Б.ТҮШИГ
1952 он, Нью-Йорк. Амбиц ихтэй авьяаслаг ширээний теннисчин, 23 настай Марти Маусер Их Британид болох олон улсын томоохон тэмцээнд явах мөнгө хуримтлуулахын тулд гутлын дэлгүүрт худалдагчаар ажиллана. Дэлгүүрийн эзэн ажилч хичээнгүй түүнд менежерийн албан тушаал санал болгох ч залуу тамирчин цалингаараа тийз авч Лондо хотыг зорих ажээ...
Өнгөрсөн оны аравдугаар сарын 6-нд нээлтээ хийснээсээ хойш Холливудыг доргиосоор буй, найруулагч Жош Сафдигийн “Гайхамшигт Марти” (“Marty Supreme”) кино ингэж эхэлдэг байна. Мартигийн дүрийг бүтээсэн Тимоти Шаламе “Алтан бөмбөрцөг” шагнал гардаад удаагүйн дээр “Оскар”-ын шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний номинацид нэр дэвшээд байгаа юм. Түүний “Bravo” сэтгүүлд өгсөн ярилцлагыг дор толилуулж байна.

-Марти хүний хувьд тантай ямар нэг байдлаар төстэй гэж санагдсан уу?
-Марти бол жүжигчний карьер минь эхлэхээс өмнөх надтай маш төстэй гэж бодсон. Тэр өндөг шиг өөгүй хүн биш ч зорьсондоо хүрэхэд бүхнээ дайчилж чаддагаараа онцлог. Би ч гэсэн кино ертөнцөд анх хөл тавихдаа тийм л шийдмэг зан чанартай байсан гэх үү дээ. Найруулагчдаас татгалзсан хариулт тоймгүй олон сонссон шүү. Надаас өөр хэн ч чадварт минь итгэдэггүй байж билээ. Найруулагч Жош энэ дүрд чухам намайг сонгосонд туйлын их талархсан.
-Жош нэгэн ярилцлагадаа, “Марти бол мөрөөдөлдөө хүрэхийг зорихдоо амьдрал хажуугаар нь урсан одохыг үл тоогчдын тод жишээ” гэжээ. Харин танд, “мөрөөдлийнхөө араас хөөцөлдөхдөө амьдралаа дэмий үрж байна даа” гэсэн бодол төрж байв уу?
-22-26 насандаа тиймэрхүү бодолд байнга л автаж явсан. Жүжигчний карьерын минь эхэнд надаас хэн ч онцгой зүйл хүлээдэггүй байсан нь ч ойлгомжтой. Тэр үед түүнчлэн гадаад орчин анхаарлыг минь ер сарниулдаггүй байж дээ. Харин сүүлд, “Огт танихгүй хүн” (“A Complete Unknown”) кинонд алдарт дуучин Боб Диланы, “Гайхамшигт Марти”-д теннисчний дүрд бүрэн төвлөрч ороход гадаад орчны дуу чимээг даван туулах амаргүй болсон байлаа. Гэхдээ хамгийн дээд түвшинд жүжигчнээр ажиллах боломж олгосноор амьдрал надад ямар том бэлэг барьсныг яс махандаа шингэтэл ойлгосон.
Ингэхэд, хоёр төрлийн л жүжигчид байх шиг. Нэг хэсэг нь авъяас чадвараа дэндүү нандигнан бөөцийлдөг бол нөгөө хэсэг нь энэ талаар огтхон ч бодохгүй, хайран амьдралдаа хайхрамжгүй хандаж зугаа цэнгэл хөөхөөс цаашгүй. Харин миний хувьд алтан дунджийг баримтлан жүжигчний чадвараа дээд зээргээр дайчлах шийдвэрийг нэлээд дээр гаргасан шүү.
-Та тэр гадаад орчны дуу чимээ гэгчтэй хэрхэн тэмцдэг вэ?
-Би шууд хаалт босгож блоколдог юм шиг... Зүгээр л тэр бүхэнд анхаарлаа сарниулахгүй байхыг хичээдэг.
Тэгээд ч өдгөө эрч хүч, бас соёл гэдэг бага залуу үеийнхээс минь өөр болжээ. 2010 онд миний сонсох дуртай хип-хоп гэхэд нэлээд амбицлаг байсан гэмээр. Уриа нь хамгийн дээд оргил руу ичиж зоволгүй авирч гар гэсэн утгатай. Харин өнөөдөр Зигмунд Фрейдийн тодорхойлолтоор бол соёлын цөхрөл давамгайлж байх шиг. Бүгд л ямар нэг хэмжээгээр түгшсэн, сандарсан, аливаад өөрсдийгөө буруутгасан шинжтэй.
Энэ бүгдийг өөртөө нэвтрүүлэхгүй блоклохоос өөр замгүй. Би ажилтай үедээ ямагт утсаа унтраадаг. Дүрдээ бүрэн төвлөрөхийн тулд л тэр. Киноны зураг авалт ихэвчлэн хоёр гурван сар үргэлжилдэг дээ. Тэгвэл би Марти Маусер шиг хоёр сар амьдарч үзсэн. “Огт танихгүй хүн”-д тоглохдоо мөн хоёр сар Боб Дилан болсон юм.
Сайхан боломж биш гэж үү? Иймд би дээрх дүрүүдэд бүхнээ зориулсан. Бон Жовигийн “Би үхсэнийхээ дараа л бүрэн унтаж амарна” (“I'll Sleep When I'm Dead”) гэж нэг дуу бий. Иймд би үхэн үхтлээ тоглох дүр болгондоо бүхнээ зориулна. Миний туйлын эрмэлзэл гэвэл энэ.

-Та сая Боб Диланы дүрийн тухай дурдлаа. Түүний болон Марти Маусерийн дүрийн хооронд ямар нэг нийтлэг зүйл ажиглагдав уу?
-Тийм гэж, бас үгүй ч гэж хэлж болно. Боб Дилан болж хувирах үнэхээр сонирхолтой байсан. Түүн шиг сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг байхыг хүсдэг ч би эсрэгээр, дүрэлзсэн, оргилсон араншинтай хүн гэлтэй. Үүгээрээ би нээлттэй, нийтэч Мартитай илүү төстэй юм уу даа.
-Та өөрийгөө сүүлийн жилүүдэд хэр их өөрчлөгдсөн гэж боддог вэ?
-20 гаруйхан насандаа би шаналж цөхөрсөн уран бүтээлчийн дүрийг романтик гэж төсөөлж, Хит Лежер зэрэг тиймэрхүү төрхтэй жүжигчид надад үлгэр дууриал болдог байжээ. Тэдгээр уран бүтээлчдийг би одоо ч гэсэн хүндэлсээр. Гэсэн хэдий ч би сэтгэл хангалуун амьдрахыг эрхэмлэх болсон.
Нэмж хэлэхэд, 30 нас хүрээд хүн эго, аминчхан зангаа хазаарладаг гэлтэй. Өөрийн мөн чанараа уудлан шинжлэхээ ч багасгадаг юм байна. Хэн гэдгээ нэгэнт мэдчихдэг учраас тэр болов уу. Нас нэмэх бүрийд өөрийгөө хэрхэн өөрчлөгдөж буйг ажиглах бас сонирхолтой санагддаг.
20 настай байхдаа би аравхан жилийн дараа “Алтан бөмбөрцөг” гардаг, “Оскар”-т нэр дэвшинэ гэдгээ яаж ч төсөөлөх билээ. Надаас заримдаа эргээд 20 настай болохыг хүсдэг үү гэж асуудаг. Тэгэх хэрэг байгаа ч юм уу... Тэгж яваад гэнэт машинд дайруулбал яана, хэн мэдлээ. Иймд би одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун явдаг хүн.
-Та бодит амьдрал дээр Мартитай таарсан бол...?
-Зорилгодоо айхтар төвлөрч чаддаг зан чанараар нь чин сэтгэлээсээ бахархдагаа ямар нэг байдлаар илэрхийлэх биз ээ.
-Та түүнтэй юуны тухай ярих байсан бол?
-Киноны төгсгөлд тэр цаашид яах бол гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч ирдэг. Иймд түүнээс юуны түрүүнд энэ тухай асуух байх. Аав болох сорилтыг хүлээн зөвшөөрч хариуцлагатай насанд хүрсэн эр хүн болох уу эсвэл зугтах уу гэж.
-Киноны яг ямар хэсгүүд дотоод сэтгэлийн тань хувьд хамгийн ойр дотно санагдсан бэ?
-Ширээний теннис тоглож буй бүх хэсгүүд гэвэл өнгөц бодвол хачирхалтай хариулт байж мэднэ. Гэхдээ киноны гол дүр Мартид ширээний теннис гэдэг эрхэм дээд зүйл. Тэр дэлхийн хамгийн агуу ширээний теннисчин болохыг зорьдог ба түүнийг хэн ч, юу ч зогсоож чадахгүй. Энэ нь надад хамгийн ойр санагдсан.
Хуурамч даруу зан гаргаад яах вэ. Би ч гэсэн бусад жүжигчдийн адил яг л Марти Маусер шиг хийж буй зүйлдээ агуу оргилд хүрэхийг мөрөөддөг, бас мэрийдэг. Тэгэхийн тулд байдаг боломжоо шавхах нь ч зүй. Иймээс ч Мартигийн дүр намайг дээд зэргээр чармайхад хүргэсэн.
Би Жош Сэфдигийн энэ кинонд тоглосноороо үнэхээр бахархдаг. Улиг болсон бэлэн хэв загварт баригдаагүй, гурван үзэгдэлт бүтэцтэй ийм кинонууд л одоогийн шоу бизнест амь тариа мэт хэрэгтэй гэж бодном.
-Та ойрын ирээдүйд өөрийгөө хаана, юу хийнэ гэж төсөөлж байна вэ?
-Үнэндээ мэдэх юм алга. Юутай ч би нас залуу хэвээр. Тэгсэн мөртлөө гайхалтай сайхан кинонуудад тоглож амжсан бас ч гэж азтай. Тэглээ гээд завсарлага авах бодолгүй байна.
Нострадамус биш болохоор ирээдүйгээ тольдож чадахгүй, цаашид хэдэн кинонд тоглох тэнхээтэйгээ ч төсөөлөхгүй юм. Мэдээж уран бүтээлийн эрх чөлөө намайг соронздон татсаар байх нь маргаангүй. Зүг чигээ, шийдмэг зангаа алдахгүй байх нь л чухал болов уу.
-Яваандаа найруулагчийн суудалд шилжих юм биш биз?
-Ээ дээ, юу л бол. Найруулагч болоход ер бусын бэлтгэлийн түвшин шаардагддаг. Надад олон чадварлаг найруулагчтай ажиллах завшаан тохиосон. Үнэхээр хүнд хүчир хөдөлмөр гэдгийг анзааралгүй яах вэ. Кино бүтээнэ гэдэг заримдаа хэдэн жил шаарддаг урт удаан, адармаатай үйл явц шүү.
-Туулсан амьдралаа эргэн харвал та яг юуг нь өөрчлөхийг хүсэх вэ?
-Боб Диланы, “Хэзээ ч эргэж харсны хэрэггүй” гэж нэг үг байдаг. Тэгээд ч хийсэн үйлийг ямар өөрчилж болох биш дээ.
Эх сурвалж: zms.mn