Морин жилийн босгон дээр Дундговь аймгийн Луус сумын харьяат, Улсын аварга малчин Н.Бямбажавтай ярилцлаа.
-Их л урт зам, баялаг, сонин түүх, амьдралын баян туршлага хуримтлуулсан хүн байх гэж тантай уулзахаас өмнө бодож байлаа. Та ер нь хэзээнээс мал маллав?
-Хөдөөгийн хүүхдүүд онцлогтой. Багаасаа л малын захад ишиг, хурга, тугалтай ноцолдож өсдөг. Ханьтайгаа гэр болсноос хойш 25 дахь жилдээ мал маллаж, малын буян заяанд тэтгэгдэж яваа хүн дээ би.
-Миний мэдэхээр та малчин хүний авч болох цол гуншинг ер нь бүгдийг авчихлаа шүү?
-2018 онд Мянгат малчин цол хүртэж, Сумын сайн малчнаар тодорч байлаа. Үүний дараа 2022 онд Дундговь аймгийнхаа “Сайн малчин” болсон. Харин энэ жил малынхаа хишиг буяныг хүртэж “Улсын аварга малчин” болсондоо баяртай байна.
-Малчдын хөдөлмөрийн талаар мэдэхгүй хүн их л буруу бодож явдаг юм билээ. Хөдөө, мал ахуйн талаар гадарлах хүмүүс бол арай өөр ойлголттой байх жишээтэй. Малчин хүний хөдөлмөрийн тухай асуумаар байна. Ямар онцлогтой юм?
-Онцлоод байх юу байх вэ. Монголчууд эртнээсээ л мал маллаж ирсэн ард түмэн.
Одоо залуус хот бараадаад хөдөөх ахуйгаас холдох нь холдоод, гадагшаа явах нь явцгаах болсон. Тэндээ өсөж торниж байгаа улсыг мал мэдсэнгүй, малчны хөдөлмөр ойлгосонгүй гэж зэмлэх нь хаашаа юм.
Монгол хүн энэ мал аж ахуй, нүүдэлчин соёлоос огт хамааралгүй болчихгүй гэдэгт найдаж суудаг хүн. Манайх одоогоор дөрвөн төрлийн мал маллаж байна. Байгалийн шалгарал давна гэдэг шиг хэдэн малынхаа хойноос яваа малчин хүн цас, бороо, салхи, шуурга сөрөөд л өвлийн хүйтэн, хаврын хавсарга, зуд турхнаас эхлээд бүгдтэй нь нүүр тулдаг. Бэрхшээл гэж хараад байвал хэцүү гэж бодох биз. Дуртай юмаа, аз жаргалтай хийнэ гэдэг чинь л амжилт авчирдаг юм биш үү.
-Аварга малчин хүн гэхээр бусдаасаа илүү хөдөлмөрлөсөн байж таарна. Мал маллах арга ухаан гэдэг юм уу, таны өөрийн давуу тал гэж юм бий юу?
- Мал маллах арга барилын хувьд бусадтай л адил. Сүүлийн хэдэн жилд газрын гарц муу, зуд турхан их болж байгаа учраас малаа өвс, тэжээлээр хангаж байна. Энэ жил Дундговь аймгийн Луус суманд цас их унасан, зун намартаа газрын гарц нэлээд муутай байлаа. Мөн зун цагт цагаан идээнээс гарсан шар сүүгээ хурааж, өвөл малдаа тэжээл болгож өгдөг. Шар сүү исгэлэн чанартай учраас бээрч, даарсан малд өгөхөөр дотроос нь бүлээцүүлдэг юм. Тиймээс өвөл хүйтэнд их тустай. Мал маллах ардын маань арга ухаан гайхалтай шүү дээ. Энэ арга ухааныг түүчээлж, үргэлжлэл болж яваадаа баяртай байдаг. Мал маллах ардын ухаан дээр хөдөлмөр зүтгэл гэж нэг юм бий.
-Дундговь аймгийн Луус сумаас сайн малчин их төрөх юм?
- Тэр үнэн шүү. Малынхаа буянаар амьдрал минь үргэлж, өөдөө дээшээ явна даа. Таны асуусанчлан миний нутаг Луус сум ихэд онцлогтой сайхан газар. Энерги сайтай газар гэх юм уу даа. Нутаг ус гэдэг чинь ямар сайхан билээ дээ. Нутаг минь, уул, ус минь малчин түмнээ ивээж байдаг гэж л сүсэлж явдаг юм. Тийм ч учраас манай сумаас сайн малчин олон төрдөг уламжлалтай.
-Сар шинийн өмнөхөн манай уншигчидтай уулзаж байгаа хүний хувьд ерөөлийн сайхан үгийг тань сонсмоор байна?
-Могой жилийн сүүл, гал морин жилийн босгон дээр “Улсын сайн малчин” болсон маань сайхан байлаа. Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй. Аз хийморь дүүрэн байг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 25 (7767)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn