Р.Оюун
Манай улсад 1.466 сая гаруй ажиллах хүчин байгаа. Ажилгүйдлийн түвшин 5,6 хувьтай байна. Ажилгүйдлийн түвшинг бууруулж, иргэдийн орлогыг бодитоор дэмжих шаардлагатай. Хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи нь хүнийг орлож, ажилтнаас шинэ ур чадварыг шаардан, насан туршийн сургалт хөгжлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байгааг харгалзан үзэж, бодлого зорилтдоо тусган ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар “Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр” үндэсний форумд оролцох үеэрээ хэллээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхээр боллоо. Үүнд хүүхэд асран хүмүүжүүлэх хөдөлмөрийн үнэлэмж бий болгох, ажлын байранд цалин хөлс эрэгтэйчүүдийнхээс бага байгаа зэрэг эмэгтэйчүүдэд учирч буй асуудлуудыг шийдвэрлэнэ. Мөн мэргэжлийн зөрүүтэй ажиллах хүчин 53 хувьд хүрч, эрэлт нийлүүлэлтийн харьцаа алсарсаар байгааг бодлогын тохируулга хийж засаж, залуучуудыг байнгын ажлын байртай байх боломжийг бүрдүүлэх. Ахмадуудыг зохистой ажлын байраар хангаж, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгжүүлэх юм байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир "Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд 2026 оныг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарлалаа. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хүрээнд салбар болон байгууллага хоорондын уялдааг хангах, бодлогын шинэчлэлийн санал, зөвлөмж гаргах зорилготой "Хөдөлмөр эрхлэлтийн шинэ эринд бид бэлэн үү" арга хэмжээг зохион байгуулж байна.
Манай улсын хөдөлмөрийн зах зээл ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт бус байдал ялангуяа, ажил мэргэжил, ур чадварын зөрүүт байдал, ажиллах хүчний хомсдол бий болсон. Хөдөлмөрийн нөөцийн дутуу ашиглалтыг бууруулах, зохистой бүтээмжтэй ажлын байр нэмэгдүүлэх олон сорилттой нүүр тулж, оновчтой, үр дүнтэй бодлогын гарц шийдлүүд хүлээгдэж байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар манай улсад 15 ба түүнээс дээш насны 2.4 сая хүн байгаагийн 1.5 сая нь ажиллах хүч, 886.5 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Нийт ажиллагсдын тоо 1.4 сая байгаа хөдөлмөрийн дутуу ашиглалт буюу хөдөлмөрийн хангагдаагүй хэрэгцээ 115.3 мянган хүнтэй тэнцэж байна.
Ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 5.6 хувь. Ажиллах хүчний оролцооны түвшин 62.3 хувьтай байгаа ч хөдөө орон нутаг, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, уламжлалт салбаруудад хөдөлмөр эрхлэлт тоон болон чанарын талаас тулгамдсан шинжтэй байна. Тухайлбал, залуучуудын ажилгүйдэл улсын дунджаас 2.7 дахин өндөр, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо эрэгтэйчүүдээс 16.4 хувиар бага, дундаж цалингийн хүйсээрх зөрүү 55.7, хөдөө аж ахуйн бус салбарт ажиллагсдын 20.8 хувь нь албан бус хөдөлмөр эрхлэгч байна" гэлээ.
Эх сурвалж www.zms.mn