Монгол Ардын Хувьсгалын журамт цэргийн Жанжин, Цэргийн яамны сайд Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ойг энэ хоёрдугаар сарын 2-нд тэмдэглэн өнгөрүүлэв. Амгаланбаатар хотноо ядуу ард Дамдины гэр бүлд төрсөн Сүхбаатар нь  1911 онд цэргийн албанд татагдаж, улмаар пулемёт сумангийн даргаар ажиллаж, эх орноо гадаадын түрэмгийллээс чөлөөлөх дайнд оролцож, баатар цолоор шагнуулсан. 1921 оны ардын хувьсгалын удирдагчдын нэг Д.Сүхбаатарын талаар зохиол бүтээл  олон байдаг. Хамгийн сүүлд гэхэд түүний мэндэлсний 131 жилийн ойгоор “Сүхбаатар” цуврал анимейшнийг танилцуулж байсан билээ.

Ардын хувьсгалын удирдагчийн талаар бараг анхны гэж хэлж болох бүтээлүүдэд өдгөөгөөс 90 гаруй жилийн тэртээ буюу 1930-аад оны дундуур театрын тайзнаа тавигдсан жүжгүүд багтана. Театрын урын санд түүх хувьсгалын сэдэв орж ирсэн ба Сүхбаатарын тухай жүжгүүдийн талаар  Монголын театрт 1940-өөд оны эхээр Зөвлөлтөөс ирж ажилласан мэргэжилтэн Галина Уваровагийн бичсэнийг толилуулж байна. Г.Уваровагийн бичиж, 1947 онд Орост хэвлүүлсэн “Орчин үеийн Монголын театр 1921-1945” ном нь орчуулагч Норовын Пүрэвдагвын орчуулгаар тун удахгүй уншигчдад хүрэх гэж байгаа аж.

 ***   ***          ***

Театр 1934 оноос түүх-хувьсгалын сэдэвт анхаарал тавьж эхэлсэн. Гэгээрлийн яамнаас хувьсгалын удирдагч Д.Сүхбаатарын тухай жүжгийн уралдаан зарласан. Уралдаанд найман жүжиг ирсэн. “Монгол хүү”, “Монголын сүлд” (“Сүхбаатарын амьдралаас”) болон “Халхын баатар”-ыг улсын театрын бүтээл болгох шийд гарч 1934, 1935 онд тавьсан байдаг. “Монголын сүлд” жүжгийг 1934 оны наадам гэхэд тавьсан. Жүжиг хөтлөх үйл явдалгүй; ардын хувьсгалын удирдагч баатрын амьдралын хэсгээс тоочин харуулсан, дүрийн хувьд нэг талыг барьсан, оновчтой бус болсон байсан. Ард түмэндээ чин үнэнч, галтай хувьсгалч, гайхалтай зохион байгуулагч, цэргийн жанжин, хэрсүү, алсын хараатай улстөрч, хүний сэтгэл татсан аятайхан хүн Сүхбаатарыг энэ жүжиг дээр олны өмнө үг хэлэн гүйж явдаг, шалтаг л гарвал сүржигнэн элдвийг ярьж байдаг нэгэн болгож үзүүлсэн байсан.

Жүжиг амжилттай болоогүй. Үзэгчид-ард түмэнд хайртай баатрынх нь тухай дурсамж хэвээр байсан болохоор жүжиг дээр харуулахыг зорьсон Сүхбаатарыг хүлээн аваагүй юм.

“Монгол хүү” жүжигт ардын хувьсгалын удирдагч Сүхбаатарын дүрийг бусдаас дарга гэх цолноос өөр ялгарах юмгүй жирийн нэгэн гэснээс бус түүхэн гавьяатай бие хүн гэдгийг орхигдуулсан байсан.

“Халхын баатар”-т баатрын дүр өмнөх хоёрт байсан шиг нэг талыг бариагүй, илүү үнэмшилтэй, гэхдээ л нэг талыг барьсан Сүхбаатар айхыг үл мэдэх олон дайчдын удирдагч, ухрахыг үл мэдэгч зоригтон гэж дүрслэхдээ хүнлэг бус, олны дунд яригддаг бодит төсөөлөлтэй эрс тэс зөрж байсан.

Түүх-хувьсгалын сэдвийг зөв найруулах ажил 1942 оноос л эхэлсэн.

“Шинэ зам” хэмээх 1938 онд тавигдсан жүжиг Сүхбаатарын дайчид барон Унгерний цагааны дээрэмчидтэй зэвсэглэн тэмцэж байгаа тухай өгүүлдэг.

“Шинэ зам” жүжигт Сүхбаатарын цэрэгт нэгдэж байгаа эгэл ардуудын дүр үнэмшилтэй гардаг бол Сүхбаатар л хэдхэн хэсэгт богино богинохон гардаг. Дарга, цэрэг аль аль нь түүнд хандаж үүрэг даалгавар авч, амрах үед ярьж хөөрч гардаг.

Сүхбаатар ингэж зурвас зурвас гарч байгаа ч гэсэн нийтээр хэрхэн хүндэлж, удирдагчийн нэр хүнд ямар өндөр, өгсөн үүрэг даалгаврыг яаж биелүүлж байгаа нь харагддаг. Энд Сүхбаатар зоримог удирдагч, соргог хүн, сайн нөхөр болж дүрслэгдсэн. Харин холын бодолтой улстөрч, авьяаслаг зохион байгуулагч, амьдралыг хувьсган өөрчлөхийн төлөө ариун, шударга тэмцэлд ард түмнээ бодлоготой, гал цогтой үгээрээ уриалан дуудаж явсан Сүхбаатар сүүдэрт нь хоцорсон байсан.

Театр Сүхбаатарын тухай дөрвөн жүжиг тавьснаасаа хойш түүх-хувьсгалын сэдвээр ямар нэг юм хийлгүй нэлээн удсан. Тэгээд 1942 оноос л хувьсгалт үйл явдлын сэдэвт эргэн орсон. А.Борщаговский, Я.Варшавский нарын Монголд хувьсгалын эхний жилүүдэд өрнөсөн явдлын тухай өгүүлсэн “Талын баатрууд” жүжгийг 1943 онд тавьсан.

“Талын баатрууд”-ын араас баатарлаг түүхт-хувьсгалын сэдвээр “Хатанбаатар Магсаржав” хэмээх жүжиг тавьсан. Энэ жүжгийн үндсэн материал нь БНМАУ-ын маршал Чойбалсангийн бичсэн монгол цэргийн нэгэн жанжин Магсаржавын тухай ном байсан юм. Автономит Монголын төлөө 1911 онд цэргээ удирдан идэвхтэй тэмцэж явсныхаа төлөө Богд гэгээний Засгийн газраас “Түшээ ван”, “Хатанбаатар” зэрэг хэргэм цолоор шагнагдаж явсан хүн.

Магсаржав хожим нь автономит Монголын Цэргийн яамны сайдын алба хэсэг хугацаанд хашиж байсан хүн. Сүхбаатар, Чойбалсан нартай үзэл бодол нэг, дотно нөхөр байсны хувьд 1921 оны ардын хувьсгалын үйл хэрэгт идэвхтэй оролцсон бөгөөд 1922 онд энэ нөхдийнхөө хамт Зөвлөлтийн Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байжээ. Магсаржавын дүр өмнөх дөрвөн жүжгийн Сүхбаатараас хавьгүй амьд, үнэмшилтэй болсон.

“Хатанбаатар Магсаржав” жүжгийг тавихдаа түүхэн явдлыг яг баримтлан хэлхэхдээ нэгтгэсэн санаа гаргаж чадаагүйд дутагдал нь оршиж байгаа юм.

Театрт энэ үед тавьсан түүх-хувьсгалын сэдэвт долоон жүжгээс хамгийн амжилттай болсон нь “Хатанбаатар Магсаржав” байсан бөгөөд түүх-хувьсгалын сэдвийг цааш өргөжүүлэн бүтээл туурвих үйлсэд яах аргагүй чухал үүрэг гүйцэтгэсэн бүтээлүүд болсон билээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 23 (7765)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn