Т.МИЧИДМАА
“Жүдо бөхийн дэвжээнд анх хөл тавихдаа тэр зургаан настай жаахан охин байжээ” гэж ярих түүнийг Б.Бумхишиг гэнэ. Тэрээр Жюү-жицү бөхийн 2017 оны Азийн аварга, Монгол Улсын таван удаагийн аварга, жүдо бөхийн “Өсвөрийн шилдэг бөх”, “Шанд Дов ХХК”-ий тамирчин билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа 15 настай тамирчин охин Б.Бумхишигийг онцолж байна.
-Жүдо бөхийн дэвжээнд анх хэзээ хөл тавьж байв. Энэ спортыг сонгон хичээллэхэд юу таныг хамгийн их татсан бэ?
-Би хоёр ахтай. Анх зургаан настайдаа ах нарыгаа дагаад жүдо бөхөөр хичээлллэж эхэлсэн. Тэр үед ах нараасаа болон хамт хичээллэж байгаа хүүхдүүдээс урам зориг авч тамирчин болох эхлэл маань тавигдсан гэж болно. Ах нарынхаа хэрхэн барилдаж, тэмцээнд яаж оролцож байгааг нь хараад “Би ч бас барилдаад тэмцээнд орох юм сан” гэж бодсон маань одоо ч тодхон санагддаг. Тэр үеэс хойш Сэлэнгэ аймгийн Баянгол суманд Н.Батболд багшийн удирдлага дор таван жилийн турш тасралтгүй хичээллэн дараа нь “Чандмань оргил” клубт Э.Доржпүрэв багшаар заалгаж байсан. Одоо “Winner” клубийн Г.Отгонцэцэг багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байна.
-Одоо хэддүгээр ангид сурдаг вэ. Хичээл сургууль болон бэлтгэл сургуулилтаа хэрхэн зохицуулж байна.
-Одоо дунд сургуулийн төгсөх ангийн сурагч. Өдөр тутмынхаа бэлтгэл, амьдралын хэв маягийг тодорхой төлөвлөгөөний дагуу цагийн хуваарьтай байлгахыг хичээдэг. Төлөвлөгөөтэй байх нь надад илүү хариуцлагатай, тууштай байх боломж олгодог учир шантрах үе харьцангуй цөөн байдаг. Ингэж ирээдүйн зорилгоо тодорхой болгосон. Мөн өөртөө итгэлтэй байж замаасаа хазайхгүй байх нь хамгийн чухал гэж боддог. Ялагдсан ч шантрахгүй, алдаа бүрээсээ суралцаж, дараагийн удаа илүү сайн байхыг зорьдог.
-Анхны тэмцээнд хэдэн настайдаа орж байв, дэвжээнд гараад ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Би зургаан настайдаа анх жюү жицүгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алтан медаль хүртэж байсан. Шагналын тавцанд зогсож, гартаа медалиа атгасан тэр мөч миний хувьд мартагдашгүй дурсамж болсон. Үнэхээр их догдолж, өөрөөрөө бахархсан анхны мөч минь тэр байсан юм. Энэ ялалт надад “Би чадна” гэсэн итгэлийг өгч, цаашдаа спортоор тууштай хичээллэх урам зориг болсон.
-Энэ хугацаанд олон амжилт гаргасан болов уу. Хамгийн сүүлд орсон тэмцээнээсээ хуваалцвал?
-Өсвөрийн жүдо, самбо, чөлөөт бөх, курашын Монгол Улсын аварга бөгөөд эдгээр төрлүүдээс “Шилдэг эмэгтэй тамирчин” цолыг хүртэж байсан. Мөн жюү-жицү бөхийн Монгол Улсын өсвөрийн аваргад таван удаа түрүүлж 2017 онд Азийн аваргад түрүүлж байсан.
Сүүлд “Алдар спорт хороо”-ны түүхт 80 жилийн ойд зориулсан “Алдарын цом” тэмцээнд ахлах насны ангилалд оролцож алтан медаль хүртсэн. Ахлах насанд орсны дараах эхний тэмцээн байсан болохоор бага зэрэг сандарсан ч өөртөө итгэж, тайван барилдахыг хичээсэн. Эцэст нь түрүүлж, алтан медаль авсандаа их баярласан.
-Дэвжээнд гарахын өмнөх сэтгэл зүй ямар байдаг вэ. Өөрийн тань барилдааны тактик гэж бий юу?
-Дэвжээнд гарахынхаа өмнө гүнзгий амьсгаа авч, “Бумхишиг ээ, чи чадна. Зоригтой бай, өөртөө итгэ” гэж шивнэдэг. Ялсан ч, ялагдсан ч хамаагүй, чаддаг бүхнээ гаргаж, харамсахгүй барилдана гэж боддог. Барилдахын өмнө багш нартайгаа сайн ярилцаж, зөвлөгөөг нь анхааралтай сонсож, бие халаалтаа хийдэг. Дэвжээн дээр олон хүний дуу чимээнээс багшийнхаа үгийг ялган сонсож, зааврын дагуу барилддаг. Барилдааны явцад ямар ч сорилт гарсан, багшийнхаа сургааль, хийсэн бэлтгэлээ дотроо санаж, өөрийгөө улам зоригжуулан тэмцдэг. Эцэст нь ялж ялагдсан ч өөрийн хийж чадах бүхнээ гаргахыг хичээдэг.
-Гэр бүлийнхэн нь юу гэж захидаг вэ?
-Хоёр ах маань миний хамгийн сайн дэмжигч. Гэр бүлийнхэн маань надад өөртөө итгэлтэй байж алдаанаасаа суралцаж гаргасан амжилтандаа бардаж биеэ тоож болохгүй шүү гэж үргэлж захидаг. Тэд миний амжилтанд баярлаж, урам өгдөг учраас би өөрийгөө буруутгаж, шантрахгүй байж сурсан. Гэр бүлийнхний маань хэлсэн үг бэлтгэл сургуулилалтаа тууштай хийж их амжилт гаргах шалтгаан минь болдог.
-Ирээдүйн зорилго нь юу вэ. Бидэнтэй хуваалцаж болох уу?
-Би спортын сэтгэлзүйч болохыг хүсдэг. Спортоор хичээллэхэд тамирчны сэтгэл зүй ямар чухал болохыг өөрийнхөө алдаа, оноон дээрээсээ мэдэрч байна. Тиймээс ирээдүйн тив, дэлхийн аварга болж улс орныхоо нэрийг өндөрт өргөх олон тамирчдад энэ мэргэжил тусална гэж боддог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 37 (7779)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn