Хөдөлмөр эрхлэлтийн шинэ эринд бид бэлэн үү?

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Тэгвэл хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хүрээнд салбар болон байгууллага хоорондын уялдааг хангах, бодлогын шинэчлэлийн чиглэлийн санал, зөвлөмж гаргах зорилготой “Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр–2026” үндэсний форум өчигдөр болж өндөрлөлөө.

 

“Засгийн газар залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарна”

 

Форумд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, хэлсэн үгэндээ “Технологийн хөгжил, өөрчлөлт, автоматжуулалт нь хөдөлмөр эрхлэлтэд хүчтэй нөлөө үзүүлж байна. Хиймэл оюун, дэвшилтэт технологиуд нь зарим ажлын байрыг орлохын зэрэгцээ шинэ ур чадвар шаардаж байгаа нь насан туршийн сургалт, хөгжлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байгаа юм. Улс орнууд зах зээлийн өөрчлөлттэй хөл нийлүүлэх ур чадварын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, бүх насныханд шинэ боловсрол, ур чадвар олгох замаар хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх, шилжихийг дэмжих шаардлагатай байна. Хиймэл оюун ухааны нөлөөгөөр үүсэх боломж, эрсдэлийг удирдах, боловсрол болон хөдөлмөр эрхлэлтийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд анхаарах нь зүйтэй” гэдгийг онцоллоо.

 

Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан, энэ хүрээнд Засгийн газар залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн хурдацтай өөрчлөлтөд бэлэн байж, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг нотолгоонд суурилан шинэчилж, хамтын ажиллагааг бодит үр дүнд чиглүүлэх нь чухал байгааг онцлов.

 

“Дундаж цалингийн хүйсийн зөрүү 17.4 хувьтай хэвээр байна” 

 

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцсэн хүний нөөцийг бэлтгэх, хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдааг сайжруулах, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, дундаж давхаргын эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас “Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталсан. Эдийн засгийн үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй хүргэж, орлого, амьжиргааг хамгаалан, бизнесийн таатай орчныг бүрдүүлж, бүтээмжийн төрөлжилтийг нэмэгдүүлснээр макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоно гэж үзэж байгаа юм байна.

2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 15 ба түүнээс дээш насны 2.4 сая хүн амын 1.5 сая нь ажиллах хүчний ангилалд хамаарч, 1.4 сая хүн ажил эрхэлж байна. Ажилгүйдлийн түвшин 5.6 хувь, ажиллах хүчний оролцооны түвшин 62.3 хувь байгаа ч залуучуудын ажилгүйдэл улсын дунджаас 2.7 дахин өндөр, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо эрэгтэйчүүдээс 16.4 хувиар бага, дундаж цалингийн хүйсийн зөрүү 17.4 хувьтай хэвээр байна. Мөн хөдөө аж ахуйн бус салбарт ажиллагчдын 20.8 хувь нь албан бус хөдөлмөр эрхэлдэг. 2025 оны эцэст эдийн засгийн бодит өсөлт 6.8 хувьд хүрч, 2026 оны нэгдүгээр сард экспорт түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь эдийн засгийн төрөлжилт эрчимжиж байгааг харуулж байна.

Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд 39 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1500 орчим ажлын байр бий болсон бол Цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд ноос, ноолуур, арьс ширний салбарт 8000 гаруй ажлын байр шинээр бий болгохоор тооцоолж байна. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг эрчимжүүлж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа. “Халамжаас хөдөлмөрт” бодлогыг бодитой хэрэгжүүлэх, кейс менежментийн аргачлал нэвтрүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхэд анхаарч ажиллана” гэлээ. 

Тус яам Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж байна. Хуулийн төслийн шинэчлэлийн гол чиглэл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны зорилтот бүлгийг нарийвчлан тодорхойлж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд кейс менежментийн аргачлалыг нэвтрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн тогтолцоог их өгөгдөлд суурилсан хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо болгон зориулалт, хэрэглээг өргөжүүлэхэд анхаарч байгаа аж. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, ажил олгогч, ажил хайгчийн үүрэг, оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх болон хуулийн хэрэгжилтийн хяналт, үнэлгээг бэхжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохыг зорьж байгаагаа хэллээ.

 

“Бүтээмжийг нэмэгдүүлэхэд тогтвортой бүтэц, чанартай ажиллах хүчнийг нийлүүлэх шаардлагатай” 

 

Форумд төрийн байгууллагын 50 төлөөлөгч, олон улсын байгууллагын 50 төлөөлөгч, нийгмийн түншлэлийн байгууллага болон төрийн бус байгууллагын 50 төлөөлөгч, боловсрол сургалтын байгууллагын 50 төлөөлөгч, мөн 200 ажил олгогчийн төлөөлөл оролцлоо. Оролцогчид хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүү, ур чадварын нийцэл, технологийн нөл, ирээдүйн ажлын байрны чиг хандлага зэрэг асуудлыг панел хэлэлцүүлгийн хүрээнд хөндөн ярилцаж, бодлогын болон практик шийдлийн талаар санал дэвшүүлж байна. Улсын хэмжээнд 1.3 сая иргэн хөдөлмөр эрхэлж байна гэх тооцоо бий. Үүний цаана хөдөлмөр огт эрхэлдэггүй 115 мянга орчим иргэн байна. Мөн 15-34 насны залуучууд нийт хөдөлмөрийн насны иргэдийн 40 орчим хувийг эзэлж байгаа юм.  Тэгвэл хөдөлмөрийн насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ. 25-27 насны залуучуудыг хөдөлмөр эрхлэхэд заавал НДШ төлүүлэх шаардлага байгаа эсэх талаар санал гаргаж байна. Тухайн хүн цаашдаа 20 гаруй жил хөдөлмөр эрхлэхдээ НДШ төлөөд нийгмийн баталгаагаа хангах боломжтой. Тиймээс оюутан хөдөлмөр эрхлэхэд заавал НДШ авах шаардлагатай юу зэрэг төр засгийн зүгээс эргэж харахаар саналуудыг гаргаж байлаа.

Форумын үеэр Монголын бүтээмжийн төвийн дэд захирал Ц.Батбилэг “Эдийн засагт бүтээмжийн нөлөөлөл ямар байгаа талаар судалгаа хийхэд Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж нь азийн орнуудынхаа хүрээнд дундаж түвшинд байна. Харин хөгжингүй Сингапур, Хонгконг зэрэг улсуудын хөдөлмөрийн бүтээмжээс даруй 3-5 дахин бага байдаг. Тэгэхээр хөдөлмөрийн бүтээмж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд хоёр талын харилцаа байгаа. Нэг талаас эдийн засгийн нэмүү өртгийг бий болгож, баялаг бүтээж, бүтээмжтэй ажлын байруудыг бий болгох нь юм. Нөгөө талаас ур чадвартай хөдөлмөр байх ёстой. Энэ хоёр байснаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм. Эдийн засгийн хувьд тогтвортой, бүтээмжтэй бүтцийг бий болгох, хөдөлмөрт бэлэн чанартай ажиллах хүчнийг нийлүүлэх шаардлагатай байгаа. Манай улсын хувьд хөдөлмөрийн нөөц маш бага учраас үүнийг яаж нэмэгдүүлэх нь чухал. Хөдөлмөр эрхлэлтийн хувь ердөө 60-62 хувьтай яваад байгаа учраас үүний цаана маш их хөдөлмөрийн нөөц байгааг харуулж байна. Нөгөө талаас энэ нь албан бус салбарт байгаа хөдөлмөрийн нөөцүүд юм” гэлээ.  

“Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр–2026” форум нь төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, боловсролын салбарын уялдаа холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чиглэсэн чухал арга хэмжээ гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 39 (7781)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn