Куб улсаас манай улсад суугаа Элчин сайд Эмилио Рэвида Пупо өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж улс орондоо өрнөж байгаа үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө “Зууны мэдээ” сонинд дэлгэрэнгүй ярилцлага өгч байгаад талархал илэрхийлье. Хоёулаа яриагаа танай улсын өнөөгийн нөхцөл байдлын талаар эхэлье. Та хэвлэлийн бага хурлын үеэр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө гэж байсан?
-Энэ оны нэгдүгээр сарын 3-нд Венесуэльд болсон үйл явдлаас хойш Латин Америкийн орнуудад хэд хэдэн чухал үйл явдал болсон. Венесуэльд болсон үйл явдал олон улсын хэм хэмжээг ноцтой зөрчсөн төдийгүй дэлхийн бүх хүн төрөлхтөн тэр дундаа Куб болон Латин Америкийн орнуудад маш хор уршигтай байгааг бид хэлэхийг хүсч байна.
АНУ-ын энэ түрэмгий бодлого бүхэл бүтэн нэг улс үндэстний ерөнхийлөгчийг эхнэртэй нь баривчилсан бус барьцаалсан гэдгийг бид ойлгох ёстой. Дэлхийн том хэвлэлүүд Венесуэлийн ерөнхийлөгчийг баривчиллаа гэж мэдээлсэн. Гэтэл үнэндээ энэ бол цагдаагийн баривчилгаа биш, АНУ-ын тусгай албаны явуулсан олон улсын хэм хэмжээг зөрчсөн барьцаалах үйл ажиллагаа байсан. АНУ үзэл бодлоо дэлхий дахин болон нэн ялангуяа хөрш орнууддаа тулгасан, эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байгаа нь харамсалтай. Энэ бодлого дэлхийн хүн төрөлхтөнд заналхийлж байна.
АНУ-ын ерөнхийлөгч сүүлийн үед Куб улс бол оршин тогтнох чадваргүй болсон мэтээр зарлаж байгаа нь үнэнд нийцэхгүй. Бүхэл бүтэн нэг үндэстнийг арчаагүй гэж яаж зарлаж болох вэ. Манай улс орны соёл, шинжлэх ухаан, ололт амжилтыг яаж үгүйсгэж болох вэ. Та бүхний мэдэж байгаачлан манай Куб улс нэгэн жарны турш эдийн засгийн хоригт байгаа. Энэ хориг зөвхөн эдийн засгийн төдийгүй хэвлэл мэдээллийг ч боомилсон хориг байсныг дурдах нь зүйтэй. Бид хэчнээн эдийн засгийн хоригт байгаа ч дэлхийн 100 гаруй оронд багш, зөвлөх, эрдэмтэн гээд мэргэжлийн боловсон хүчнүүдээ илгээж ажиллуулдаг. Ийм хүнд нөхцөлд бид шинжлэх ухаан, технологи, эрүүл мэндийн салбараа хөгжүүлээд зогсохгүй ковидын үед гэхэд таван төрлийн вакциныг санал болгож байсан. Бидний энэ хоригийг өөр бусад улс орон бол тэвчиж дааж чадахгүй байж магадгүй. Гэхдээ бид 60 жилийн турш энэ хоригийн дунд хөгжих гэж хичээж байна.
-Саяхан АНУ-ын зүгээс мэдэгдсэн газрын тосны хоригийн талаар юу хэлэх вэ. Энэ хоригоос хойш нөхцөл байдал яг ямархуу байна вэ?
-Өмнө нь энэ талаар ярихаас зайлсхийдэг, нуудаг байсан бол сүүлийн үед нуухаа больсон. АНУ-ын ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга нар ил тодоор Кубын Засгийн газрыг унагаах талаар ярьдаг болсон. Хамгийн сүүл гэхэд Кубын газрын тосны бүтээгдэхүүнийг хилээр гаргахад хориглосон хатуу хориг тавьсан. Энэ хориг манай ард түмэнд маш хүнд тусч байна. Ялангуяа цахилгаан, гэрэл дэд бүтцийн салбарт асар хэцүү байдал бий болсон. Зөвхөн дэд бүтэц үйлдвэр аж ахуйгаар зогсохгүй иргэдийн амьдралд маш их нөлөөлж байна. Газрын тосгүйгээр машин , эмнэлгүүд ажиллах боломжгүй болж байна. Онгоц нисэхгүй байгаагаас аялал жуулчлал үндсэндээ зогсч байна. Бид олон жил ийм байдлыг даван туулж байгаа ч цаг өнгөрөх тусам хэцүү болж байна. Бараа бүтээгдэхүүн хомсдож эхэлж байна. АНУ-ын зүгээс манайд тавьдаг хоригууд үнэнд нийцэхгүй, бодит бус худал хуурмаг байдаг.
Дөнгөж саяхан Кубд ямар ч хориг тавиагүй гэж байсан улсын ерөнхийлөгч одоо бол эзлэн түрэмгийлэх, тэр байтугай бөмбөгдсөн ч болохоор мэт мэдээлэл хийж байгаа нь хууль бус, гэмт хэргийн шинжтэй.
Куб бол энх тайванч улс. Бид хайр, ёс суртахууныг дээдэлдэг ард түмэн. Бид бусад улс орнуудтай хамгийн эв найртай байдаг. Бид АНУ-ын Үндэсний аюулгүй байдалд заналхийлдэг улс биш. Америкийн эсрэг ямар ч хорлон сүйтгэх ажиллагаанд бид оролцож байгаагүй. Өөрсдийн газар нутгаа бусдад хэзээ ч ашиглуулж байгаагүй. Харин ч манай улс АНУ-ын явуулж байгаа бодлоготой уялдаж үргэлж эвийг барих бодлого баримталсаар ирсэн. Бид бүх тивийн улс оронтой энх тайвныг баримталж ирсэн. Энэ бодлогоо АНУ-тай ч хийсээр ярилцсаар ирсэн. Тэр яриа хэлэлцээ бүрт харилцан хүндлэлийг л бид эрмэлзсээр ирсэн.
-Монголын ард түмэн юуг ойлгоосой гэж та хүсч байна?
-Бид өнөөдрийг хүртэл бий болгосон ололт амжилт, улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолоо алдахыг хүсэхгүй байна. Сүүлийн хоёр жилд олон улсын байгууллагаас болон бусад олон газраас бидэнд маш их дэмжлэг илгээсээр байгаад ихэд талархалтай байгаагаа онцлон тэмдэглэмээр байна. Үүний нэг тод жишээ нь, Монгол Улс, Монголын ард түмэн бидний төлөө байнга саналаа өгсөөр, биднийг дэмжсээр ирсэн. 33 жилийн турш Кубын эсрэг хоригийн санал хураалт болсон. Энэ санал асуулгад Кубын ард түмэн Монгол Улсын дэмжлэгийг хүлээн авдаг. НҮБ-ын олон улсын хуралдаан дээр Кубын эсрэг хоригийг зогсоохын төлөө саналаа өгнө гэдэг баатарлаг үйл юм. Кубын ард түмэн олон улсын хэм хэмжээг дагах, улс үндэстний тусгаар байдлыг баталгаажуулах, бусдын хилд халдахгүй байх зэрэг хэм хэмжээг үргэлж хүндэтгэж дагаж мөрдөх болно. Хэчнээн хүнд байгаа ч манай Кубын ард түмэн Засгийн газраа үргэлж дэмжиж байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна. Бид нинжин сэтгэлтэй, зөөлөн боловч тэвчээртэй баатарлаг ард түмэн юм шүү.
-Олон улсын байгууллагын зүгээс хоригийг цуцлуулах асуудлаар багагүй оролдлого хийж байгаа ч төдийлөн амжилт олоогүй байна?
-Куб улс олон улсын байгууллага, үйлдвэрчний эвлэл, хувь хүмүүс болон энхийг эрхэмлэгчид маш олон сайн дурын болон төрийн бус байгууллагуудаас маш их дэмжлэг авч байна. Жишээ нь, Африкийн холбоо Кубыг дэмжих нэг жилийн тусгай бодлого гаргасан. 33 жилийн турш НҮБ Кубын хоригийг цуцлахын төлөө ажиллаж байгаа нь маш том дэмжлэгийн илрэл. Куб ганцаараа биш. Сүүлийн үед биднийг гэх дэмжлэг улам идэвхижсэн. Тийм учраас ялалт бидний талд байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Кубын ялалт бол хүн төрөлхтний дэвшилт, ард түмний ялалт юм.
-Монгол, Куб хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохионо. Та манай улсад томилогдон ирээд эхний жилдээ ажиллаж байна. Харилцааны хувьд ямар салбарт илүү анхаарч хамтран ажиллах боломжтой гэж та харж байна вэ?
-Манай хоёр орны найрсаг харилцаа 60 гаруй жил үргэлжилж байна. Миний элчин сайдаар ажиллаж байгаа гол зорилго энэ харилцааг улам нягтруулж, илүү олон салбарт хамтран ажиллах үүд хаалгыг нээх гэж ойлгож болно. Олон талаас нь судлаад хайгуул хийвэл шинэ олдворууд их олдох байх гэж итгэж байна. Тэр утгаараа улс төр, эдийн засаг, худалдаа боловсрол, эрүүл мэнд гээд бүх талаар хамтран ажиллах асар их боломж байна. 2023 онд У.Хүрэлсүх ерөнхийлөгч манай улсад айлчилсан. Айлчлалын үр дүнд Кубад өмнө нь гурван оюутан суралцаж байсан бол энэ тоо тав болж нэмэгдсэн. Энэ жил зургаан оюутан сургахаар болсон. Тэдний тав нь эрүүл мэндийн чиглэлээр, нэг нь тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй харилцах багшийн мэргэшлээр суралцана. Энэ мэтээр айлчлалаар яригдсан төсөл, хэлэлцээрүүдийг ажил хэрэг болгох чухал ажлууд хүлээж байна. Нийтийн эрүүл мэнд, био технологи, эм эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахад Куб олон жилийн туршлагатай. Мөн хоёр орны хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэх, Кубээс жуулчид ирдэг, Монголчууд Куб руу аялдаг болоосой гэж хүсч байна. Бид олон жилийн найрамдалт хамтын ажиллагаагаараа, түүхээрээ ахан дүүс болсон ард түмэн.
-Та Монголд томилогдож ирээд анхны Цагаан сараа тэмдэглэсэн гэсэн. Монголын уламжлалт баярын талаар сэтгэгдлээ хуваалцаач?
-Монголд ирснээсээ хойш анх удаа Цагаан сарыг тэмдэглэлээ. Улс орон болгон өөр өөрсдийн онцлогтой, сайхан баяр наадамтай байдаг. Танай ард түмний бие биеэ гэсэн сайхан сэтгэл, амар амгаланг илэрхийлсэн сайхан баяр юм. Ялангуяа гэр бүлүүд эргэн уулзаж, ахмад настнаа хүндэтгэсэн ийм сайхан баярыг тэмдэглэсэндээ баяртай байна. Гал морин жил гэдэг бас их өөдрөг сайхан жил гарч байгаа гэдгийг надад тайлбарлаж өгсөн. Ийм сайхан өв соёл, үнэт зүйлийг нь хараад Монголчуудаар их бахархсан шүү. Би Сар шинээр хоёр найзынхаа урилгаар гэрт нь очиж золгосон. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн зохион байгуулсан дипломат төлөөлөгч, элчин сайд нарыг урьсан төрийн сайхан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцсон. Тэнд бидэнд монгол соёл, ёс заншлыг бас сурталчилсан. Энэ Цагаан сарын хамгийн нандин дурсамж гэвэл, миний нэрийг монгол бичгээр бичээд дурсгал болгон бэлэглэсэн нь их онцгой сайхан байлаа. Миний хувьд насаараа нандигнах сайхан бэлэг болсон. Ирэх жилийн Цагаан сараар илүү бэлтгэлтэй байж заавал дээлтэй золгоно гэж бодож байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 35 (7777)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn