Дэлхийн хэвлэлүүд АНУ-ын Хууль зүйн яамнаас нэгдүгээр сарын 30-нд нийтэлсэн Жеффри Эпштейн хэргийн шинэ дуулиан шуугиантай хавтаст хэргээс экс ерөнхийлөгчид, Британийн гүнүүд болон дэлхийн бусад алдартай хүмүүсийн нэрийг олжээ. Гэсэн хэдий ч дэлхий даяар сексийн наймааны сүлжээ үүсгэсэн хэмээн буруутгагдаж буй Америкийн санхүүч Улаан-Үд хотын инженерийн гэр бүлийг олон жил тэжээж байжээ.
Буриад айлын Америк руу аялахад олон сая рубль хэрхэн зарцуулагдсан, түүнд Орос охин яагаад хэрэгтэй байсныг ойлгохын тулд Бабр,ру туслахуудын дотоод захидлыг судалжээ.
Эпштейнийн баруун гар, хувийн туслах Лесли Грофф хоёрын захидал харилцааг олон тооны бичиг баримт илрүүлжээ. Балдан Болотов гэдэг зорчигчид онгоцны тийз яаралтай худалдаж авах тухай яриа өрнөсөн байв. 2015 оны наймдугаар сарын 1-ний өдрийн захидалдаа Грофф хөрөнгийн эх үүсвэрийг зааж өгсөн "JE Visa карт руу ... энэ агаарын тээврийн компани Amex-ийг хүлээн авахгүй". JE бол Жеффри Эпштейн юм. Түүний хувийн Visa картаар Москва-Улан-Үд чиглэлийн S7-115 нислэгийн төлбөрийг хийжээ. Саятны туслахууд S7 Airlines компанийн Оросын захиалгын систем гүйлгээг хаасантай тулгарсан. Агаарын тээврийн компанийн хамгаалалтын алба Буриад руу явах тийзний төлбөрийг Америкийн санхүүчийн картаар хийсэн нь сэжигтэй гэж үзэж, карт эзэмшигчийн паспортыг сканнердахыг шаардсан байна.

Нью-Йорк дахь туслахууд Эпштейны паспортын сканнерыг Орос руу илгээх эрсдэлийн талаар ярилцав. Грофф эцэст нь Болотовын охинд "Би чамд Жеффригийн картын зургийг явуулъя... аавынхаа бичиг баримтыг явуул, тэгвэл бүх зүйл сайхан болно... Надад өмнө нь ийм зүйл тохиолдож байсан" гэжээ.
Белла Клейн гэж хэн бэ?
Белла Клейн хэмээх нууц нэртэй эмэгтэй аялал жуулчлалын менежерүүдтэй захидалаар харьцдаг. Тэр бол эцэг эхчүүдэд нь тасалбар захиалж өгдөг ч, Эпштейн төлбөрийг нь төлдөг. Бабр сайт задруулсан файлуудын өгөгдлийг харьцуулж, түүний жинхэнэ дүр төрхийг тогтоожээ.
2019 онд Эпштейн туслахдаа "Тасалбар, зочид буудал, Ренатагийн эцэг эхийн айлчлалын зардлыг зохицуулна уу" гэж бичжээ. Мэдээлэл нь мөн Эпштейн хувийн имэйл хаягаас илгээсэн эссений нооргийг илчилсэн. Бичсэн хүн нь өөрийн намтар түүхийг 2007 онд “Улан-Үдийн жижиг хот”-оос Санкт-Петербург руу нүүж, ЛГБТ дэмжиж байсан мөн ази төрхтэйгээс болж арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тулгарсан тухай, улмаар дараа нь АНУ руу нүүсэн тухай өгүүлжээ. Тэрээр "Би ази байсан тул зарим арга хэмжээнд оролцох, олон нийтийн газар орохыг хориглосон гэдгийг би хүлээн зөвшөөрч чадаагүй" гэж бичжээ. Мөн тэрээр гэр бүлийнхээ консерватизмын улмаас (Улан-Үд хотыг хатуу ёс заншил, шашин шүтлэгтэй газар гэж нэрлэдэг) бэлгийн чиг баримжаагаа нуухаас өөр аргагүйд хүрсэн гэдгээ мэдэгджээ.
Энэ бол загвар өмсөгч, Нью-Йорк дахь The New School-ийн төгсөгч, НҮБ-ын харьяа вэб сайтуудад нийтлэлүүд нь нийтлэгдсэн судлаач Рената Болотовагийн бичсэн текст юм. "Белла Клейн" гэдэг нь Эпштейн түүнд дотоод харилцаа холбоонд зориулж өгсөн нууц нэр юм. Хүний наймаачинтай “ажиллаж” байсан охидод нэр солих ажлыг идэвхтэй хийсэн. Энэ нь тэдэнд өнгөрсөн үетэй холбоогоо таслах боломжийг олгож, гадныханд тэр хүнийг олоход улам хэцүү болгосон.
Төгс намтартай бүсгүйчүүд Эпштейнтэй хамт нийгмийн арга хэмжээнд оролцож, оюуны элитээр хүрээлэгдсэн филантропийн дүр төрхийг бий болгосон. Үүний зэрэгцээ тэдний санхүүгийн хараат байдал (сургалтын төлбөр, виз, бүх гэр бүлийн нислэгийн төлбөр) нь тэдний үнэнч, чимээгүй байдлыг баталгаажуулсан. Хэргийн хамгийн алдартай баримтууд бол насанд хүрээгүй хүүхдүүдийн биеэ үнэлэлт, золгүй арал юм, гэхдээ санхүүч нь өндөр зэрэглэлийн биеэ үнэлэгчдийг бэлддэг, Оросын элитүүдэд хүртэл "ажиллаж" байсан.
Бабр охид хэрхэн түүний санхүүгийн барьцаанд орсон болохыг тайлбарласан хоёр баримт олсон байна. 2016 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд илгээсэн захидалдаа Рената өөрийн "эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа" улмаас оюутны хотхоноос гадуур ажиллах зөвшөөрөл хүссэн байна. Аав нь Улаан-Үд хотын нэгэн телевизэд механик инженер, ээж нь орон нутгийн эрүүл мэндийн төвд хүүхдийн эмч хийдэг гэж тэрээр бичжээ. Энэ гэр бүл дөрвөн хүүхэдтэй бөгөөд 2014 онд рублийн ханш унасан, ОХУ-д цалингийн өрөнд орсны улмаас мөнгөний хомсдолтой байгаагаа бичжээ.
Хоёр дахь баримт бичиг нь 2016 оны есдүгээр сарын ижил төстэй эсээний төсөл бөгөөд ямар нэгэн анкет бичих үндэс болсон бололтой. Үүнд "Би Харвард болон НҮБ-д удирдах албан тушаал хашиж байхдаа усны хомсдолтой холбоотой асуудлаар ажиллаж байсан..." гэсэн өгүүлбэр агуулсан. Буриадаас ирсэн 27 настай оюутны хувьд НҮБ болон Харвардад ивээлгүйгээр удирдах албан тушаал хаших боломжгүй юм.
Баримт бичгийг агуулсан имэйлийн төгсгөлд "sneaky" гэсэн гарын үсэг байна. Эпштейн болон түүний дагалдан яваа хүмүүс заримдаа захидал харилцаанд бие биенээ ингэж хэлдэг байв.
Эпштейн өөрийн хамаарал бүхий хүмүүсийнхээ анкетыг "шахах"-ын тулд холбоо сүлбээгээ ашигласан. Тэрээр Харвардын гол хандивлагч бөгөөд НҮБ-ын судалгааны төв болох Олон улсын энх тайвны хүрээлэнгийн тэргүүн Терже Роед-Ларсены дотнын найз байсан юм. Санхүүч (өөрөө коллежийн боловсролгүй байсан) өөрийн ивээлд байдаг бүсгүйчүүдийг эдгээр байгууллагуудад ажиллуулахаар зохион байгуулж, тэдэнд өө сэвгүй орчин бий болгосон.

Барууны тогтолцооны хувьд “хавчигдаж байгаа цөөнх “ЛГБТ” дүр төрх нь хүмүүнлэгийн ухааны дээд хүрээнийхэнд очих паспорт юм. Эпштейн Ренатад зориулж Америкт үзэл бодлын дэглэмийн хохирогчийн дүрийг бүтээжээ. Үүний хариуд тэрээр Ренатагийн амьдралыг бүрэн хянах болсон. Тэр түүнд бүх зүйлд өртэй байсан байна.
American Express Centurion Travel-ийн баримт бичиг нь түүний дэмжлэгийн систем хэрхэн ажиллаж байсныг харуулж байна. Компанийн менежер, Эпштейны туслах Наталья Молоткова Ренатагийн эцэг эх болох Балдан, Майна Болотов нарын алхам бүрийг хянаж байв.
2017 оны тавдугаар сард Эпштейн эцэг эхийнх нь Улаан-Үдээс Москва, Нью-Йорк руу нисэх онгоцны зардлыг төлсөн. Нэг талын тийзний үнэ 971 доллар. 2019 оны зургадугаар сард гэр бүл дахин Америкт ирсэн. Эпштейн баривчлагдахаас нэг сарын өмнө Улаан-Үд, Москва, Лос Анжелес гэсэн нарийн төвөгтэй маршрутын талаар ярилцсан. Эпштейн АНУ руу нисэх онгоцны зардлыг төдийгүй эцэг эхийнх нь Москвад АНУ-ын Элчин сайдын яаманд ярилцлага өгөхөөр зорчих зардлыг төлсөн. 2019 оны зургадугаар сарын 7-ны өдрийн Рената баяртайгаар "Аав виз авлаа!" гэжээ. Бүх зардлыг (зочид буудал, шилжүүлэг, хураамж) Жеффригийн картаар төлжээ.

Цагаачлалын албанд илгээсэн захидлын дагуу Буриадад эцэг эх нь"наад захын хэрэгцээгээ хангахын тулд тэмцэж тэмцэж амьдарч байна" гэсэн боловч нэгэн зэрэг бизнес ангиллаар нисч, American Express-ээс VIP үйлчилгээ авч байжээ. Наталья Молоткова S7 болон Аэрофлотын нислэгийг холбож, Шереметьево, Домодедово хоёрын хооронд унаа захиалж, эцэг эхийг нь сайн унтаж амраах үүднээс онгоцны буудлын дэргэдэх Новотел зочид буудал захиалсан байна.
2019 оны зургадугаар сарын 8-ны өдрийн захидалдаа Лесли Грофф Ренатад (Бэлла нууц нэрээр) "Яаж ч байсан бүх аялал жаахан үнэтэй байх болно гэж би бодож байна. Гэхдээ би тасалбарыг захиалсан" гэж бичжээ. Хэмжээ хэдэн мянган доллараас давсан байсан байна.
Тиймээс Буриадаас ганцхан жишээ дурдахад Эпштейн эзэнт гүрэн түүний сүлжээнд уруу татагдсан ядуу өрхийн охидтой хэрхэн ажиллаж байсныг ийм зураглалаар нэгтгэж болно.
Захидал 2019 оны зургадугаар сард дууссан байна. 2019 оны долдугаар сарын 6-нд Жеффри Эпштейн Парисаас буцаж ирэхдээ Тетерборо нисэх онгоцны буудал дээрээс баривчлагджээ. Болотовын гэр бүлийн Улаан-Үд явах тасалбар нь түүний нягтлан бодох бүртгэлийн хэлтэст бүртгэж чадсан хамгийн сүүлийн зардлуудын нэг байсан байх.
Эх сурвалж: www.babr24.com
Орчуулсан З.Цэцэг