П.АМГАЛАНБАЯР

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Эх түүх-Нэг Монгол” уриатай “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан билээ. Энэ үеэр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын  II  сургуулийн түүхийн багш  Б.Баасанжаргалтай ярилцлаа.

 

-Монголын түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөний ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

-Өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж бодож байна.  Уг чуулганаар түүхийн боловсролын тулгамдсан асуудлуудыг хөндөж, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох болгох чиглэлээр  саналуудыг  Боловсролын яамд хүргүүлсэн.  Жишээлбэл, Түүхийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, үр дүн, сургалтын орчин, багшлах хүний нөөц, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багш бэлтгэх, чадавхжуулах тогтолцоог сайжруулах, түүхийн шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаа, үр дүн, технологийн дэвшлийг сургалтад ашиглах, бүх нийтийн түүхийн мэдлэгийг дээшлүүлэх, талуудын оролцоо, идэвх санаачилга, оролцоог хэрхэн сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцсэн.

Цаашид  эдгээр санал  бодит  ажил хэрэг болж хичээлийн цаг, хөтөлбөр,  сурах бичиг, заах арга зүй, мөн дэвшилтэт технологийг  сургалтад нэвтрүүлэхэд түлхүү анхаарах  болов уу гэж бодож байна.

Түүнчлэн энэ удаагийн  зөвлөгөөн  түүхийн багш нарын  нийгэм дэх  үнэ цэнийг төрийн бодлогын түвшинд  онцлон харууллаа.  Үүний үр дүнд  багш нарын үнэлэмж нэмэгдэж, нийгэмд түүхийн хичээлийн ач холбогдлыг  илүү өргөн хүрээнд  ойлгуулах чухал алхам болсон.

-Та зөвлөгөөний үеэр  ямар асуудлыг онцлон дэвшүүлэв?

-Би “Сургалтын хөтөлбөр,  сурах бичиг, арга  зүй” чиглэлийн комиссын хуралд оролцсон.  Энэ хүрээнд  түүхийн шинжлэх ухааныг  илүү өргөн хүрээнд авч үзэж,  түүхчид, багш нар,  эрдэм шинжилгээний  ажилтнууд  тулгамдсан асуудлуудаа хэлэлцсэн нь ач холбогдолтой байлаа.

Жишээлбэл, сургалтын  хөтөлбөрийн шинэчлэл, сурах бичгийн агуулгыг баяжуулах, ашиглах эх сурвалжуудыг оновчтой болгох,  шинэ эх сурвалжуудыг хэрхэн тусгах  зэрэг асуудлыг хэлэлцсэн.  Эдгээр санал,  хэлэлцүүлгийн үр дүн  ойрын хугацаанд  ажил хэрэг болж,  түүхийн боловсролын чанарт бодит ахиц авчирна  гэдэгт  итгэлтэй байна.

 - Түүхийн хичээлийн агуулга  болон  цагийн хуваарийн тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Би  2011 онд  МУБИС-ийг түүхийн  багш мэргэжлээр төгсөж, төрөлх нутагтаа өнөөдрийг хүртэл 15 дахь жилдээ  ажиллаж байна. Түүхийн хичээл бол Монгол хүн байх, эх орныхоо түүхээр бахархах, хайрлаж хамгаалах  сэтгэлийг төлөвшүүлэхэд чиглэдэг.

Өвөг дээдсийнхээ  туулсан замнал, алдаа оноог ойлгуулж байж  бид өнөөдрийн бахархлаа зөвөөр үнэлж, өнгөрсөнд гаргасан алдааг  давтахгүй ирээдүйг бүтээх боломжтой. Тиймээс сургалтын үйл ажиллагаандаа өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн цаг хугацааны  уялдаа холбоог баримталж,  хүүхдүүдэд  түүхийн боловсролыг цогцоор эзэмшүүлэхийг  зорьдог.

Хичээлийн агуулгын тухайд ярихад, түүх бол заавал үнэн бодитой байх ёстой. Тиймээс хүүхдүүдэд бодит мэдлэг олгохын тулд бид баталгаатай, найдвартай эх сурвалжид  тулгуурлах шаардлагатай.  Ялангуяа эрдэм шинжилгээний  судалгаанд тулгуурласан шинжлэх ухааны эргэлтэд орсон  эх сурвалжуудыг  сурах бичигт түлхүү тусгаж байж сурагчдад үнэн зөв түүхийн ойлголт өгөх юм.  Ингэснээр хүүхдүүд өнгөрсөн түүхээ гуйвуулахгүйгээр  зөвөөр ойлгож, бодит үнэлэлт, дүгнэлт хийх суурьтай болно гэж  боддог.  Харин  хичээлийн цагийн хувьд бол  одоогоор  ЕБС-ийн түвшинд VI ангид долоо хоногт нэг цаг, VII-IX ангид хоёр цаг, X-XI ангид нэг цагаар үзэж судалдаг.

 Хоёр цаг ордог ангиудад хичээлийн агуулгаа харьцангуй бүрэн багтаах боломжтой байдаг. Харин нэг цагтай, ялангуяа  VI ангид түүхийн хичээлийг гүнзгий ойлгуулж,  агуулгыг бүрэн хүргэхэд  тодорхой хэмжээнд хүндрэл гардаг.  Тиймээс түүхийн хичээлийн  цагийн хуваарилалтыг илүү оновчтой  болгох шаардлагатай гэж боддог.

 -Завхан аймаг бол үүх түүхийн өлгий нутаг. Нутгийнхаа түүх, соёлын онцлогийг сургалтдаа хэрхэн ашигладаг вэ?

 -Манай Завхан аймаг бол түүх, археологийн дурсгал арвинтай. Тиймээс олон түүхэн дурсгал  эрдэм шинжилгээний эргэлтэд орж,  судлагдаж байна.  Бид орон нутгийнхаа энэ онцлогийг сургалтдаа идэвхтэй  ашиглахыг зорьдог. Жишээлбэл,  сум, орон нутгийнхаа музей, орон нутаг судлах тэнхимүүдтэй хамтран  хичээл заах нь  сурагчдад ч маань илүү  сонирхолтой байдаг.

Мөн Тосонцэнгэл сумын орчимд  буган  чулуун хөшөө, хиргисүүр зэрэг үнэт дурсгалууд бий. Тиймээс энэ түүхэн газруудад очиж,  газар дээр нь  хичээлээ заахад  хүүхдүүд илүү идэвхтэй оролцож,  түүхийг бодитоор мэдэрдэг. Энэ нь онолын мэдлэгийг бататгах хамгийн үр дүнтэй  арга гэж боддог.

-Түүхийн багшаар ажиллахын хамгийн бахархалтай зүйл юу вэ?

 -Хүүхдүүдэд өөрсдийнх нь гэр бүл, сум орон нутаг,  цаашлаад  Монгол Улсынхаа баялаг түүхийг ойлгуулж, эх оронч үзлийг төлөвшүүлж байгаадаа бахархдаг. Түүхийн багш гэдэг мэдлэг түгээгээд зогсохгүй, ирээдүйн иргэдийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг хариуцлагатай мэргэжил. Тиймээс  энэ мэргэжлээрээ үргэлж бахархдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 73 (7815)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn