Норвег улс 18 алт, 12 мөнгө, 11 хүрэл медалийн амжилтаар хүснэгтийг тэргүүллээ

Йоханнес Клэбо

Эртний түүхт Итали улсын хойд хэсгээр үргэлжлэх Альпийн нурууны цаст оргилд өрнөх гал гарсан ширүүхэн өрсөлдөөн энэ оны хоёрдугаар сард өрнөж, 25 дахь өвлийн олимп уржигдар өндөр үүдээ хаалаа. Эв нэгдлийн бэлгэ тэмдэг энэхүү наадам 16 өдөр үргэлжилж, 90 орчим орны 2900 гаруй шилдэг тамирчид оролцсон бөгөөд норвегичууд өвлийн спортын хаан гэдгээ дахин баталлаа. Тодруулбал, 18 алт, 12 мөнгө, 11 хүрэл нийт 41 медаль хүртсэн амжилтаар хүснэгтийг тэргүүлсэн бол АНУ 33, Нидерланд 20, Итали 30, Герман 26 медалийн үзүүлэлтээр удаалсан юм.

Норвеги хүүхдүүд эхээс мэндлэхдээ л хөлдөө цанатай байдаг гэлтэй. Тэдний  ноёрхлын гол бэлгэдэл нь гүйлтийн цанын домогт тамирчин Йоханнес Клэбо юм. Тэрээр энэ удаагийн олимпоос зургаан төрөлд алтан медаль хүртэж, нийт 11 алт, нэг мөнгө, нэг хүрэл медалийг гурван олимп дамнуулан энгэртээ зүүжээ. Клэбогийн энэ үнэмлэхүй ялалт Норвегийн спортын соёл, системийн давуу талыг дахин баталж байна.

Германчууд биатлон, чарганы спорт, багийн төрлүүдэд тогтвортой амжилт үзүүлж, төгс гүйцэтгэлээрээ ялгарсан бол АНУ экстрим болон уран гулгалтын төрлүүдэд илүүрхэж байв. Ялангуяа эмэгтэйчүүдийн уран гулгалтад Америкийн тамирчин Alysa Liu алтан медаль хүртсэн нь 2002 оноос хойших АНУ-ын анхны эмэгтэй аварга болж, олимпын түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.

Орос тамирчингүй өвлийн олимп давсгүй хоол шиг гэж спорт сонирхогчид өгүүлэх нь бий. Улс төрийн шалтгаанаар Олон улсын олимпын хорооны туг дор төвийг сахисан байр суурьтай Оросын 13 тамирчин оролцсоноос Никита Филиппов уулын цанын төрөлд мөнгөн медаль хүртжээ. Ийнхүү 1960 оноос үргэлжилсэн уран гулгалтын медалийн буухиа энэ удаа тасарсан юм.

 

“Авьяас хэнд харьяалагдах вэ”

Alysa Liu

2026 оны олимпын хамгийн их хэлэлцэгдсэн сэдэв Хятад гаралтай америк тамирчдын амжилт байлаа. Уран гулгалтын талбарт АНУ-ын төлөө өрсөлдсөн Alysa Liu алтан медаль хүртэж, 24 жилийн дараа Америкийн эмэгтэйчүүдийн анхны аварга болов. Түүний ялалт бол цагаачдын үр хүүхэд Америкийн мөрөөдлийг биелүүлж буй бэлгэдэл гэж АНУ-ын хэвлэлүүд бичсэн юм.

Нөгөө талд, АНУ-д төрж өссөн ч БНХАУ-ын багийг сонгосон фристайл цанын од Eileen Gu дахин медаль хүртэж, олимпын нийт медалийн тоогоороо дээд амжилт тогтоолоо. Түүний сонголт, амжилт дэлхий нийтийг талцуулж, “авьяас хэнд харьяалагдах вэ” гэсэн асуултыг дахин сөхөв. АНУ-д зарим нь түүнийг эх орноосоо нүүр буруулсан гэж шүүмжилсэн бол Хятадад үндэсний бахархал хэмээн өргөмжилж байна. Спорт глобалчлагдсан ч далбаа, төрийн дуулал эгшиглэх мөчид улс төрийн өнгө тодордог гэдгийг энэ түүх тод харуулах ажээ. Энэ талцал зөвхөн АНУ, БНХАУ-ын хүрээнд биш. Канад, Австрали, Европын орнуудад ч давхар иргэншилтэй тамирчдын асуудал хэлэлцүүлэг дагуулж, спорт глобалчлагдсан эрин үед үндэсний хил хязгаар хэрхэн тодорхойлогдох вэ гэсэн гүнзгий асуултыг хөндлөө.

Eileen Gu

 

Монгол Улс уулын цанын төрлөөр анх удаа олимпод өрсөлдлөө

Монголчуудын тухайд улсаас гүйлтийн цанын хоёр тамирчнаас гадна уулын цанын төрлөөр анх удаа өрсөлдөх эрх авсан билээ. Манай тамирид медалийн тавцанд гараагүй ч хувийн дээд амжилтуудаа шинэчилж, залуу бүрэлдэхүүнтэй багийнхаа ирээдүйн суурийг тавьсан юм. Монголын тамирчдын онцлог нь өндөрлөгийн бэлтгэлд дассан тэсвэр, цаг уурын хатуу нөхцөлд дасан зохицох чадвар байсан юм. Тухайлбал, уулын цанын слалом буюу туг сүлжих төрөлд 20 настай А.Ариунбат өрсөлдсөн бөгөөд 70 орны 96 тамирчин өрсөлдөхөөр эрхээ авсан тус тэмцээн нь далайн түвшнээс дээш 1,432 метрийн өндрөөс тамирчид 691 метр зам туулах даалгавартай байв. Хоёр удаагийн үзүүлбэрийн нийлбэр дүнгээр байр эзэлдэг тус төрөлд А.Ариунбат эхний даалгавраа 1:16.86 минутад дуусгаснаар 43, хоёр дахь үзүүлбэрээр 1:13.16 минутад гүйцэтгэж 37-д орсноор нийлбэр дүнгээр 2:30.02 минутын амжилтаар 38 дугаар байр эзэллээ. Энэ төрөлд Швейцарын Лоик Мэйяр 1:53.61 минутад 72 тугаа амжилттай тойрсноор алтан медаль хүртэв. 29 настай Лоик энэ удаагийн олимпоос алт, мөнгө, хүрэл медаль хүртээд буй юм.

Мөн гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн цуваа гараатай чөлөөт гүйлтийн төрөлд ОУХМ Э.Ариунтунгалаг өрсөлдөж, 111 тамирчнаас 83 дугаар байрт жагсжээ. 10 км-ийн чөлөөт гүйлтийн төрөл нь завсарлагатай гарааны (interval start) системээр явагддаг. Иймд барианд хамгийн түрүүнд орсон тамирчин бус, хамгийн богино хугацаанд зайгаа туулсан тамирчин ялагчаар тодордог онцлогтой. Энэ төрөлд Шведийн Фреда Карлссон 22:49.2 минутын амжилтаар алтан медаль хүртсэн бол нутаг нэгт Эбба Андерссон мөнгө, АНУ-ын Жесси Диггенс хүрэл медаль хүртжээ. Тус төрлийн эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Б.Ачбадрах 38 улсын 75 тамирчинтай өрсөлдөж 55 дугаар байраар байрандаа орсон юм.

 

Хамтын оролцоог чухалчилсан Милан–Кортинагийн олимп

Милан–Кортинагийн олимп “Dreaming Together” буюу “Хамтдаа мөрөөдье” гэсэн уриатайгаар цар тахал, дайн, геополитикийн хурцадмал байдлаар хуваагдсан дэлхийд эв нэгдлийн мессеж илгээх гэсэн зорилго тээснээрээ онцгой байв. Өмнөх олимпууд ихэвчлэн спортын бахархал, ялалтын философид төвлөрч байсан бол 2026 оны наадам илүү нийгмийн утга агуулгатай, “хамтын оролцоо”-г чухалчилсан нь анзаарагдсан юм.  

Зохион байгуулагчид шинээр аварга байгууламж барихын оронд өмнөх олимп, дэлхийн аваргын объектуудыг сэргээн ашигласан нь тогтвортой хөгжлийн бодит жишээ болов. Альпийн бүсийн байгаль орчны эмзэг байдлыг харгалзан нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, нийтийн тээврийг нэгдсэн системд оруулах, сэргээгдэх эрчим хүч ашиглах бодлого баримталсан нь ирээдүйн олимпуудын загвар гэж шинжээчид үнэлж байна. Энэ утгаараа Милан–Кортина бол “ногоон олимп”-ын бодит туршилт байлаа.

Миланд болсон нээлтийн ёслол Итали улсын соёлын баялаг өвийг орчин үеийн дижитал технологитой хослуулж, сэргэн мандалтын үеийн урлаг, дуурь, загварын ертөнцийн нөлөө, орчин үеийн гэрэл лазерын шоуг орхигдуулсангүй. Олимпын бамбарын буухиа Ромын түүхэн дурсгалт газруудаас эхлэн Альпийн оргилд хүрч, эцэст нь Миланы төв цэнгэлдэхэд ассан нь Итали улсын түүхэн залгамж чанарыг илэрхийлсэн бэлгэдэл болов.

Харин 2000 жилийн түүхтэй Верона хотын амфитеатрт  олимпын хаалт болох цэнгэлдэх гэдгээрээ дахин алдаршлаа. Энэ хот нь өөрөө Английн зохиолч Уильям Шекспирийн алдарт бүтээл болох Ромео болон Жульеттагийн хайрыг өгүүлдэг хот гэдгээрээ алдартай. Дурлалт хосын хайрын түүх энэ л хотод өрнөдөг. Гэхдээ энэ удаа соёл, урлаг, хөгжим, спорт, өнгө будаг хосолсон юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 34 (7776)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn