурвас. Аяллын эхний өдрүүдэд машиндаа унтахад эвээ олохгүй байсан бол хэд хоноод л суудал дээрээ тухалж, бараг л өөрийн ор мэт дасаж эхэлсэн нь урт зам хүнийг хэрхэн өөрчилдгийн нэг илрэл биз ээ. Зарим өдөр зочид буудалд хонож, аяны тоосноосоо салж, халуун усанд орж, өөрсдийн авч явсан хүнсээр шөлтэй хоол хийж идээд амрах сайхан. “Яаж ингэж машинтай, дээрээс нь машиндаа унтаад явж чаддаг байна аа” гэж хүмүүс гайхна.

Харин бидний хувьд энэ бол аяллын нэг хэсэг. Хааяа тух алдах, зардлаа хэмнэж илүү олон газар үзэх, дуртай газартаа өөрсдийн унаагаар очих — энэ бүхэн залуу насны эрч хүч ч юм шиг, нөгөө талаар бидний аян замын хүлэг болсон авто машинтайгаа хамт туулж буй онцгой туршлага билээ.
Аян замд дааруулахгүй, эвдрэл гэмтэлгүй, саадгүй туулах машинтай байна гэдэг холын замд бол жинхэнэ тансаглал. Хүмүүс жилд дунджаар 10 мянган километр зам туулдаг бол бид 20 хоногт 20 мянган километрийг ардаа орхисон байлаа. Тиймээс хүлгээ магтаж, хайрлахгүй яах вэ. Дараагийн зогсоол Санкт-Петербург. Хотод очихоосоо өмнө үзэх газруудаа ярилцаж, төлөвлөөд эхнээс нь тойрон сонирхов. Дагвадорж нэгэн хийдийн тухай ярив. Монголын шилдэг залуус Европыг зорьж явсан түүхтэй холбоотой гэнэ. “Тэгвэл заавал очих ёстой газар байна” хэмээн зорин очиж, бичлэг хийж, дурсгалын зургаа дарууллаа. Мөн өмнө нь үзэж амжаагүй Эрмитаж музейг үзэхээр Батболд, Наранбат бид гурав дугаарлан зогсов. Гадаа жавартай.
Дотор нь орсон даруйд төрсөн анхны сэтгэгдэл бишрэл. Яагаад хүмүүс “Эрмитажийг заавал үз” гэж хэлдгийг тэр мөчид ойлгосон. Түүх, урлаг, соёлын асар их өв нэгэн дор төвлөрсөн мэт.Эхэндээ хурдхан тойрч үзье гэж бодсон ч хэсэг хугацааны дараа төөрөх шахав. Аяллын зам урт тул “Дараа илүү их цаг гарган ирье” гэж ярилцаад гарсан. Харин музейн гаднах талбайд зассан сүлд мод үнэхээр гайхалтай. Шинэ жилийн гадаах сүлд мод яг л ийм байх ёстой гэсэн шиг сүрлэг, үзэсгэлэнтэй харагдаж байлаа.Ингээд хойд хэсгийн хотуудыг ардаа үлдээн, аялал маань өмнө зүгт — Сочи хотыг чиглэлээ.Хойд нутгаас урагшлах тусам цаг агаар эрс дулаарч, машины шил цас биш шавхайгаар бүрхэгдэнэ. Шил арчигчийн шингэнийг тогтмол нэмэхгүй бол явах аргагүй болов. Москваг өнгөрөөд нэлээд явсны дараа зам дагуух цас арилж, зарим газар ногоо цухуйсныг хараад “Гадаа хэдэн хэм байна аа?” гэж гайхав. Үнэхээр дулаарчээ.
Украины хилээс 20–30 километрийн зайтай явсаар бид Хар тэнгисийн эрэгт орших Сочи хотод хүрэлцэн ирэв. Өвлийн олимп болж байсан, өмнөх нийгмийн үед чинээлэг хүмүүс амардаг байсан гэх энэ хотод бороо орж, +15 хэм дулаан байлаа. Өвлийн зузаан хувцастай бидэнд бол жинхэнэ цочир мэдрэмж.
Энэ удаа Дагвадорж орос апп ашиглан нийтийн байр олсон нь хаягийг нь оруулаад шууд очиход төвөггүй байв. Байрандаа ормогц хүн бүр өөрийн ажлаа хийж эхэлнэ. Батболд бичлэг, влогоо эвлүүлж, сошиалд байршуулах контентоо бэлтгэнэ. Бид зузаан хувцсаа хурааж, нимгэн хувцсаа гаргав.
Хүмүүс “Та нар яг хаана явна вэ. ОХУ-аас гарчихсан юм уу?” гэж асууна. Гэтэл ОХУ гэдэг улс ийнхүү нэг хэсэгтээ туйлын хүйтэн, нөгөө хэсэгтээ дулаахан байж чаддаг асар уудам нутагтай юм байна. Сочи хот далайн эрэг дагуу байрлах тул нарийн, мушгиа зам олонтой. Далайн эрэг дээр +15 хэм байхад уул өөд өгсөхөд -10 хэм болж, цанын баазууд дээр хүмүүс чарга, цанаар гулгаж буй нь сонин. Нэг хотод хоёр улирал зэрэгцэн орших мэт.
Сочид хоёр хоног амарч, дараа нь нутгийн зүг хөлгийн жолоогоо заллаа.Буцах замдаа бид Элиста, Волгоград, Саратов, Самара, Уфа, Челябинск, Омск хотоор дайрч, Новосибирск хүрэв. Тэндээсээ Горный Алтайг чиглэн давхилаа. Горный Алтай бол аялал жуулчлалын томоохон бүс. Зуны улиралд байгаль нь гайхамшигтай гэнэ. Өвөл болохоор нам гүм. Өндөр сүрлэг уулс, цасанд хучигдсан зам биднийг угтав. Жуулчны улирал биш тул амралтын газрууд хаалттай. Гэсэн ч бид ойр зуурын дэлгүүрээр орж, гэр бүл, найз нөхдөдөө бэлэг цуглууллаа.
Аялал бүрийн ард тусалж дэмждэг хүмүүс бий. Бид ч хамтран ажилласан хүмүүстээ талархлаа илэрхийлэхээр бяцхан бэлэг базаасан юм. Эцэст нь ОХУ-ын хил дээр хүрч ирэв. Шалгалт нэлээд нарийн. Ачаагаа буулгаж, машиныг иж бүрэн шалгуулна. Хил хаахаас өмнө амжиж орох гэж яарсан ч олон хоногийн аяллын дараа ачаа ч хүнд болжээ. Удалгүй Монголын хилийн шалган дээр ирэхэд сэтгэл нэг л онгойв. Хэл ойлголцоно, эх орныхоо нутагт хөл тавина гэдэг өөр мэдрэмж. 21 хоногийн дараа эх орондоо эргэн ирж буй бидний хувьд цээж дүүрэн амьсгаа авах шиг болсон. Баян-Өлгий аймагт таньдаг дүүгийндээ, Ховд аймагт Наранбат дүүгийнхээ найзынд саатан, 22 дахь хоногтоо аялал эхэлсэн Улаанбаатар хотдоо хүрч ирлээ. Аливаа аялалд хамгийн сайхан зүйл нь аян зам саадгүй, аз жаргалтай эхэлж, амжилттай дуусах. Өвөл гэдэг зөвхөн дулаан орон руу зорчих улирал биш. Хойд зүгт, хүйтэн нутгаар ч гайхамшигтай аяллын замууд бий. Бид ОХУ-ын өргөн уудам нутгаар давхиж, аялагч хүний “заавал үзэх зүйлс”-ийн нэг болох ТУЙЛЫН ТУЯАГ нүдээрээ харж, энэ аяллаа хүмүүстэй хуваалцаж байгаадаа талархаж байна. Аяллын багийн гишүүд — найз Д.Дагвадорж, найз Ч.Батболд, дүү Г.Наранбат нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Дараагийн аялалаар дахин хамт замд гарна гэдэгт итгэн, сайн сайхны ерөөл өргөе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 40 (7782)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn