Т.Мичидмаа

Олон улсын уулчдын холбооноос зохион байгуулдаг мөсөнд авиралтын дэлхийн цомын 2025-2026 оны улирлын гурав дахь цуврал тэмцээн АНУ-ын Колорадо мужийн Лонгмонт хотод боллоо. Монголын тамирчид тус тэмцээнд мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.

Уг тэмцээнд Монгол Улсаас ОУХМ Ч.Мандахбаяр, Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Н.Сэлэнгэ нар оролцсон юм. Эрэгтэйчүүдийн хурдны төрөлд “Сутайн бор” клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Ч.Мандахбаяр мөнгө, Н.Хэрлэн хүрэл медаль хүртсэн бол спортын мастер О.Сайханжаргал XIII байрт оржээ. Ч.Мандахбаяр хурдны төрлийн урьдчилсан шатанд 14 метрийн өндөртэй ханыг 5.47 секундэд туулж, Лонгмонтын тэмцээний дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Эмэгтэйчүүдийн хурдны төрөлд ОУХМ Н.Сэлэнгэ IV байрт жагссан бол, Ч.Сэлэнгэ, Н.Сэлэнгэ нар техникийн төрөлд мөн өрсөлдсөн байна. Тэд өмнө нь зөвхөн хурдны төрөлд авхаалж, хурд, хүчээ сорьдог байсан бол энэ улирлаас техникт тогтмол оролцохоор бэлтгэлээ эхлүүлсэн байна.

Манай тамирчид 2025-2026 оны улирлын эхний гурван тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Дараагийн сорилт нь Канадад болох дэлхийн цомын сүүлчийн цуврал тэмцээн байх аж.