Хуурамч мэдээллийн эсрэг Монголын анхны талбар Factcheck.mn сайт нийгэмд тулгамдаж буй аливаа асуудлыг мэдээлээд өнгөрөх биш, тодорхой нэг сэдвийг бүтэн нэг сарын турш олон талаас нь мөшгөж, гарц шийдлийг санал болгох зорилгоор “1 сар 1 сэдэв” цогц мэдээллийн загварыг нийтэд хүргэж байгаа билээ. Өнгөрөгч нэгдүгээр сарын турш ахмадуудын тэтгэврийн зээлийн асуудлыг тал бүрээс нь ухаж мэдээлснээ нэгтгэн хүргэж байна.

 

10 ахмадын 6 нь хамгийн доод түвшний тэтгэвэр авч байна

 

Монгол Улсад өнөөдөр тэтгэвэр авч буй 518.700 иргэн байгаагаас 60 хувь нь тэтгэврийн доод хэмжээний орлоготой амьдарч байна. Тэтгэвэр бол ахмадуудын нийгмийн баталгаа болох учиртай орлого. Гэвч 2025 оны аравдугаар сарын 31-ний байдлаар 300 мянга орчим ахмад тэтгэврээ барьцаалан зээл авсан гэсэн Монгол банкны судалгаа байгаа бөгөөд 60 хувь нь хамгийн бага буюу 700 мянга хүрэхгүй төгрөгийн тэтгэвэртэй хөгшчүүд байгаа юм. Өөрөөр хэлбэл, дийлэнхийнх нь орлого амьдралд нь хүрэлцэхгүй учраас тэтгэврээ барьцаалан зээл авдаг ажээ.

Ер нь яагаад сар бүрийн амьдралаа залгуулах ёстой мөнгөө барьцаалж, дараагийн 1-2 жилийн орлогоо сох таслан, эрсдэлд оруулан байж зээл авах болсныг судалж үзэхэд юуны өмнө дээр дурдсанчлан орлого хүрэлцэхгүй, эрүүл мэндийн зэрэг гэнэтийн зардал гарахад зээл авдаг бол дийлэнх нь өөрөө биш, үр хүүхдүүддээ сургалтын төлбөр, машин авах зэрэг санхүүгийн хэрэгцээнд нь нэмэр болох гэж авдаг гэсэн судалгаа байна. Энэ нь ахмадууд төдийгүй Монгол Улсын нийт иргэдийн амьжиргааны түвшин, орлогын хэмжээтэй шууд холбоотой нь ойлгомжтой.

Нөгөө талаар зээлтэй ахмадуудын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь эдийн засгийн өсөлт амьдралд наалдахгүй байгааг илтгэж байгаагаас гадна улстөрчдийн поп шийдвэр хүчтэй нөлөөлж байна.

 

Тэтгэврийн зээлийн өсөлт нь улс төрийн шийдвэрүүдээс улбаатай байна

 

Монгол Улсад тэтгэврийн зээлийг анх удаа, Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэглэх шийдвэрээ 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр танилцуулж, Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ баталсан.

Тус хуулийн дагуу Нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ барьцаалж зээл авсан иргэдийн зургаан сая хүртэлх төгрөгийн зээлийг буюу 228.5 мянган ахмадын 694.9 тэрбум төгрөгийн зээлийг тэглэжээ. Ингэхдээ 2019 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган иргэнд 194 тэрбум, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43900 иргэнд 21.4 тэрбум төгрөгийг нөхөн олгох хуулийг гаргасан.

Хэдийгээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилсан тэтгэвэр тэглэх шийдвэр нь цар тахлын үед ахмадуудыг хүнд байдалд орохоос хамгаалсан гэх боловч нийгмийн сэтгэл зүйд “зээл авах нь ашигтай” гэсэн ойлголтыг өгсөн хортой үйл явдал болсныг тоонууд илэрхийлж байна.

Дараа нь УИХ-аас 2021 оны тавдугаар сард баталсан банкны урт нэртэй хуулийн шинэчилсэн найруулгаар тэтгэврийн зээлийг хязгаарласан (Тухайлбал, жилд нэг удаа, зургаан сараас дээш хугацаагаар барьцаалахыг хориглосон болон өр орлогын харьцаа зэрэг) заалт хасагджээ. Үүний дараагаас банкны тэтгэврийн зээл олголт эрчимжиж, 2025 оны хоёрдугаар сарын эцэст 2.1 их наяд төгрөгт хүрч, 2019 оны эцэс буюу иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хууль батлагдахын өмнөх үетэй харьцуулахад 2.8 дахин нэмэгдэв.

Иймд Монгол банкнаас зохицуулалт хийж, 2025 оны эхний хагаст шат дараатай арга хэмжээ авснаар дээрх дүн 1.7 их наяд төгрөгт хүрч буурсан. Гэсэн ч долоодугаар сард нь тэтгэврийн зээлд мөрдүүлж байсан хязгаарлалтуудыг цуцалснаар зээлийн өсөлт эргэн эрчимжиж, 2025 оны аравдугаар сарын байдлаар буцаад 2.4 их наяд төгрөгт хүрч огцом өсөөд байгаа юм. Ахмадуудын эсэргүүцэл, улс төрийн шахалтад хавчигдсан Монгол банк зээлийн хязгаарыг 36 сар болгож, 100 хувь  олгох шийдвэр гаргасан нь дээрх огцом өссөн дүнг улам нэмэгдүүлэх эрсдэлийг бүрдүүлээд байна. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн хөгшин 3 жилийн турш сар бүр авах ёстой тэтгэврээ нэг дор бөөнд нь аваад үлдсэн хугацаандаа огт орлогогүйгээр амьдарна гэсэн үг. Нэмээд хэлэхэд тэрхүү бөөнд нь авч буй мөнгөнөөс дунджаар 17 хувийн зээлийн хүүг хасаж тооцохоор гар дээр ирэх мөнгө нь бүр ч багасдаг талаар доор тайлбарлана.

 

Тэтгэврийн ахмадууд бизнесменүүд юм уу?

 

Ахмадууд хэзээ ч хүссэн дүнгээрээ зээл авч чаддаггүй. Жишээлбэл, 600 орчим мянган төгрөгийн тэтгэвэртэй хүн 36 сарын хугацаатайгаар 20 орчим сая төгрөгийн зээл авахаар банканд очиход гар дээрээ 15 орчим саятай гардаг. Энэ нь арилжааны банкнаас ахмадуудад тэтгэврийг нь барьцаалан олгож байгаа зээлийн хүү, бизнес эрхлэгчдэд олгодог зээлийн хүүтэй ижил буюу дунджаар 17 хувь байгаатай холбоотой байна. Арилжааны банкнууд бизнес эрхэлж, ашиг олдог аж ахуйн нэгжүүдэд дунджаар 17.4 хувиар зээл өгдөг бол тэтгэврээс өөр орлогогүй ахмадуудад хугацаанаас нь хамаараад 15.6-18 хувийн хүүтэй зээл өгч байгаа юм.

Өөрөөр хэлбэл, улстөрчид ахмадуудыг бодож шийдвэр гаргаж байгаа мэт боловч цаанаа тэднийг бүр удаан хугацаанд санхүүгийн хувьд хүнд, бусдаас хараат байж, ядуурал руу гулсахад түлхэж байгаатай адил болохыг нотолж байна.

 

Ахмадуудын олонх нь өрийн дарамтад амьдарсаар

 

Ийнхүү ахмадуудын олонх нь өрийн дарамтад амьдарч байгаа ба зээлийг замбараагүй олгох шийдвэр гаргалтад улстөрчид ийн нөлөөлж байна.

Монгол банкны судалгаагаар өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар тэтгэврийн зээлдэгчдийн өр, орлогын харьцаа дунджаар 82.6 хувь байгаа буюу зээлийн төлбөрийн дарамт өндөр байна. Зээлдэгчид дунджаар тэтгэврийн орлогынхоо 83 орчим хувийг зээлийн төлбөрт суутгуулж, үлдэх 17 орчим хувь нь гар дээр нь үлдэж байна гэсэн үг.

Нэг зээлдэгч дунджаар 8.1 сая төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй, сард 705 мянган төгрөгийг зээлийн сарын төлбөрт төлж буй аж. Санхүүгийн дарамттай байгаа учраас тэтгэврээ барьцаалан зээлсэн ахмадууд зээлээ төлж дуусахаас өмнө гэрээгээ шинэчилж, нэмж зээл авах хандлагатай байгааг Монгол банкны судалгаанд мөн дурджээ.

 

Арилжааны банканд ахмадуудын тэтгэврийн нэг ч төгрөг байхгүй…

 

Ахмадууд 36 сараар тэтгэврээ барьцаалан зээлэх нь ямар хортой үр дагавартай тухай болон улстөрчдийн шийдвэр ахмадуудаа ядуурал руу түлхэж байгаагаас ялгаагүй гэдгийг дээр өгүүлсэн. Үүн дээр нэмээд тэтгэврийн зээлийн хүү бизнесийн зээлийн хүүтэй ижил түвшинд өндөр байгаа тухай эдийн засагчид санал нэгтэйгээр хэлж байна.

Эдийн засагч Г.Батзориг “Тэтгэврийн зээлийн гол асуудал нь зээлийн хүү. Банкны хувьд тэтгэврийн зээл бол хамгийн ашигтай бүтээгдэхүүний нэг. Яагаад гэвэл орлого нь хэзээ ч тасалддаггүй, хэзээ ч чанаргүй зээл болдоггүй учраас ашигтай болчхож байгаа юм. Тиймээс ахмадуудын зээлийг зах зээлийн үнээс хямдаар өгөх боломжтой” гэсэн бол СЭЗИС-ийн ахлах багш, эдийн засагч Ч.Өнөржаргал “Энэ чинь тэтгэврийн зээл биш, ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛ. Манайхан тэтгэврээ урьдчилж аваад байна гэж бодоод байдаг. Тэтгэвэр гэдэг нь хөдөлмөрлөх боломжгүй болсон үед сар бүр олгогдох амьжиргааны эх үүсвэр юм. Тиймээс банкны "тэтгэвэр барьцаалсан зээл" гэдэг бүтээгдэхүүнийг сонгохдоо ирээдүйн 36 сараа эрсдэлд оруулж байгаа юм биш биз гэдгээ дахин бодох хэрэгтэй" гэсэн юм. СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн багш, доктор Ц.Батсүх бол зээлийн хугацааг сунгах нь шийдэл биш, төрийн ухаалаг бодлого хэрэгтэй гээд тэтгэврийг урт хугацаагаар зээлэх бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн.

Өнөөг хүртэл 30 жил буруу явж ирсэн тэтгэврийн тогтолцоог өөрчлөхийн тулд тэтгэврийн реформыг хийх хэрэгтэй ч энэ тухай яриад 10 жил болсныг эдийн засагч, Тэтгэврийн реформ хөдөлгөөний тэргүүн Ж.Дэлгэрсайхан хэлсэн. Гэсэн ч ядаж идексжүүлэх арга хэмжээ авч, эрт тэтгэвэрт гарсан нь хохирдоггүй байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай хэмээн эдийн засагч Л.Оюун сануулсан юм.

 

Шийдэл байна уу?

 

Монголын ахмадууд ийм дүр төрхтэй амьдарч байна. Тэтгэвэрт гарснаар хэн ч биш болж, ядуурлын эгнээ рүү дөхдөг ийм тогтолцоо Монголд бий болжээ. Улстөрчид ахмадуудын хүнд амьдрал дээр попорч, улам хүнд байдалд оруулсан шийдвэрүүдээ эргэж харах шаардлагатай байна. Үнэхээр ахмадуудаа гэсэн сэтгэл байгаа бол тэтгэврээ барьцаалан авч байгаа зээлийнх нь хугацааг хэт уртасгалгүй, гол нь гар дээрээ ядаж тал мөнгөө авч, хэн нэгнээс хараат бус амьдрахад нь чиглэсэн шийдвэр л тэдэнд хэрэгтэй. Тэгээд зээлийн хүү өндөр байгаа эдийн засгийн эрсдэлтэй нөхцөлөө сайжруулахад анхаарах шаардлагатай.

Хоёрдугаарт, тэтгэврийн шинэчлэлийг түргэвчлэх улс төрийн зориг үгүйлэгдэж байна.

Өнөөдөр олсон орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа залуус биднийг ийм ирээдүй хүлээж байгаа тул байгаа ганц сонголт нь хувийн тэтгэврийн сан болж таарч байна. Тэтгэврийн реформ хийгдэж, бодлого шинэчлэгдэхийг хэдэн жил хүлээх нь тодорхой биш энэ нөхцөлд орлогоосоо бага ч болов хэсгийг хуримтлуулах сонголт л байгаа ажээ.

 Р.Оюунцэцэг, Э.Болор-Од

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 23 (7765)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn