П.ЛХАГВАЖАРГАЛ

 

“Монголын урчуудын эвлэл”-ийн Арт галерейд энэ сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн “Мөнх тэнгэр” үзэсгэлэнд Ардын зураач Н.Цүлтэмийн охин Ц.Нармандахын урланг 2005 онд монгол зургийн мэргэжлээр дүүргэсэн О.Ангарагсүрэн, Ч.Баасанжав, Б.Баатарзориг, Б.Батцоож, Г.Жааханхүү, Б.Номин, Т.Нурмаажав, Э.Ууганцэцэг гэх найман уран бүтээлчийн 40 гаруй уран бүтээл дэлгэгджээ. Нийт уран бүтээлийн 90 гаруй хувь нь монгол зургийн чиглэлийн бүтээл бол үлдсэн хэсэг нь монгол зураг-төмөрлөг эдлэл, монгол зураг-калиграф, мөн зөөлөн баримлын төрөл, холимог техникийн аргаар хийсэн хиймэл ноосон эдлэлийн бүтээлүүд байв. Эдгээр уран бүтээлчдийн төлөөлөл О.Ангарагсүрэнийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэсгэлэнгийн танхим”-аас буландаа онцолж байна.

 

-2004 онд ангиараа хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж байсан бол өнөөдөр дахин нэгдлээ. Олон зүйл өөрчлөгдсөн байгаа болов уу?

-Энэхүү үзэсгэлэн гарах санаа жил гаруйн өмнөөс яригдаж ийнхүү биеллээ оллоо. Багш минь их сайхан хүлээж авсан. Шавь нар нь уран бүтээлээ хийгээд өөрсдийн сонгосон зам мөрөөр амьдарч байгаа нь багшид минь сайхан байдаг болов уу.

Оюутан цагт ангиараа үзэсгэлэн гаргана гэдэг ховор байлаа. Уран бүтээлч болж төгсөхөөс өмнөх тэр үед хүмүүс ч их сайхан хүлээж авсан. Түүнээс хойш 20-оод жил уран билээ хийгээд явж байна. Харж байгаа өнцөг, бодол, илэрхийлэх өгүүлэмж илүү далайцтай болсон байна. Мөн мэдрэмжээ хөглөж уран бүтээл туурвидаг уран бүтээлч энд байна.

Т.Нурмаажав "Дулаахан намар"

-Уран бүтээлч хүнд бүтээл бүр нь үнэ цэнтэй. Онцолж нэгийг хуваалцаач. Мөн нөхдийнхөө тухай?

-Энд миний хоёр бүтээл бий. Нэг бүтээлийг нь би оюутан байхдаа хийж байлаа. Ер нь оюутан байхдаа хийсэн бүтээлээ үзэсгэлэнд тавьдаг хүн ховор байх. Тухайн үед галав юүлж байгаа ертөнцийн төгсгөл надад харагдсан юм. Энэ мэдрэмжээ л буулгасан. Харин сүүлийн арваад жил соёлын өвийг судлах чиглэлд  ажиллаж байна.

Энэ жил Итали улсад Венецийн олон улсын дүрслэх урлагийн 61 дэх биенналь болно. Дүрслэх урлагийнхны хувьд олимп шиг нэр хүнтэй арга хэмжээ. Энд манай ангийн Б.Номин оролцохоор шалгарсан. Энэ бол бахархууштай явдал юм. Хоёр жилийн өмнөх биенналийн үеэр бид Монгол зургийн нийгэмлэгээрээ Н.Цүлтэмийн ойд зориулж монгол зургийн үзэсгэлэн гаргаж байлаа. Үүнд энэ үзэсгэлэнгийн уран бүтээлчид болох Ч.Баасанжав, Б.Баатарзориг нар оролцсон.

Б.Номин. "Хувь тавилангийн хайрцаг"

Мөн АНУ-ын Индианагийн их сургуульд Ц.Уранчимэг багш маань хичээл зааж, тэндээс монгол зургийг судлах оюутнууд төрж байна. Тодруулбал, нэг оюутан Ч.Баасанжав, Б.Баатарзориг нарын бүтээлээр урлаг судлалын магистрын ажил хамгаалсан бол докторын ажлаа Б.Номин, Г.Жааханхүү хоёрын бүтээлийг сонгосон байна. Өөрөөр хэлбэл, бүтээл нь судалгаанд орж, хүн нь судлагдахуун болж байгаа найзуудаараа бахархаж байна.  Аливаа улс өөрийн гэсэн урлаг, соёлтой байдаг жишгээр монголчууд нэн эртний хадны сүг зургаас эхлээд дундад зуун хүртэл өөрсдийн дүрслэх урлагтай байсан. Энэхүү уламжлалт зургийг монгол зураг гэж нэрлэе гэх яриа 1900-аад оны дунд үеэс гарсан. Ингэж улсынх нь онцлогоор нэрлэх үзэгдэл Азийн орнуудад байдаг.

-Авьяасаа тордож мэргэжлийн уран бүтээлч болох сонголтыг хэрхэн хийж байв?

-Аав маань сийлбэрч, дархан хүн байсан. Цаасан шуумал, эсгий, арьс, торгон зураг  гээд олон төрлөөр бүтээл хийдэг байлаа. Ингэхээр миний хүүхэд нас хувь уран бүтээлчийн урланд байгаа мэт өнгөрсөн. Орчин нь ийм болохоор өөр мэргэжил эзэмших бодол төрж байсангүй. Ингээд СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд Ц.Нармандах багшийнхаа урланд орж суралцсан. Багш маань барууны урлагийн суурь дээр үндэснийхээ урлагийг яаж олж харах вэ гэдгийг бидэнд зааж, ойлгуулдаг байлаа. Тухайлбал, Б.Шаравын “Монголын нэг өдөр” зургийн зохиомжийн асуудлаас эхлээд энэ хүн яагаад энэ зургийг зурах болов. Энэ зураг яагаад алдартай байгаа юм. Барууны оронд системтэй хөгжиж ирсэн онолын түвшинтэй харьцуулж үзэхэд үүнд онол байгаа юм биш үү гэж Монголынхоо өв соёлыг дахин өөр нүдээр харах боломжийг бидэнд олгосон. Түүнчлэн урлагийн бүтээл гэж нэрлэж байгаа бол дүрсийн хэллэг, өгүүлэмж, өнгөний зохицол, зохиомж, шийдэл, өнгө аяс нь яаж утга агуулгаа илэрхийлж байгаа вэ гээд нарийн зүйлсийг заадаг байлаа. 

-Уран бүтээлч хүний аливааг харах өнцөг өөр байдаг бололтой? 

-Уран бүтээлч хүн өөрийнхөө дотрыг ухаж, өөрийнхөө мэдрэмжийг хайж түүнийгээ цаас, модон дээр илэрхийлж байгаа юм. Нөгөө талаасаа, өнөөдрийн нийгэм ороо бусгаа, шүүмжлэлтэй хандах янз янзын асуудлууд байна. Гэхдээ би гэрэл, сүүдрийн өнгийг зураг болгож хараад байдаг. Илэрхийлдэггүй л болохоос уран бүтээлч бүрд байдаг шинж байх. Зарим хүмүүс арьс унжлаа татуулъя гэх нь сонсогддог. Хүн хамгийн их инээж байгаа хэсгээрээ үрчлээ суух нь аргагүй шүү дээ. Үрчлээ хүртэл өөрийн өгүүлэмжтэй болохоор тухайн хүнийхээ намба төрхийг тодотгоод гоё харагддаг. Тэр бүрийг зураг болгож хараад байдаг даа.

Г.Жааханхүү "Судар"
Сүмд.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 32 (7774)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn