Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоох замд 2024 оны нэгдүгээр сарын 25-ны шөнө хүнд даацын автомашин “Патрол” маркийн суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Ослын улмаас хүнд даацын автомашинд тээвэрлэж явсан шингэрүүлсэн хий дэлбэрч тухайн орчинд явганаар болон тээврийн хэрэгслээр зорчиж явсан дөрвөн иргэн болон галыг унтраахаар очсон онцгой байдлын байгууллагын гурван албан хаагч амиа алдаж, нэг хүн түлэгдсэн. Мөн ойр орчинд нь байрладаг орон сууц галд өртөж, оршин суугчид орон гэргүй болж өнөөдрийг хүртэл түрээсийн байранд амьдарч байна. Тэгвэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус газын дэлбэрэлтэд өртөж нас барсан хохирогчдын ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэлгүй, нөхөн төлбөр олголгүй, шүүхийн шийдвэр нь ч гарахгүй байгаа талаар мэдээлэл хийж, Төрийн гурван өндөрлөгт ханджээ. Гэсэн ч мөн л ямар нэгэн хариу өгөөгүй тул өчигдөр Төрийн ордны үүдэнд мэдээлэл хийлээ.

Түүнийг Г.Ган-Эрдэнэ гэдэг. Түүний аав Ж.Ганболд 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө сэхээнд байгаа эгчтэйгээ уулзах гээд Дүнжингаравын зам дээр явж байхдаа осолд өртсөн. Аав нь амьд үлдсэн ч 39 хувийн буюу гуравдугаар зэргийн түлэгдэлтэй, танигдахын аргагүй болж, бүтэн хоёр жилийн хугацаанд эмнэлгээр явж, арай гэж хөл дээрээ боссон байна. Гэвч өнгөрсөн хугацаанд ямар нэг арга хэмжээ аваагүйд гомдолтой байна гэсэн юм. Энэ тухайгаа тэрээр “Аав минь1964 онд төрсөн. Тухайн өдөр дүүтэйгээ уулзах гэж яваад осолд өртөж гар, сарвуу, нүүр, толгой, гуя, шагайн хэсгээрээ түлэгдэж, танихгүй хүн шиг болсон. Үнэхээр аймшигтай нөхцөл байдалтай байсан. Ослын дараа бид аавыгаа хөл дээр нь босгох гэж маш их эмчилгээ хийлгэсэн. Хоёр жилийн уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд хөл дээрээ босож чадсан. Гэвч настай хүн учир нөхөн төлжилт удаан явагдаж, түүнээс гадна даралт нь ихсэж, чанга чимээнээс айж цочих зэрэг сэтгэлзүй, эрүүл мэндийн хувьд хүнд байдалтай байгаа. Тухайлбал, 39 хувийн түлэгдэлттэй байсан учир наранд удаан гарч болдоггүй. Хэрэв наранд гарах юм бол нүүр, гар дээр нь цэврүү үсэрдэг. Тиймээс аль болох дотор орчинд л байдаг болсон. Мөн тухайн үед унаж явсан prius маркийн авто машин нь шатаж үгүй болсон.

Гэвч өнөөдрийг хүртэл хохирсон иргэдийн ар гэр болон аавтай минь ирж уулзаагүй. Үндсэн хуульдаа бид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг хэр нь улсын хэмжээний гамшигт энэ ослыг шүүх, цагдаа нь ч тоохгүй байгаад гомдолтой байна. Бид төр лүү хандаад байгаа учир нь тодорхой арга хэмжээ авч, хэн нь буруутан юм бэ. Хэн бидэнд нөхөн төлбөр өгөх юм бэ гэдгийг чиглүүлж өгөөч ээ гэж хүсэж байна. Мартагдсан хэргийн азгүй хохирогчид болж үлдмээргүй байна. Мөн аав минь улсад олон жил ажиллаж, гавьяаны амралтдаа гараад, хувийн сургуульд жижүүр хийж сарын 2.000.000 төгрөгийн цалинтай байсан. Гэвч өнөөдөр ажиллаж хөдөлмөрлөж чадахгүй, сэтгэлзүй, эрүүл мэндээрээ хохирсон нэгэн болж үлдэж байгаад гомдолтой байна” гэсэн юм.

Хохирогч Э.Очирын аав Дүнжингаравын урд зам дээр зорчиж байх үедээ осолд өртөж амь насаа алдсан байна. Энэ тухай тэрээр “Аав минь Цагдаагийн Сүлд чуулгад ажилладаг байсан. Цэл залуухан 51 насандаа золгүй байдлаар амь насаа алдсан. Хайртай хүмүүсээ алдсан ар гэрийнхэн нь энэ хугацаанд их хүлээцтэй хандаж, хэргийн учир олдоно гэдэгт итгэсэн. Гэвч хэрэг нь шийдэгдэхгүй байсан. Тиймээс хоёр жилийн ой болоход нь буюу 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр хэвлэлийн хурал хийж, төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн. Бидний зүгээс ялгаварлан гадуурхалт явуулж байна гэж үзэж байгаа. Бид 207 дугаар байрныхантай барьцаагүй. Хайртай хүмүүсийнхээ амь насыг алдсан байтал яагаад 3, 4 дэх хэрэгцээ болсон хүний орох орон, орон сууцыг шийдэж өгчхөөд амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхнийг ялгаварлан гадуурхаж байна вэ гэж шаардлага хүргүүлсэн. Шаардлагынхаа хариуг 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр авна гэсэн хугацаатай байсан боловч одоогоор бидэнд ямар нэгэн мэдэгдэл ирээгүй.  Өнөөдөр 2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр болсон байна. Тиймээс Төрийн ордны гадаа ирээд хэвлэлийн хурал зарлаж, хариугаа авахыг шаардаж байна.

Тухайн осолд долоон хүн амь насаа алдсан. Түүний гурав нь онцгой байдлын алба хаагч. Дөрөв нь энгийн иргэн байсан. Миний аав буюу Төмөрийн Эрдэнэбаатар тэнд зорчиж яваад амь насаа алдсан. Энгийн дөрвөн иргэн бүгд л Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаад амиа алдсан. Тухайн дөрвөн хүн ямар шархтай, ямар байдалтай байсныг ар гэрийнхэн нь нүдээрээ харсан. Тиймээс бие биеэ ойлгоод, сэтгэл санааг нь дэмжих үедээ дэмжээд, ийм байна, тийм байна гээд хоорондоо ярилцаад л явж байна даа” гэсэн юм.

Харин тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан хүн бол н.Батбаатар юм. Түүний хүү Б.Гантулга байр сууриа илэрхийлэхдээ “Аав минь цахилгаанчин мэргэжилтэй. Тухайн өдөр дуудлагатай явж байгаад осолд өртсөн. Эмнэлэгт долоо хоноод бурхан болсон. Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн ч одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна. Хэрвээ цаашдаа ч ямар нэгэн хариу өгөхгүй бол би суулт хийе гэсэн бодолтой байгаа. 207 дугаар байрны хохирогчдод улсын төсвөөс 20 тэрбум төгрөг гаргаад хохирлыг нөхөн өгч байгаа. Буруутай этгээд тогтоогдсоны дараа улсын төсвийн мөнгийг нөхөн төлүүлнэ гэдэг мэдээлэл хийсэн. Түүн шиг бидний асуудлыг ч гэсэн шийдээд өгөөч ээ л гэж хүсэж байгаа. Тэр ослоос хойш ээж минь гэртээ байхаар хань ижлээ санаад байж чадахгүй нь гээд эгчийндээ амьдарч байна. Тухайн үедээ сэтгэл санааны хохирол гэж яригдаж байгаад л чимээгүй болсон. Бүхэл бүтэн 18 сарын дараа шүүх эмнэлэг дээр ирээрэй гэсэн. Тэгээд очоод сэтгэл санааны үнэлгээгээ хийлгэсэн. Гэтэл ослоор түлэгдээд амьд үлдсэн хүмүүсийн сэтгэл санааны үнэлгээ бүгд дөрөв, амь хохирсон хүмүүсийн ар гэрийнхний сэтгэл санааны үнэлгээ ч мөн адил бүгдийг нь дөрөв гээд үнэлчихсэн. Ямар ч ялгаа байхгүй. Доромжилж байгаа юм шүү. Энгийн иргэн гудамжинд зорчиж байгаад алуулчихдаг нийгэм болсон байна шүү дээ” гэсэн юм.

Тэгвэл аюултай ачаа тээвэрлэх гэсэн стандарт зөрчигдөж энэхүү осол гарсан байдаг. Стандартын дагуу бол тус авто машин хотын хүн амын суурьшил багатай бүсээр зорчих ёстой бөгөөд жолоочоос гадна ХАБ-ын инженер, техникчтэй хамт хөдөлгөөнд оролцох ёстой. Мөн дээрх шиг эрсдэл үүссэн үед нэмэлт техникүүд буюу тог таслах тусгай удирдлагатай байх ёстойгоос гадна ачаа тээвэрлэж буй ёмкост мэргэжлийн байгууллагын дүгнэлтийн дагуу савны амны наагуур хамгаалалттай хөдөлгөөнд оролцох ёстой. Тэр бүү хэл аюултай ачаа тээвэрлэсэн авто машины шатахуун нь дууссан тохиолдолд шатахуун түгээгүүрийн газар руу очихгүйгээр тусгай зориулалтын саванд авах дүрэмтэй ажээ. Хэрэв тухайн автомашин стандартаа мөрдсөн бол дээрх осол болохгүй байх бүрэн магадлалтай байсан юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 24 (7766)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn