Ц.БАЯР

Монгол Улсад “Эко-сургууль-цэцэрлэг” хөтөлбөрийг Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн гишүүн байгууллага болох “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” НҮТББ нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Боловсролын яам болон холбогдох байгууллагуудын бодлогын дэмжлэгтэйгээр 15 дахь жилдээ албан ёсны эрхтэйгээр амжилттай хэрэгжүүлсэн юм. Энэ хүрээнд Олон улсын  “Эко сургууль-цэцэрлэг”  хөтөлбөрийн  үндэсний X чуулган болж өнгөрлөө.

Манай улсад  “Эко сургууль-цэцэрлэг” хөтөлбөрийн хамрагдалт 30 гаруй хувьтай байна. Тиймээс энэхүү жишиг хөтөлбөрт хамрагдалтыг 100 хувь болгоход төр болон олон улсын байгууллагын дэмжлэг хэрэгтэй аж.

Монгол Улсын хэмжээнд энэхүү хөтөлбөрт 380 ерөнхий боловсролын сургууль, 278 цэцэрлэг, 13 техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллага хамрагдаад байна. Үүнээс 2025 онд  сургууль, цэцэрлэг олон улсын болон үндэсний түвшний шагнал, өргөмжлөлийн болзлыг хангаад байна. Тухайлбал, Хүрэл гэрэгэ- цэцэрлэгээр долоо, ерөнхий боловсролын сургууль дөрөв, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нэг байгууллага шалгарав. Харин Мөнгөн гэрэгэ- цэцэрлэг дөрөв, ерөнхий боловсролын сургууль нэг, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нэг, Ногоон туг- цэцэрлэг 10, ерөнхий боловсролын сургууль дөрөв, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нэг тус тус шалгарсан байна. Энэ үеэр Олон улсын “Эко-сургууль/цэцэрлэг” хөтөлбөрт хамрагдаж буй оролцогчид өөрсдийн хэрэгжүүлж буй сайн туршлагаа хуваалцсан юм.

Орхон аймгийн IV цэцэрлэгийн эрхлэгч Ж.Минж: Намрын улиралд 1000 гаруй мод үрслүүлж өвлийн хүлэмждээ цэцэг тарьдаг  

-Манай цэцэрлэгийн хувьд энэхүү хөтөлбөрт хамрагдахаас өмнө 12 бүлэгтэй, 450 хүүхэдтэй байсан бол хөтөлбөрт хамрагдсаны дараа өнөөдрийн байдлаар 18 бүлэгтэй, 605 хүүхэдтэй болж өргөжсөн.

Байгаль орчноо хамгаалах, байгальд ээлтэй байх зорилт нь өнөөдөр боловсролын бүх байгууллагад чухал байр суурь эзэлж, суралцагч хүүхдүүд, багш, ажилтнуудын нэгдүгээр зорилго болж байна.

Бид энэ чиглэлээр суралцагчид болон эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хамрах хүрээгээ өргөжүүлэхийг зорин ажиллаж ирсэн.

Сургууль, цэцэрлэгүүдийн хэрэгжүүлдэг цэцэг тарих, мод ургуулах ажлыг манай байгууллага илүү далайцтайгаар хэрэгжүүлдэг. Тухайлбал, намрын улиралд 1000 гаруй мод үрслүүлж, мод тарьсны дараа өвлийн хүлэмжид цэцэг тарих  ажлыг давхар зохион байгуулдаг.

Мөн хог хаягдлын менежментийг тогтмол, үр дүнтэй хэрэгжүүлж байна. Хог хаягдлыг ангилан ялгах үйл ажиллагаанд эцэг эхчүүдийг оролцуулж, хүүхдүүдэд багаас нь дадал хэвшил болгохын тулд орчныг зөв бүрдүүлэхэд анхаардаг. Тиймээс гарын доорх материал, дахин ашиглах боломжтой бүтээгдэхүүн, хаягдал бор цаас, уут зэргийг ашиглан анги бүрд ангилан ялгах хогийн савнуудыг бэлтгэн байрлуулдаг. Ингэснээр хүүхдүүд хоолны болон бусад хог хаягдлыг өөрсдөө ангилан ялгаж, хэнээр ч хэлүүлэхгүйгээр зөв дадлыг хэвшүүлж чаддаг болсон. Бидний хувьд хүүхдийг хоёр наснаас нь эхлэн байгальд ээлтэй дадал хэвшил, амьтан ургамлыг хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэх нь хамгийн чухал гэж үзэж байна.

Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн захирал С.Санчир: Манай коллеж нь 1200 гаруй суралцагч, 132 ажилтан, албан хаагчтай сургалтын байгууллага юм

-“Эко сургууль, цэцэрлэг” хөтөлбөрт хамрагдсанаар энэ жил “Ногоон туг”-ийн болзол хангасандаа бид маш их баяртай байна. Байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр олон талт үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн аймгийн төрийн байгууллагууд болон боловсролын байгууллагуудаас анхлан тогтвортой хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлангаа олон нийтэд танилцуулсан. Нэгдүгээрт, байгаль орчноо хамгаалах чиглэлээр бодлогын түвшинд илүү эрчимтэй ажиллаж, хэрэглээгээ хэмнэх, үр ашигтай зарцуулах тал дээр онцгойлон анхаарсан. Хоёрдугаарт, эх дэлхийгээ болон байгаль орчноо хамгаалах үйл ажиллагаанд хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлсэн. Мөн засаглалын хувьд ил тод, нээлттэй байдлыг ханган ажиллаж байна. Бид аливаа үйл ажиллагаагаа тогтвортой хөгжлийн манлайллын хүрээнд зохион байгуулж, зөвхөн сургалтын байгууллага төдийгүй аж ахуйн нэгж, байгууллагуудыг тогтвортой хөгжилд манлайлан оролцох боломжийг бүрдүүлсэн нь хөтөлбөрийн нэг чухал үр дүн юм. Сургалтын хөтөлбөрөөрөө дамжуулан суралцагчдад дадал, хэвшил олгох, практик чадвар эзэмшүүлэх үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж байна. Түүнчлэн манай коллежийн сургалтын хөтөлбөрүүдэд тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, ногоон сургуулийн зарчим,  өсвөр үеийн энтрепренершипийн боловсрол олгох агуулгуудыг тусгасан. Энэ нь багш, суралцагчдын үйл ажиллагааг илүү ойлгомжтой, системтэй болгож, сургалтын хөтөлбөрөөр дамжуулан чадавхжуулахын зэрэгцээ тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан бусад салбаруудтай уялдан хөгжих боломжийг нээж өгч буйгаараа онцлог юм.

Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний XIV цэцэрлэгийн эрхлэгч, Боловсрол судлалын ухааны доктор Х.Нарантуяа: “Эко-сургууль-цэцэрлэг”-ийн  гурав  дахь “Ногоон туг”-аа гардан авлаа

-Манай сургууль 2021 оноос Олон улсын“Эко-сургууль-цэцэрлэг” хөтөлбөрт хамрагдаж, үндэсний X  чуулганд гурав  дахиа  “Ногоон туг”-аа гардан авлаа. Чуулганы хүрээнд бид эко сургалтын хэрэглэгдэхүүн болон байгалийн гаралтай, гарын доорх материалыг ашиглан хийсэн сургалтын хэрэглэгдэхүүний үзэсгэлэн дэлгэн оролцож байна. Нийтдээ 3477 ширхэг сургалтын хэрэглэгдэхүүн хийж, хүүхэд тоглонгоо суралцах орчныг бүрдүүлэн ажилласан. Өнгөрсөн хичээлийн жилд “Эрүүл амьдралын хэв маяг” сэдвийн хүрээнд “Эко код” боловсруулж, сургалт, үйл ажиллагаагаа зохион байгуулсан. Үүний үр дүнд багш, ажилтнууд төдийгүй хүүхдүүд ус тогтмол ууж хэвших, насны онцлогт тохирсон дасгал хөдөлгөөн хийх зэрэг олон эерэг дадлыг хэвшүүлсэн байна. Мөн сургалтын дотоод болон гадаад орчинд ногоон орчныг бүрдүүлж ажилладаг бөгөөд манай цэцэрлэгийн хүүхэд бүр цэцэг тарьж, арчилж ургуулах дадал эзэмшиж сургуульд дэвшин суралцдаг. Ногоон орчныг бүрдүүлэх ажилд эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа чухал дэмжлэг болдог.

Манай цэцэрлэг аймгийн хэмжээнд Олон улсын “Эко-сургууль/цэцэрлэг” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын туршлагаа танилцуулсан. 4 багш “Эко сургууль, цэцэрлэг” хөтөлбөрийг СӨБ-ын үндэсний сургалтын хөтөлбөртэй хэрхэн уялдуулж, хүүхдэд ямар дадал, чадвар олгож байгаа болон багш, ажилтнуудад ямар хандлага төлөвшиж буйг харуулсан үзүүлэх ажлыг зохион байгуулж  85–92.8 хувийн үнэлгээтэйгээр дүгнэгдсэн амжилт гаргасан. Бид хүүхдүүдэд тоглонгоо суралцах орчныг бүрдүүлэх зорилгоор сургалтын хэрэглэгдэхүүнийг өөрсдөө бэлтгэн сургалт, үйл ажиллагаандаа тогтмол ашиглаж байна. Ингэснээр хүүхдийн танин мэдэхүйн болон нийгэм-сэтгэл хөдлөлийн хөгжилд эерэг нөлөө үзүүлж байна.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын IV цэцэрлэгийн жижүүр Б.Гантулга: Хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүд өөрсдөө үрсэлгээгээ хийж, тарилтаа гүйцэтгэдэг болсон.

Манай цэцэрлэг төмс болон нарийн ногоо тариалах хүлэмжтэй, мөн чацаргана, үхрийн нүд зэрэг жимс, жимсгэнийн модтой. Бид хүүхдүүддээ ногоо тарих, арчлах, услах аргачлалыг зааж өгдөг бөгөөд намрын улиралд хамтдаа ургацаа хураан авч, эко цэцэрлэгийн ач холбогдол болон ногоо тарихын ашиг тусыг тайлбарлан ойлгуулдаг. Мөн манай цэцэрлэг дотоод орчноо эко байдлаар тохижуулан, хүүхдүүдтэй ажиллах таатай орчныг бүрдүүлсэн. Хүүхдүүд ногоо хураах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, багш нараасаа асууж тодруулан, сурсан зүйлээ найз нөхдөдөө хуваалцаж, анги хамт олондоо үлгэр дуурайлал болдог. Түүнчлэн үрсэлгээ хийх аргыг зааж өгсний дараа хүүхдүүд өөрсдөө үрсэлгээгээ хийж, тарилтаа гүйцэтгэдэг болсон.

Эх сурвалж: zms.mn