Ц.МЯГМАРБАЯР

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдаа хүргэдэг билээ. Энэ удаад Монголын бурхан шашны ”Соёмбо” сүмийн тэргүүн Б.Ариунбуянтай ярилцлаа.

 

Хүн бүрийн сэтгэлд гэрэл асаах жижигхэн үйлс нийлж, нийгмийн том гэрэл болдог

 


БЛИЦ:

-1993 онд ламын замналыг сонгон, уламжлалт багш-шавийн ёсоор шашин номын боловсрол эзэмшиж, багш Пүрэвсүрэн лам, соёлын гавьяат зүтгэлтэн Бурханч лам Г.Пүрэвбат нарын удирдлага дор номын ёс, зан үйл, уламжлалт шашин соёлын мэдлэгийг хичээнгүйлэн суралцсан. Албан ёсны сургалтын байгууллагад суралцаагүй боловч уламжлалт дамжлага, бие даасан судалгаа, практик үйл ажиллагаагаар дамжин шашин соёлын өргөн мэдлэг, туршлага хуримтлуулсан.

-2015 онд Монголын Бурхан Шашны “Соёмбо” Сүм нь үүсгэн байгуулсан

-Монголын уламжлалт шашин, зан үйл, соёлын өвийг хадгалан хамгаалах, нийгэмд зөв ухамсар, энэрэн нигүүлсэхүйн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд Монголын Бурхан Шашны Соёмбо Сүм-ийг байгуулж, шашин соёлын зан үйл, номын хурал, уламжлалт мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээх, нийгмийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

-Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хохирогчдын дурсгалыг мөнхжүүлэх, түүхийн үнэн сургамжийг хойч үед өвлүүлэх зорилгоор “Хамбын овоо дурсгалын хүрээлэн” төслийг санаачлан хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.


- Нийгмийн аливаа хөгжлийн үндэс нь материаллаг баялаг бус, харин хүний оюун санааны боловсрол, ёс суртахууны төлөвшил байдаг. Өнөөдөр бид технологийн асар хурдтай хөгжил дунд амьдарч байгаа ч сэтгэлзүйн хямрал, ёс суртахууны доройтол, түүхэн дурсамжаа мартах аюул зэрэг сорилтуудтай нүүр тулгарч байна. Ийм цаг үед шашин соёлын байгууллагуудын үүрэг улам өргөжиж, нийгмийн сэтгэлзүйн дархлааг хамгаалах, эв нэгдлийг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах шаардлага улам нэмэгдэж байна. Энэ үзэл санаанд тулгуурлан бид Монголын бурхан шашны Соёмбо сүмийн үйл ажиллагааг зөвхөн сүм хийдийн хүрээнд бус, нийгмийн соён гэгээрүүлэх, түүх соёлын өвийг хамгаалах, буяны үйлсийг түгээх чиглэлд өргөжүүлэн ажиллаж байна. Манай хамт олон зан үйл, номын хурал, зөвлөгөө мэдээллийн үйл ажиллагаагаар дамжуулан иргэдэд уламжлалт мэдлэгийг орчин цагийн ойлголттой уялдуулан хүргэхийг зорьдог.

Эдгээр ажлын дундаас хамгийн чухал зорилгуудын нэг бол улс төрийн хэлмэгдүүлэлтийн хүнд цаг үеийн дурсамжийг хадгалан хамгаалах, хойч үедээ түүхийн үнэн сургамжийг үлдээх явдал юм. Энэ хүрээнд бид төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Хамбын овоо дурсгалын хүрээлэн байгуулах төслийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Энэхүү хүрээлэн нь зөвхөн дурсгалын байгууламж бус, харин уучлал, эв нэгдэл, хүний эрхийн боловсролын төв болон хөгжих учиртай. Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэхийн зэрэгцээ ирээдүйд ийм эмгэнэлт түүх дахин давтагдахгүй байх ухамсрыг нийгэмд төлөвшүүлэх нь бидний эрхэм зорилго юм. Өнөөдрийн Монгол Улс хөгжлийн шинэ шатанд орж байгаа энэ үед үндэстнийхээ оюун санааны дархлааг хамгаалах, түүх соёлын үнэт зүйлсээ хадгалан хамгаалах, залуу үедээ зөв ухамсар, эх оронч сэтгэлгээ суулгах нь бид бүхний хамтын үүрэг билээ. Ирээдүйд бид улам өргөн хамтын ажиллагааг бий болгож, соёл, шашин, хүмүүнлэгийн чиглэлээр үндэсний болон олон улсын түвшинд нийгмийн сайн сайхны төлөөх санаачилгуудыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Хүн бүрийн сэтгэлд гэрэл асаах жижигхэн үйлс нийлж, нийгмийн том гэрэл болдог. Тиймээс энэрэн нигүүлсэхүй, шударга ёс, эв нэгдлийн үнэт зүйлсийг хамтдаа бүтээх нь бидний хамтын замнал байх болно.

Нийгмийн сэтгэлзүйн дархлаа гэдэг ойлголтыг бодит жишээгээр харьцуулж судлахыг зорьдог. Тухайлбал,  БНСУ-д байхдаа Gwangju 5·18 Memorial Park-ийн үйл ажиллагаатай танилцсан. Тэд түүхэн эмгэнэлт үйл явдлыг зөвхөн дурсах биш, иргэний боловсрол, хүний эрхийн сургалт, судалгааны төв болгон хөгжүүлсэн нь анхаарал татсан. Өнгөрснөө нуух биш, сургамж болгон институцчилсэн туршлага байна. Япон улсад ижил төстэй дурсгал, архив, судалгааны байгууллагуудтай танилцаж, түүхэн сорилтыг соёлын боловсролын хөтөлбөртэй уялдуулсан тогтолцоог судалсан. Вьетнамд дайны үеийн хүний эрхийн асуудлыг баримтжуулах, олон нийтэд таниулах судалгааны төвүүдтэй уулзсан. Дайны дараах нийгмийн сэтгэлзүйн нөхөн сэргээлтийг төр, иргэний нийгэм, соёлын байгууллагууд хамтран хэрэгжүүлдэг нь онцлог санагдсан. Мөн Турк улсад түүх соёлын дурсгалт газруудыг боловсролын аялал жуулчлал, судалгааны чиглэлтэй хослуулсан туршлагатай танилцсан. Цаашид Герман улсад ХХ зууны улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дагавар, нийгмийн эвлэрэл, дурсгалын бодлогыг хэрхэн хэрэгжүүлж буйг газар дээр нь судлах зорилготой байна. Герман улс өнгөрсөн түүхээ шинжлэх ухаанч, ил тод байдлаар судалж, боловсролын тогтолцоондоо шингээсэн жишээтэй.

 

Аливаа зүйлийн мөн чанарыг таньж мэддэг сэтгэлийн боловсролд суралцаасай

-Бид бүхэн оюун санааны шинэчлэл хийх цаг хугацааны өмнө ирсэн байна. Лам гэхээр шашны л үйл хэрэг юм шиг, улс төр гэхээр улс төрчийн үйл хэрэг шиг ойлгож болохгүй. Бүхий л талын мэдлэг оюуныг ул суурьтай судлан үр дагаврыг нь танин мэдэж сэтгэл, үйлээ зөв шүтэн  барилдлага үүсгэж хийсэн үйл зөв л байна.Тиймээс аливаа зүйлийг даган дуурайх, бусдыг аялдан дагах хандлагаар биш жинхэнэ мөн чанарыг нь судалж үнэнээсээ зөв хийвэл хэн ч гэгээрэлд хүрэх боломжтой гэдэг. Бурхан багш ч сургаал номдоо ч айлдсан байдаг. Орчин цагт хиймэл оюун ухаан, бусад нийгмийн болон шинжлэх ухааны салбар асар хурдтай хөгжиж байна. Тиймээс залуучууд, хойч үедээ Монголын түүх, шашны ард буй соёл уламжлалыг орчин цагийн технологиудаар бүтээлчээр ашиглаж таньж мэдээсэй гэж хүсэж байна. Монголчууд 1937 оны их хэлмэгдүүлэлт, социализмын үед Манж төрийн бодлогоор өөрсдийн соёл, зан заншлаас тодорхой бодлогоор тасарч, тасалдаж явж ирсэн хэдий ч өнөөдрийн  зэрэгтэй байгаа нь чамлахааргүй зүйл. Тиймээс одоо энэ байгаа зүйлээ улам хайрлаж, аливаа зүйлийг мөн чанараар нь таньж мэддэг сэтгэлийн боловсролд суралцаасай. Хүн төрөлхтний төрмөл, заяагдмал зүйлийн хамгийн чухал нь эрх чөлөө юм.

Монголчуудын хувь тавилан гэвэл  нийгэм, улс төрийн янз бүрийн цагийг даван туулсан ард түмэн. Түүнийхээ төлөөсийг ч төлж яваа байх. Гэхдээ энэ түүхийн ээдрээтэй цаг үеийг туулахдаа бид үндэсний соёл уламжлалаа гээгээгүй ирсэн гайхалтай ард түмэн. Хэрэв түүхийн ээдрээтэй энэ их  цаг үед Монголчуудаас өөр үндэстэн байсан бол яах байсан бол гэсэн айдастай хамт төрсөн сэтгэгдэл. Гэхдээ Монголын хувь заяанд бид төгсгөлгүй итгэдэг. Ийм ховор нандин хүний төрлийг олоод Монгол хэмээх энэ газар нутагт төрсөн хэн ч байсан амьдарлаа маш ухаалаг туулж өнгөрүүлэх хэрэгтэй. Хүний төрлийг олно гэдэг арвай будааг зүүний үзүүрт тогтохтой адилтгаж үздэг.

Цаг хугацаа бол нүд ирмэхийн зуурт хувьсан өөрчлөгдөж дараагийн цаг хугацаанд шилждэг. Тэгэхээр энэ цаг хугацааг ухамсартайгаар өнгөрүүлэхийг зорих хэрэгтэй. Тухайлбал би өөрийгөө лам болж, зан үйл хийж,ном хурах нь  амьдрах арга хэрэгсэл нь юм шиг гэдгээр харах биш Монголын мартагдсан соёл уламжлалыг сэргээхэд яаж оролцож болох вэ гэдэгт төвлөрч ажиллахыг хүсдэг. Энэ нь хүн болж төрсний хамгийн үнэт зүйл. Магадгүй Хамбын овооны чулууг нь хүртэл  тухайн үеийн бууны дууны гэрч гэж болно. Энэ үйл хэргийн төлөө хүн болж төрснийхөө утга учрыг зориулж байгаа нь магадгүй миний хүн болж төрсний нэг талаараа үүрэг ч гэж болох байх.

Бусад хүмүүсийг ч ялгаагүй өөр, өөрийн хувь тавиландаа итгэдэг, байгаа зүйлдээ талархдаг байгаасай гэж хүсдэг. Бид энэ дэлхий дээр зочин шиг ирээд буцдаг шиг амьдралд чин сэтгэлээсээ эерэг сэтгэлээр хандаж  амьдардаг байгаасай гэж хүсдэг. Хүн сэтгэлийн боловсрол, итгэл үнэмшил,сүсэг бишрэлийн орон зайтай байх нь чухал. Нийгмийн хөгжлийг “сэтгэлзүйн дархлаа”-тай холбон тайлбарладаг. Үүнийг шинжлэх ухааны талаас хэрхэн ойлгож болох гэвэл  орчин үеийн сэтгэл судлал, нийгмийн шинжлэх ухаанд “social resilience” буюу нийгмийн тэсвэржилт, дархлаа гэдэг ойлголт бий. Энэ нь аливаа нийгэм хямрал, стресс, сорилтыг хэрхэн даван туулж байгаагаар хэмжигддэг. Судалгаагаар нийгмийн итгэлцэл өндөр, үнэт зүйлс нь тогтвортой, соёлын суурь нь бат бөх орнуудад хямралын дараах сэргэлт илүү хурдан байдаг нь тогтоогдсон. Тиймээс шашин, соёлын байгууллагууд зөвхөн зан үйлийн хүрээнд бус, ёс зүй, ухамсар, хариуцлагын боловсрол олгох замаар нийгмийн дархлаанд хувь нэмэр оруулдаг.

 

Цагаан сар, Үндэсний их баяр наадмыг баруун зүүн, алганд эрхэмлэн хайрлаж явах нандин зүйл

-Сар шинийн баярыг Монголын эзэнт гүрэн, 13 зууны соёл уламжлалаас эхтэй, өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. Олон арван жилийг ардаа үлдээсэн гайхамшигтай баяр. Түүхэн цаг үеийн нийгмийн шилжилтүүдийн үеийг туулсан. Тэр үед цагаан сарыг нэг хэсэг малчдын баяр гэж тэмдэглэж байсан. Өнөө цаг үед ардчиллын баян бүрд болсон цаг үед бид энэ баяраа өргөн олноороо тэмдэглэж буй азтай хүмүүс.Цагаан сараар өв соёлоо дээдлэх, үүх, түүх, удам, судраа таньж мэдэх, соёл өв уламжлалаараа бахархах, сэргээх зэрэг хамгийн нандин баярын нэг. Тиймээс Цагаан сар, Үндэсний их баяр наадмыг Монгол хүн бүхэн гарынхаа баруун зүүн, алганд эрхэмлэн хайрлаж явах нандин чухал баярууд. Монголчууд төрийнхөө сүлдэнд морио дээдэлсэн цор ганц үндэстэн. Морь бол Монголын эзэнт гүрнийг бүтээхэд хамгийн том үүрэг гүйцэтгэсэн. Морьгүйгээр монголчууд хаа хүрэх байсныг мэдэхгүй. Нүүдэлчдийн өв соёлын ажил амьдралын түүхийн цаг хугацаанд морь салшгүй нэг хэсэг нь байсан бөгөөд соёл болж хөгжсөн. Морь жил гарч байна. Магадгүй их сэргэлтийн жил байхыг ч үгүйсгэхгүй.  Монголын улс төрийн том өөрчлөлт болон шашин, соёлын сэргэлт түүхэн цаг хугацаанд морь жилд гарч байсныг бүгд мэднэ. Улсаа зөв мэдэрч удирдах юм бол сайн сайхан өөрчлөлт болно. Буруу мэдэрч удирдвал их эрсдэл гарах ч магадлалтай жил. Тиймээс хүн бүр дор бүрнээ оноосон хувь тавиландаа эзэн байх ажил үйлсдээ хариуцлагатай, эв нэгдэлтэй байхыг хичээх хэрэгтэй. Ялангуяа гал морин жилд амьдрал хувь тавилангаа эхлүүлэх, удам судраа бэхжүүлэх үйл хэрэгт төвлөрөх нь нэн чухал.

 

Монголын уламжлалт ангаах ухааныг төрийн түвшинд хөгжүүлэх зарлиг гарсан нь том дэвшил

 

-Буддын шашин, Монгол Улсын түүх, өв соёлын салшгүй нэг хэсэг юм. Сүүлийн үеийн археологичид түүх соёлын судлаач, эрдэмтдийн үзэж байгаагаар Монгол дахь бурхан шашны хөгжил цаг хугацааны явцад улам  тэлж, урагшилж байна. Шашин соёлын оргил нь  Автай сайн хааны үе, Далай  лам нарын үеэс гээд их эртнээс үүсэлтэй.  Монголд шашин дөрөв дэх үедээ дэлгэрч байна. Энэ хугацаанд нийт 14 Богдыг залсан. Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар Чингис хааны  алтан ургийн язгууртан бөгөөд  шашин, соёлын лам хүн байсан. Өндөр гэгээн Занабазар  Монголын соёл, өв уламжлалыг бие даасан болгох шашин соёлыг сонгодог утгаар нь бүтээсэн нь соёлын эх ай сав буюу далай юм. Түүний мөн чанар нь Завын гэгээн, Номун гэгээн, Ноён хутагт түүнчлэн Завханы их хутагт, хувилгаад нь  Монголын шашин, соёлын ноён нуруу болж өнөөг хүртэл явж ирсэн. Нүүдэлчдийн өв,соёлыг, Монголын бурхан шашны соёлоос салгаж үзэх боломжгүй болтол хөгжсөн. Өнөө цаг үед ч  Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын уламжлалт ангаах ухааныг  төрийн түвшинд хөгжүүлэх бодлого, зарлиг гаргалаа. Энэ бүгдийг түүчээлэн авч явсан хүн бол Завханы Нацагдорж лам. Монголчууд Завханы хутагт , хувилгаадад талархах ёстой. Түүнчлэн Монголын бүхий л нутагт сод мөрийн гайхалтай хүмүүс төрж  тухайн цаг үеэ түүчээлэн авч явсан залгамж халаатай ард түмэн бол Монголчууд. Асар олон түүхийн замналыг миний Монголын ард түмэн туулсан. Устаж үгүй болох хэмжээнд хүртэл уруудан доройтож, дэвшин, дээшилж  байсан олон түүхийн замналтай.

 

Бид өөрсдийн бие даасан соёл уламжлалгүй бол бусдын соёлд уусна

 

-Нийгэм  даяаршихын  зэрэгцээ Монгол зан заншил, өв уламжлал орхигдож, гээгдэж эхэлж буйд эмзэглэм. Бид өөрсдийн бие даасан соёл уламжлалгүй бол бусдын соёлд л уусна. Биднийг ялгаруулж буй зүйл бол үндэсний өв, соёл, зан заншил. Ялангуяа энэ шашны соёл.Нүүдэлчдийн соёлыг, шашны зан заншлаас салангид авч үзнэ гэвэл бэрхшээлтэй. Гадаад, дотоодын нөлөө бодлогын хүрээнд бид тодорхой бодлого хэрэгжүүлж үндэсний соёл уламжлалыг устгаж байсан түүх, хар мөр бидэнд байсан. Гэвч үүнийг дахин давтах хэрэггүй. Ер нь үргэлжийн тэмцэлтэй байвал айлын тулга нь галтай ч гэсэн зэврүүн байдаг гэсэн үгтэй. Бид дор бүрнээ эв нэгдэлтэй бие биеэсээ гэсэн сэтгэлтэй байснаараа даяршиж байгаа дэлхий ертөнцөд Монгол, монголоороо үлдэнэ. Ард түмэн бид түүх, өв соёлоо эрхэмлэн дээдлэх гол ариун мөн чанар нь бол нүүдэлчдийн өв соёл. Үүнийгээ улам баяжуулж, хомстуулахгүй, арвижуулж зөв зүй тогтлоор нь  үнэн мөнөөр нь таниулж хөгжүүлж хойч үедээ өвлүүлэн авч явах нь  даяаршиж байгаа хүн төрөлхтөнд соёлоороо ялгарч, эрч чөлөөт тусгаар тогтнолын ариун өмнө чанарыг хадгалж явах гол зүрх нь юм. Ер нь нэг их сургаал ном гэхээсээ илүүтэй өөрийнхөө төрсөн эх орон, нутаг ус, өв соёл, эцэг, эхээ үнэн голоосоо чин сэтгэлээсээ хайрлаж, энэрч сурах юм бол бусдыг хайрлах тухай  итгэл, сүсэг бишрэлийн тухай ойлголт аяндаа төрж эхэлнэ. Түүнээс биш энэ бүгдийг нөгөө талд тавьчхаад энд сайхан зүйл байгаа  гэж хайвал юу ч олдохгүй. Лам нарыг янз бүрээр ярьдаг ч үеийн үед улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ хайр наргүй зольсон хүмүүс лам нар л байсан юм шүү. Манай төв  шашин, соёл, ёс зүйн үнэт зүйлсийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус сүм нь уламжлалт бурхан шашны сургаалыг орчин үеийн нийгмийн хэрэгцээтэй уялдуулан тайлбарлах, сэтгэлийн боловсрол олгох, ёс суртахууны зөв төлөвшлийг дэмжих чиглэлээр ажилладаг.

Шашны зан үйл, ном хурлаас гадна соён гэгээрүүлэх, өв соёлыг хадгалах, залуу үед хүндлэл, хариуцлага, энэрэнгүй үзлийг төлөвшүүлэхэд анхаарч ирсэн. “Соёмбо” хэмээх нэр нь тусгаар тогтнол, эв нэгдэл, оюун санааны эрх чөлөөг бэлгэддэг бөгөөд сүмийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь үнэн, ил тод байдлыг эрхэмлэх, энэрэнгүй, хүмүүнлэг сэтгэлийг түгээх явдал. Үндэсний соёл, уламжлалыг хамгаалах, нийгмийн сэтгэлзүйн дархлааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой. Түүнчлэн тус сүм нь шашны байгууллага байхаас гадна соёлын үнэт зүйл, нийгмийн эв нэгдлийг дэмжих зорилготой иргэний оролцооны талбар байхыг зорин ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 33 (7775)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn