Х.МОНГОЛХАТАН

Оны өмнөхөн Говь-Алтай аймгийн уугуул, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатар Монгол Улсын ардын уран зохиолч цол хүртсэн билээ. Түүний амьдрал уран бүтээлийн талаар мэдэхгүй хүн үгүй. Харин авьяастныг хайж, дэмжиж, түлхэж ирсэн тэрээр одоо ч эрэлд хатсаар суух юм.

Авьяасыг алдуул адуу шиг эрж сурч олдог хэрэг үү. Эсвэл эд хөрөнгө шиг арилжиж, авч өгч болдог эд үү. Надад ийм сонин санаа зурсхийн орж ирэхэд түүний шимтэн уншиж буй зүйлийг ажиглав. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Нутгийн зөвлөлөөс түүний нэрэмжит Яруу найргийн цахим наадам зарласан юм байна. Эхний бүтээлүүд нь цахим орчинд тархаж эхэлжээ.

-Алив энэ шүлгийн энэ мөрийг хар даа. Авьяас гэдэг ийм л энгийн атлаа ад шидийн зүйл. Үгийг урлана гэдэг үгийн нүдийг нь нээж сүнсийг нь аргадаж сүлдийг нь дуудна гэсэн үг. Мөн бэрх ээ. Төрсөн сум Төгрөгт минь төрөлхийн авьяастан олон байгаа. Түүнийг нээж ухаарлыг нэмж урам өгөхөд нэмэр болбол энэ яруу найргийн наадмын зорилго биелнэ гэж нухацтайхан над руу харав.

 

ДАМДИН РАГЧАА ХОЁР

Тэр анх шүлэг бичсэн алтан эгшинээ санав бололтой инээмсэглэв.

-Би тавдугаар ангид байхдаа анхны шүлгээ бичсэн юм. Бичсэн ч гэж дээ, монгол хэл-уран зохиолын багш хичээл дээр “Эх” гэдэг сэдвээр бид нараар шүлэг бичүүлсэн хэрэг. Миний шүлэг багшид таалагдсан юм байлгүй захидлын дугтуйнд хийж намайг сумын шуудан руу гүйлгэсэн юм даг. Замдаа “Пионерийн үнэн” сонинд гэж хаягласан байсныг харснаа мартдаггүй юм. Тэр тухай тэр үедээ марчихсан шахуу байхад нэг өдөр Дэлэгийн Дамдин багш ангид орж ирээд “Хүүхдүүд ээ, танай ангийн Хүрэлбаатарын шүлэг “Пионерийн үнэн” сонинд гарсан байна. Баяр хүргэе” гэж бахархалтайяа зарлаж байлаа хэмээн хуучилж байна.

Бас нэгэн явдал болжээ. Сумын сургууль даяар яс цуглуулж түүнээ нэрж тос гаргах аян зохиогджээ. Тэр тухай сурагчдаар мэдээ бичүүлж гэнэ. Нэг өдөр ангийн багш Балхүүгийн Рагчаа “Пионерийн үнэн” сонин барьчихсан ангид харайн орж ирээд “Манай Хүрлээгийн мэдээ гарчхаж” хэмээн зарлав. Тэрээр “Яс ба тос” гэсэн мэдээг шүлэг шиг уншиж байсан, хожим “Сурган хүмүүжүүлэгчийн тэмдэглэл” номдоо гэрчлэн бичсэн билээ. Ингэж сайн багш нарын ачаар ирээдүйн Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлчийн анхны шүлэг, анхны мэдээ хархан бага насанд нь нийтлэгдэж байсан ажээ.

Тэр цагаас хойш Хүрэлбаатар хүү ном хэмээх агуу ертөнцийн зах руу эргэлт буцалтгүй оржээ. Номонд ийнхүү хорхойтох нь аргагүй. Учир нь тэр үед одоо цаг шиг цахим орчин, телевиз, кино гээд үзэж харах юм хомс. Үнэндээ байгаа нь, байж болох боломж нь цаасан хэвлэл ном, сонин л байсан хэрэг. “Ном бол ертөнцийг харах цонх” гэх мэргэн үгийг ёстой л бүрэн утгаар нь ойлгож, хэрэглэж, тэмүүлж байсан үе л дээ.

Сумын төвд дизель мотор асаж орой харуй бүрийгээс шөнийн 11 цаг хүртэл тог ирнэ. Тэр тод гэрэлд ном уншина. Гэрэл гурав анивчиж унтраад удалгүй аав нь ирнэ. Аав Үржин нь тэрхүү дизель моторыг асааж, унтраадаг ажилтай моторчин хүн байв. Сумандаа л техникийн өндөр мэдлэгтэй хүн гэсэн үг. Аавыгаа хүлээнгээ лаа асааж ном уншина. Лаа барлаа гэж хааяа зэмлүүлнэ. Нэг удаа хөнжлөө нөмрөн лааны гэрэлд ном уншиж байгаад гал алдах шахаж бөөн хэрэг мандаж байсан гэнэ.

Хожим Улаанбаатар хотын дунд сургуулийн сурагч байхдаа нийслэлийн тэр үеийн бүхий л номын сангийн идэвхтэн уншигч байж, хаатал нь хөөтөл л шигдэн сууж ном уншдаг байсан нь түүний аз жаргалтай үеийн нэг байсан юм. Учир нь ном хийгээд зохиолч нартай нүүр тулж уулзах уулзварын нэгэн талбар нь номын сан байсан аж. Ийм учрал тохиол олон. Жишээ нь, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухуланг Төмөр замын Соёлын ордны номын санд анх харжээ. Их зохиолч номын санд ном уншиж буй хүүхдүүдтэй уулзалт хийж “Уран зохиол сонирхдог сайн хүүхдүүд байна. Сонирхлын цаана авьяас байдаг юм. Та нар авьяастай хүүхдүүд” гэж хэлсэн нь түүний уран зохиолд дурлан сонирхох хүслийг бадраажээ.

“Тэр үед Явуухулан найрагчийн тухай Дамдин багшийн ярьж байсан дүр төрх санаанд бууж шалавхан сумын төв рүү утасдаж энэ уулзалтын тухай хоёр багшдаа дуулгахсан гэж яарч байж билээ” гэж тэрбээр ярьж байна. Хожим Бэгзийн Явуухулан багш Уран бүтээлийн “Гал” нэгдлийнхний шүтээн төдийгүй нэлээд хэдийнх нь анхны номын редактор болсон билээ.

 

ААВ ЭЭЖ ХОЁР

Ээж, ах дүү, нарын хамт. Өвөр эгнээнд  зүүн гараас 2 дахь нь 6 настай Ү.Хүрэлбаатар. 1960 он

Авьяас бол урд төрлийн мэдлэг. Тиймээс насан туршдаа хүн сурч, мэдлэг хурааж боловсорч байх ёстой гэж тэр ярина. Нээрээ авьяасыг бурхан өгөөгүй, буг чөтгөр ч өгөөгүй, харин аав ээж өртөөлөн авчирсан тухайн хүний төрөлхийн өгөгдөл буюу урд төрөлдөө хуримтлуулсан мэдлэг, боловсролын хураангуйн код уламжлагдахыг хэлдэг байж болох юм.

-Манайх арван хүүхэдтэй өнөр өтгөн айл. Аав ээж хоёр маань тэр олныг яажшуу тэжээж, хувцаслаж бас боловсролтой болгох гэж борви бохисхийлгүй ажиллаж байсан юм бол. Тэр завсраа хүүхэд бүрийн онцгой авьяасыг нээхийг хичээсэн тул долоо нь дээд боловсрол, гурав нь тусгай мэргэжил эзэмшсэн байдаг юм. Манай гэр бүлээс зохиолч, зураач, эмч, жолооч, инженерүүд төрж гарсан. Салбар салбартаа нэр бүтэн, мөр бүлээн ажиллаж амжилт гаргасан. Энэ бол аав ээжийн маань авьяасын эрэл хайгуулын үр байсан гэж тэрбээр хуучилж байна.

Үржингийн 10 хүүхдээс Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор (Ph.D), профессор бол, Ү.Байгалмаа нь Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор (Ph.D), харин Ү.Отгонбаатар Анагаах ухааны доктор (Ph.D), Ү.Жанцанхорлоо авто тээврийн Саятан жолооч төрөн гарсан байна. Нэг гэрээс ачаа тээврийн саятан жолооч, ардын цолтон, хоёр гавьяат, гурван доктор мэндэлнэ гэдэг тийм ч элбэг тохиолдол биш байх.

-Намайг тавдугаар ангид байхад аав ээж хоёр маань Улаанбаатар хот руу яваад ирэхдээ хоёр хөгжим авчирсан юм. Гармони хөгжмийг надад, мандлин хөгжмийг Цэцэгмаа дүүд өгсөн. Бид хоёр гэртээ мөнөөх хөгжмийг баруун солгойгүй пижигнүүлж өгнө. Цэцэгмаа дүү төд удалгүй маш цэвэрхэн, тод сайхан тоглож сурав. Би түүнээс хоцорч ээжээсээ тусламж хүсэв. Ээж гармони хөгжмийн цагаан товчлуурыг тоогоор дугаарлаж энэ дагуу дар гэлээ. Би нэг, хоёр, гурав гээд дарж хөөрөгдөхөд нэг танил аялгуу гарч эхлэв. Ээж маань дагаж дуулж байна. Тэр дуу ээжийн маань дуртай “Талын таван толгой” хэмээх дуу байсан юм. Ээж маань урамшиж хажуу айлын найз бүсгүйгээ дуудаж гэрт бүжиглэж гарав. Ид дундаа бужигнаж байтал гэнэт хаалга нээгдэж аав орж ирэхэд тэр хоёр ихэд сандарч, үс зүсээ янзалж бөөн инээдэм болж билээ гэж тэрбээр хуучилж байна.

Хожим дууны яруу найраг шимтэн сонирхож хэдэн зуун дуу туурвиж, ялангуяа Монголын хөгжмийн шинэ урсгал болон дэлгэрсэн рок, поп дууны чамгүй олон топ дууны зохиогч болон алдаршина гэж тэр үед хэн тааварлах билээ. Одоо ч дуулагдсаар л байна. Чухам энэ нь уран зохиолын ном уншиж донтож байх үедээ хөгжмийн ая аялгуунд татагдсан нь ирээдүйн дууны яруу найрагч болохын эхлэл байсан юм.

Ү.Хүрэлбаатарын хамгийн анхны шүлэг нь “Эх”, хамгийн анх ая оруулсан шүлэг нь “Эх”, хамгийн анхны дуулагдсан дуу нь “Ботгон тэшээ”, хамгийн анхны хэвлэгдсэн уран сайхны шүүмж нь “Эх бүрдийн домог” юм.

Эндээс түүний авьяасыг нээсэн түлхүүр нь яалт ч үгүй эхийн сэдэв байв. Түүний ээж Сандуйн Лхагважав ерэн насны босго алхсан сайхан буурай хүүгийнхээ шүлэг зохиолыг сонирхож, урмын үг хайрладаг хэвээрээ байна.

-Ээжтэйгээ өтлөх сайхан. Тэр тусмаа уран бүтээлийн ундарга болсон, авьяасын минь ангир уураг болсон ээждээ үнсүүлэх бүр сайхан. Аав маань 50 насны босгыг даваад идэр залуудаа бурхны орон зорьсон. Их санах юм даа. Аавдаа зориулж дуун хөшөө босгож явна гэв. Тэр хэлсэн л бол хийж бүтээдэг хүн билээ.

Аав ээж эмээгийн хамт. Арын эгнээнд зүүн гараас нэг дэх нь 10 настай Ү.Хүрэлбаатар. 1964 он. 

Д.СОСОРБАРАМ Т.ГАЛСАНСҮХ ХОЁР

 

Авьяас бол асуултын тэмдэг. Түүнд хариулахын тулд эрэл хайгуул хэрэгтэй гэж тэрбээр ярьж байна. Эрэл хайгуул гэдэг нь авьяастныг нээх нээлт л гэсэн үг. Авьяасыг таньж авьяастныг нээх нь алтны уурхай нээхээс илүү үнэ цэнтэй  билээ.

-Нэг өдөр телевиз үзээд сууж байтал Сосорбарам гэдэг залуу “Дорнын цагаан саран” гэдэг дууг гитардаад дуулж байв. Огшоод л явчихлаа. Ямар сайхан үг, аялгуутай дууг ямар сайхан омголон хийморьлог дуулдаг юм бэ гэж бараг л босон харайх шахав. Гол нь миний эрж хайж явсан авьяас гэгч нандин юм урд өмнө байгаагүй сонин жигтэйхэн мэдрэмжээр цалгих шиг болов. Тэгээд намайг “Оллоо” гэж чанга хашхирсан гэж гэргий маань хэлдэг юм хэмээн хуучлав.

-Юуг оллоо гэж хэлсэн юм бол гэж би лавлан асуув.

-Тэр үед би Нийслэлийн төр, захиргааны төв хэвлэл “Улаанбаатар” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байлаа. Ерээд оны эхэн нийгмийн шилжилтийн үед сонин гаргана гэдэг үнэхээр бэрх, гэхдээ үнэхээр сонирхолтой цаг үе байсан. Ардчилсан хувьсгалын индэр нь сонин, ард түмэн бүхлээрээ идэвхтэй уншигчид байсан алтан үе л дээ. Тэр их өрсөлдөөн дунд тэсэж үлдэх, тэргүүлж манлайлахын тулд өвөрмөц менежмент хэрэгтэй байсан нь мэдээж. Тиймээс “Улаанбаатар” сонины нэрэмжит Гоц авьяастны Хангарди шагналыг бий болгох сэдэл санаа төрж байсан юм. Түүнийхээ анхдагчийг “Оллоо” гэж орилж байгаа нь тэр.

Со маань Ардчилсан намыг үүсгэн байгуулах анхдугаар их хурлын үндсэн илтгэлийг илтгэчихсэн хувьсгалч, Драмын театрын залуу жүжигчин байсан. Тэр хүрээндээ сайн муу хэлэгдэж танигдсан ч амьдралын хувьд айлын халаасны өрөөнд л байсан байх. Тиймээс энэ залууг улс төрөөс үл хамаарч авьяасыг нь алдаршуулах замаар амьдралд нь тус дэм болъё гэж бодсон. Тэгээд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Л.Энэбиштэй уулзаж санал тавьсны дагуу Догмидын Сосорбарамд Гоц авьяастны Хангарди шагналыг олгосон юм. Дагалдах шагнал нь хоёр өрөө орон сууц. Энэ бол шагнал гэхээсээ нийгмийн хамгаалалт, үнэлэмж, өндөр жишиг болсон гэж боддог.

-Яруу найрагч Дэжидмаагийн Галсансүх Гоц авьяастны шагнал авч байсан санагдана.

-Тийм ээ. “Улаанбаатар” сонины нэрэмжит Гоц авьяастны Хангарди шагналыг 9 хүн хүртсэний нэг нь модернист шүлэгч Д.Галсансүх л дээ. Тэр үед Галсансүх маань олонд танигдаагүй залуу байсан. Тавдугаар ангид байхдаа надад шүлгээ уншиж байсан. Аравдугаар анги төгсөхөөр нь “Улаанбаатар” сонинд татан авч “Санчир” хэмээх тусгай дугаарыг хариуцуулж ажиллуулсан. Утга зохиолын нарийн бичгийн даргаар хүртэл томилж байсан. Тэр үеэс өөрөө болон өөрийнхөө үеийн гайхалтай зохиол бүтээлүүдийг “Улаанбаатар” сонинд нийтлүүлж хүрээ хэмжээгээ тэлсэн юм гэв.

Ү.Хүрэлбаатар “Улаанбаатар” сонины эрхлэгч байхдаа олон зохиолч, сэтгүүлчид тэр тусмаа шинэ залуучуудыг тултал нь дэмжиж, тус дэм болж, өөрийн гэх дэг сургуулийг байгуулах хэмжээнд тулхтай ажиллаж байсныг олон хүн ам бардам ярих юм билээ. Тэрээр “Улаанбаатар”, “Нүгэл буян”, “Алтан босго” зэрэг арваад сониныг үүсгэн байгуулж “Утга зохиол, урлаг” сонин, “Цог” сэтгүүлийг хавсран эрхэлж ёстой л жинхэнэ Ерөнхий эрхлэгчийн зангаргаар ажиллаж байсан юм. Түүний бүхний хэмжүүр нь гагцхүү авьяас байлаа.

 

НАМДАГ ЛУВСАНВАНДАН ХОЁР

 

Авьяас бол багш хүний эрэл, итгэл, чимээгүйн шалгуур юм. Энэ бол гүн үнэмшил, дотоод сэтгэлийн гэрэл юм. Тиймээс багш шавийн барилдлага гэгч хувь тавилангийн зурлага юм. Үржингийн Хүрэлбаатарыг их зохиолч Донровын Намдаг, нэрт эрдэмтэн Сономын Лувсанвандангийн унаган шавь.

-Би Намдаг багшийн шавь болж гэр орноор нь байнга орж гардаг болов. Надтай үе тэнгийн юм шиг хуучилна. Эхлээд би яриаг нь сайн ойлгохгүй байлаа. Нэг юм ярьж байснаа тэс хөндлөнгийн юм яриад эхэлнэ. Тэгснээ нөгөөх юм нь анхны ярьж байсан зүйлтэй нь үзүүр тохой нийлээд явчихна. Тэгээд бичиж тэмдэглэж, ухаж асууж байж сүүлдээ сайн ойлгодог болсон. Зохиолын драм нь тэр байсан юмсанж. Тэр бүхэн маань надад амьдралын их сургууль болж байсан гэж хуучилж байна.

-Намдаг багш тань авьяасын тухай юу гэж хэлдэг байсан юм вэ?

-Би бүр тодорхой хэлье. 1980 оны аравдугаар сарын 17-ны өдөр Гэр сургуулийн хичээлийн лекцэд хэлсэн үгийн тэмдэглэл энд байна. “Жүжиг бичсэн ч, судалсан ч авьяас хэрэгтэй. Авьяасгүйгээр бүтэхгүй. Авьяас гэдэг асар том юм. Маш олон талаас бүтсэн, маш олон талын мэдэц мэдрэмж нийлсэн, тэр гэж хэлж болохгүй, үй олон талын бүрдлийг авьяас гэжээ. Хүний сэтгэлийн их эмзэглэлийг би авьяас гэж боддог. Олон тал гэдэг дээр би үүнийг нэмэх гэж байна” гээд Д.Нацагдоржийн “Хи хи хи” өгүүллэгээр багш жишээ татан тайлбарласан юм. “Авьяас бол аугаа их эмзэглэл” гэж Намдаг багш хэлсэн хэмээн бичсэн маань одоо нэгэнт олны хүртээл болон тархжээ.

-Таны бас нэг том багш бол Сономын Лувсанвандан доктор. Тэр хүн таны авьяасыг нээсэн хүмүүсийн нэг гэж хэлж болох уу?

-Болохоор барах уу, үнэхээр намайг нээж, надад итгэсэн хүн шүү дээ. УБДС-ийн монгол хэл-уран зохиолын багш мэргэжлээр төгссөн жирийн нэг хүүг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтан, театр судлаачаар татан авна гэдэг ер бусын зүйл. Тэр үед би Лу багшийг танихгүй, бас театр судлалаар юу ч мэдэхгүй нөхөр байсан. Гэтэл гадаад дотоодод төгсөн, эрдмийн зэрэг цолтой хүмүүс байсаар байтал намайг авсан нь “авьяастай байж магадгүй” гэсэн багшийн итгэл л байх гэж боддог хэмээн ярьж байна.

Үнэхээр тэрбээр сайн багш нартай учрах хувь тавиланд төрсөн хүн юм. Багш хүн бол шавь нарынхаа хувь заяаны зурлагыг зурдаг зурхайч, авьяасын эрэлд амьдралаа зориулсан армийн дайчид юм. Ер нь ард түмэн гэдэг чинь аав ээжийн ерөөлтэй, авьяас билгийн шүншигтэй, багш шавийн барилдлагын ертөнц юм билээ.

 

БУЯНБАДРАХ, БАТ-АМГАЛАН, ОНОН ГУРАВ

 

Авьяас бол төрөхөөс өмнөх дотоод чимээ, бусдад үлдээсэн ариун мөр, ёс зүйн шалгуур гэх бодол төрнө. Хүн бүхэн авьяастай. Харин тэр авьяас нь чухам юуны чадвартан болохыг онож нээх нь өөрөө авьяас. Тиймээс авьяасыг авьяастан л таньдаг гэх нь баталгаа шаардахгүй үнэн байх.

Үржингийн Хүрэлбаатар эрхмийн Аамьдралын тойргийг шинжвэл авьяасын зах хязгааргүй эрэлд мордсон эрэлчин гэж хэлж болно. Тэр Монголын сэтгүүл зүйн хөгжилд өөрийн байр суурийг бүтээсэн зүтгэлтэн. Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүнээр олон удаа сонгогдож, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, МСНЭ-ийн дүрмийг боловсруулан батлуулж, тус эвлэлийн “Би үнэний дуу хоолой” сүлд дуу  зохиосон хүн. Тэр Сэтгүүл зүй, гадаад хэлний “Түгээмэл” дээд сургууль, “Түгээмэл” дунд сургуулийг үүсгэн байгуулж олон зуун шавь бэлтгэсэн сурган хүмүүжүүлэгч. Арваад сонин үүсгэн байгуулж, удирдаж байсан эрхлэгч хүн. Тэр бүхний тулах цэг нь мөнөөх л авьяастны эрэл.

Тэрбээр “Улаанбаатар” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байхдаа сэтгүүл зүйн нэгэн үеийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулсан юм. Энд ганцхан жишээ татъя. “Улаанбаатар” сонины анхны дугааруудад сурагч М.Буянбадрах, Б.Бат-Амгалан, гэрэл зурагчин Ц.Онон нарын бүтээлүүд нийтлэгдэж байлаа. Тэр гурвыг МУИС-ийн сэтгүүлчийн ангид элсүүлж ирээдүйн боловсон хүчнээ анхны дугаараасаа эхлэн бэлтгэж байсан түүх ингэж бичигдсэн юм. МУИС-д тэр гурван оюутны сургалтын төлбөрийг “Улаанбаатар” сонин төлж, зуны амралтаар цалинтай ажиллуулж, бичсэн бүхнийг нь чөлөөтэй нийтэлж дэмжлэг туслалцааг өгч байлаа. Яагаад гэвэл тэр гурвын авьяасыг нээж  сониныхоо залгамж халааг бэлдэж буй нь тэр. Ерөнхий эрхлэгч алдаагүй. Учир нь М.Буянбадрах, Б.Бат-Алгалан, Ц.Онон гурав Монголын сэтгүүл зүйн түүхэнд өөр өөрийн зам мөрөө хангалттай баталж чадсан билээ. Энэ тухайгаа

-Би ганцхан хэмжүүртэй. Тэр нь төрөлх авьяас байна уу, үгүй юу. Намдаг багшийн хэлээр “Авьяасгүйгээр бүтэхгүй”. Тэгэхээр М.Буянбадрах, Д.Бат-Амгалан, Ц.Онон гурвыг төрөлх авьяастан гэж үзсэн хэрэг. Би Монголын сэтгүүл зүйд энэ гурав болон олон сайхан сэтгүүлчдийг бэлтгэж, бас хамтран ажиллаж байснаараа бахархдаг хэмээн ярьж байна.

Тавдугаар ангийн бяцхан жаал “Эх” шүлэг, “Яс ба тос” мэдээ бичиж уран зохиол, сэтгүүл зүйн салбарт хөл тавьснаа үл мэдэн гүйж явсан үеийг эргэн санахад зүгээр нэг тохиолдол байсангүй. Сайн багш нартай учирч, сайн хүмүүстэй нөхөрлөж ямагт сайныг хүсэж мөрөөдөж явсны авшиг, төрөлх нутаг усны хаялга, ахан дүүсийн нөмөр нөөлгийг тэр чин сэтгэлээсээ дээдлэн явдаг юм билээ.

 

ТӨГСГӨЛ

 

Ардын уран зохиолчийн нэрэмжит яруу найргийн цахим наадамд шүлэг зохиол ирсээр байна. Яруу найраг гэгч оюуны охь манлай, ямагт гэнэн сэтгэл гэгээн мөртэй байдаг учир сайхан санагдаж байна. Сумнаасаа Ардын цолтон төрсөнд бэлгэшээж ийм ажил зохион байгуулж байгаа нь сайн хэрэг. Өнөөдөр шүлэг бичиж, бас уралдаан тэмцээнд орох хэмжээнд өөрийгөө боловсруулж байна гэдэг талархууштай зүйл гэж бодож байна.

“Төгрөг сайхан нутаг минь” яруу найргийн цахим наадамд ирж буй бүтээлүүдэд тэрбээр сэтгэл ханамжтай байгаа бололтой үргэлжлүүлэн уншина. Үе үе нүүр дүүрэн инээмсэглэх нь тэдгээр шүлгүүдэд эрдэнийн шигтгээ болсон цэц мөр элбэг байгаа бололтой. Өндөр их Сутайн хархираа хөөмий, Өгөөмөрийн тунгалаг голын мэлмэрээ, Шаргын говийн шанз торгон аялгуу, Хүүхдийн овооны шанх сэвэлзэх салхин авьяастны өлгий нутгийн өнгө төрхийг өгүүлнэ. Түүний зохиосон олон дуу хөшөө болон мөнхөрсөн. Бас хэчнээн дуу он цагийг туулан хүний сэтгэлд мөнхрөхийг таашгүй. Тэрбээр төрөхөөсөө өмнө үг, аялгуу сонссон хүн юм билээ.

Үржингийн Хүрэлбаатар хэмээх энэ эрхэм маань хүний сэтгэлд хүрэх хамгийн дөт замыг сонгосон. Тэр нь дууны яруу найраг. Үл хэлэхийн ухаан, сайхны сайхан, үнэний үнэн мэдрэмж нь үгэнд шингэж аялгуунд амилж аманд ааруул мэт хүлхэгдэхийн цагт ардын дуу мэт мөнхрөхийн хутгыг олдог бололтой. Энэ бол цаг хугацаанд шингэсэн Хүрэлбаатар. Тэр бол үргэлжилж буй эгшиг, Амьдралын тойргийн авьяасын эрэлчин.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 32 (7774)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn