Улаанбаатар хот, 21 аймаг, 330 сумд 1000 ажилтантай, улсад шимтгэл, хураамжид жилд дунджаар таван тэрбум төгрөг төвлөрүүлдэг “Монгол шуудан” хувьцаат компани хувьд бүрэн шилжих үү гэдэг олон нийтийн анхаарлын төвд байна. Иргэдийн эмзэг мэдээлэл, төрийн тусгай байгууллагуудын нууц мэдээллийг хадгалдаг, дамжуулдаг стратегийн чухал объектын хувьд төрийн мэдэлд байх шаардлагатай юу. Энэ мэт цаг үеийн асуудлаар  “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэнтэй ярилцлаа.

 

-“Монгол шүудан” компани 2016 онд төрийн эзэмшлийн 34 хувийг Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ээр дамжуулан зах зээлийн анхдагч арилжаа (IPO) хийж, нээлттэй хувьцаат компани болсон. Энэ 10 жилийн хугацаанд юу болж өнгөрөв гэдэг сонирхол татаж байна?

-2015 онд УИХ, Засгийн газар, Төрийн өмчийн хорооны тогтоолоор “Монгол шүудан” компанийн төрийн эзэмшлийн 34 хувийг олон нийтийнх болгосон. 10 жилийн хугацаа өнгөрсөн байна. Эл хугацаанд төр, хувийн хэвшлүүд ойлголцож эхэлсэн үйл явц өрнөжээ. Энэ утгаараа компанийн засаглалын хувьд нэлээд сайжирсан. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт гэхээс хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани гэдэг утгаараа Үнэт цаасны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны тодорхой журам, МХБ-ийн шаардлагад нийцүүлэн ажиллах шаардлагатай болсон. Компанийн тайланг олон нийтэд мэдээлж эхэлсэн. Мөн Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу жилд хоёр удаа компанийн мэдээллийг хувьцаа эзэмшигч нартаа нээлттэйгээр танилцуулдаг.

Аудитын тайлангаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарладаг. Компани хаанаас ашиг олж, үүнийгээ юунд зарцуулж байгаа мэдээлэл ил тод болсон гэсэн үг. Мэдээллийг ил тод байршуулснаар наад зах нь төрийн өмчит компанийн захирлууд өндөр цалин авч байна гэсэн олон нийтийн хардлагыг багасгасан болов уу.

2024 оны хоёрдугаар сард компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх захирлыг сонгосон. Ингэснээр “Монгол шуудан” Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудаас анх удаа таван нэр дэвшигч өрсөлдөж, гүйцэтгэх захирлаа сонгон шалгаруулж, томилсон компани болсон. Засаглалын хувьд ийм ахиц гарсан. Мөн IPO хийснээс хойш 3384 иргэн, аж ахуйн нэгж хувьцаа эзэмшигчтэй боллоо. Үлдсэн 66 хувь нь төрийн мэдэлд байгаа.

 

Хувьцаа эзэмшигчдэдээ гурван тэрбумын ногдол ашиг тараасан

-Төр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудлыг олон жилийн өмнөөс л ярьж эхэлсэн. Одоо “Монгол шуудан” ашигтай ажиллаж байна уу?

-IPO гаргахаас өмнөх үеийнхтэй харьцуулахад манай борлуулалтын орлого өнгөрсөн 10 жилийн хугацаанд 2.4 дахин өссөн. Хувьцааны үнэлгээ анх хөрөнгийн бирж дээр 185 төгрөгөөр гарч байсан бол 743 төгрөгт хүрч, дөрөв дахин нэмэгдлээ. Энэ хугацаанд хувьцаа эзэмшигчдэдээ гурван тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж өгсөн.

Ашигггүй ажилладаг гэх төрийн өмчит компаниудын хувьд энэ бол амжилт гэж харж байна. Гэхдээ асуудал бол байгаа. “Монгол шүудан” компани нь дан ганц Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан шуудангийн компани биш юм. Бүх нийтийн үйлчилгээний үүрэг гэж бий. Иргэн аль ч газар оршин суухаас үл шалтгаалан шуудангийн үйлчилгээ авах эрхтэй. Засгийн газар үүнийг хангаж өгөх үүрэгтэй. Манай улс Дэлхийн шуудан холбоооны байгууллагад 1963 онд гишүүнээр элсэж, шуудангийн бүх нийтийн үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн. Засгийн газар эл байгууллагад элссэнээр тухайн иргэнийхээ дотоод болон гадаадын шуудан үйлчилгээнд оролцох эрхийг хангаж өгөх юм.

Газар нутаг том, хүн ам цөөтэй манай улс зах зээл багатай. Гэхдээ төрийн өмнөөс үүрэг хүлээсэн учраас алслагдсан сум, багт амьдарч буй иргэнд үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн тул алдагдалтай ч ажиллах ёстой. Нэг үгээр хэлбэл, дан ганц цэвэр ашгийн төлөөх байгууллага биш тул нийгмийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Энэ нь хэдийгээр ашигт ажиллагаа өндөр байхад саад учруулдаг ч нийгмийн хариуцлага гэж байх ёстой. 

-Та түрүү асуудал бол байгаа гэлээ. Тухайлбал?

-Төр засаг энэ компанийн хамгийн том хувьцаа эзэмшигчийн хувьд шуудангийн үндсэн сүлжээгээ  хөгжүүлэх бодлого баримтлах хэрэгтэй. Уламжлалт бичиг цаас, захидлын солилцоо буурсантай холбоотой орчин үеийн ложистикийн хүргэлтийн үйлчилгээ, цахим худалдааг илгээхэд шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хаягдчихсан. Компани олж байгаа багахан орлогоосоо үйл ажиллагаандаа зарцуулаад явдаг. Төр, хувьцаа эзэмшигчид хамтраад энэ компанийг цаашид хэрхэн хөгжүүлэх, хөрөнгө яаж босгох вэ гэдэг асуултууд биднийг хүндрэлтэй, ойлгомжгүй статуст оруулчихсан. Энэ нь компанийг иргэдэд хурдан шуурхай үйлчлэх, дараагийн шатанд гарах хөрөнгө оруулалтыг хязгаарлаж ирсэн. Нөгөө талаас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн тухай бие даасан хууль байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуульд захирагддаг. Эдгээр нь төсвийн шинж чанартай буюу иргэдээс татвар авч төсвөөр санхүүждэг төрийн байгууллага, 100 хувь төрийн өмчит компаниудыг хянахад зориулсан хууль. Улсаас мөнгө авдаггүй, нийгмийн даатгалын шимтгэл, хураамжид улсад жилд таван тэрбум төгрөг төвлөрүүлдэг, зах зээлээс 2-3 тэрбум төгрөгийн худалдан авалт хийдэг, 1000-аад хүнийг ажлын байраар хангадаг байгууллага шүү дээ. Гэтэл одоо Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудын алийг нь дагах уу гэдэг тодорхойгүй байдалд байна.

 

Илүү хөрөнгө оруулалт хийгдэж, менежмент сайжрах хэрэгтэй

 

-Ийм тодорхойгүй статусыг цаашид яах вэ. Хүний нууц мэдээлэл болон улсын хэмжээний харилцаа холбоо, шуудангийн үндсэн сүлжээг хариуцдаг стратегийн ач холбогдолтой объект бүрэн хувьд шилжих нь зөв үү.  Нөгөө талаас хувьд шилжүүлчихвэл ашиггүй үйлчилгээг хумьснаар, сум, багт амьдарч байгаа иргэд шуудангийн үйлчилгээ авч чадахгүйд хүрч, эрх ашиг нь зөрчигдөх юм биш үү?

-Төр үүнд хариулах хэрэгтэй болж байна. Олон улсын сайн туршлагуудыг харах ёстой. Бид шинэ нээлт хийх гэж байгаа биш шүү дээ. Өндөр хөгжилтэй Франц, Австрали зэрэг улсад төрийн үндсэн шуудан байдаг. Яагаад гэхээр нэгдүгээрт, үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Манай үндсэн сүлжээгээр тусгай шуудангууд явдаг. Тухайлбал, шүүх, цагдаа, онцгой байдал зэрэг төрийн тусгай байгууллагуудын бичгийг бид хүргэдэг, мөн иргэдийн эмзэг мэдээлэл болох нэр, хаяг, худалдан авалтын мэдээллийг бид хүлээн авч, хадгалдаг. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд утсан бус харилцааны сүлжээнээс мэдээлэл гадагш урсахаас хамгаална гэж заасан. Магадгүй компанийн 51-ээс дээш хувийг гадаадын нэг иргэн эзэмшиж байвал яах вэ. Тусгай албадын мэдээгээ явуулах уу. Ийм учраас төр тодорхой хувийг өөрийн мэдэлд байлгадаг. Дэлхийн шуудангийн байгууллагуудын 98 хувь нь төрийн тодорхой хяналтад, бараг төсвийн байгууллага шиг ажилладаг. Харин манайх нээлттэй хувьцаат компани болсон нь түгээмэл жишээ бол биш. Энэтхэгийн шуудан бараг яам, агентлагийн статустай. Мэдээж шуудангийн хүргэлтийн хувийн хэвшлийн компаниуд байж болно.

“Ковид-19” цар тахлын үед иргэд гэрээсээ гарч чадахгүй, бараа, үйлчилгээгээ авч чадахгүй байхад “Монгол шуудан” ажиллаж байсан. Төр ийм онцгой байдалд иргэдэдээ хүрэх зайлшгүй шаардлагатай. Бид Улаанбаатараас орон нутаг руу вакцин, мах зөөж байлаа. Онцгой байдлын үед ажиллах үүрэг гэж бий. Энэ бүхнийг тооцоолох хэрэгтэй. Мэдээж илүү хөрөнгө оруулалт хийгдэж, менежмент сайжрах хэрэгтэй.

-Хэрэв компанийн 51-ээс дээш хувь нь олон нийтийн болон хувийн хэвшилд шилжчихвэл таны дурдсан олон хуулийн зөрчлүүд арилах боломжтой юу?

-Компанийн жамаар хөгжинө. Гэхдээ төр тодорхой хэмжээнд энэ компаниар дамжуулж онцгой үүргээ хэрэгжүүлнэ гэдгээ хувьчлалын үед зааж өгөх ёстой. Дэмжлэг үзүүлнэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай гэсэн үг л дээ. Миний судалснаар бол 66 хувь нь хувийн хэвшилд, 34 хувь буюу хяналтын багц, нэг бол ногдол ашгаасаа татгалзаж, алтан хувьцааны зарчим баримтлан тодорхой асуудлууд дээр вэто эрхээ төр хадгалахыг аль нэгийг сонгох зөв. Ямар ч утгаар “Монгол Шуудан”-гийн хувьд IPO хийгээд 10 жил болсон тул дараачийн шат руу өгсөж,  хувийн хэвшил, олон нийтийн хувь хэмжээг нэмэгдүүлэн, ноу хау, хөрөнгө оруулалтаа шийдэх цаг нь мөн. Ялангуяа УИХ-аар 2026-2028 онд Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл хэлэлцэх гэж буй энэ үед IPO хийгээд 10 жил болж буй “Монгол Шуудан” компанийн амжилт ололт, алдаа сургамжаас бодлого боловсруулагчид суралцаасай гэж бодож байна.

 

Хууль нь боломжгүй, бодлого нь тодорхойгүй байна гээд шалтаг хэлээд сууж болохгүй

 

-Компанийн ашиг, үр өгөөжөөр тоног төхөөрөмжөө сайжруулж, үйл ажиллагаагаа тэлсэн юм байна. Гадаад харилцаа хэрхэн өргөжив?

-Шуудангийн бизнес нь зөвхөн дотоодын бизнес биш. 3.7 сая иргэн 192 орны  хүн амтай холбогдож байгаа олон улсын бизнес. Тэр дундаа бүс нутгийн нийлүүлэлтийн гинжин хэлхээ, ложистикийн үйлчилгээнд оролцох нь чухал гэдгийг аль 2016 онд анх стратегиа тодорхойлохдоо гаргаж байсан. Хил дамнасан транзит тээвэрт 2016 оноос оролцож ирлээ. Хятадаас ОХУ, Оросоос Европ руу шуудангийн шугамаар дамжуулж, цахим худалдааг хүргэж өгдөг бизнесийг амжилттай нэвтрүүлсэн. Шуудангаар захидал солилцох, суурин утсаар ярих зэрэг уламжлалт харилцаа холбооны үүрэг бараг үгүй болоод байна.  Жишээ нь 10 жилийн өмнө сонингийн солилцоо 10 сая байсан бол 2024 онд нэг сая болж буурсан. Цахим шилжилтийн улмаас энэ үүрэг багассанн ч биет солилцооны хэрэгцээ байсаар байна. Эдгээрт шаардлагатай хөрөнгө оруулалтыг “Монгол шуудан”, төр, хувийн хэвшил яаж хийхээ мэдэхгүй байгаа үед гадаадын хамтын ажиллагааны хүрээнд, гадаадын байгууллагуудтай стратегийн түвшинд хамтарч ажиллахын тулд дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийж байна. Хууль нь боломжгүй, бодлого нь тодорхойгүй байна гээд шалтаг хэлээд суух эрх бидэнд байхгүй. Тэр утгаараа Хятадын болон олон улсын байгууллагуудтай хамтарч бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн дээр Монгол Улсын хэмжээнд анх удаа бүрэн автомат ялган боловсруулах машиныг оруулж ирсэн. Жинг нь автоматаар үзэж, мэдээллийг серверт дамжуулан, хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, бүтээмжийг дөрөв дахин сайжруулсан. Мөн ухаалаг шуудангийн хайрцаг нэвтрүүлж байна. Гэр, ажлынх нь дор илгээмжийн хайрцаг байршуулахаар ажиллаж байна. Үйлдвэрээс зарим нь гарчихсан, гуравдугаар сараас Улаанбаатарт байршуулж эхэлнэ. 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс удирдлагын ажлыг авснаас хойш үүнд илүү төвлөрлөө. Хууль өөрчлөгдөхийг хүлээгээд суувал хэдэн жил болохыг мэдэхгүй. Тэр хугацаанд мянган хүнтэй, улсын өмнөөс үүрэг хүлээсэн компани үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах ёстой. Цаашид бусад улсын жишгийн дагуу төрөлжиж ажиллах шаардлага бий.

 -Бүх ажилтны хурал бямба гарагт болж өнгөрлөө. IPO гаргасны 10 жилийн босгон дээр болсноороо онцлог энэ хурлаар та бүхэн ямар шийдэлд хүрэв. 10 жилийн дараагийн “Монгол шуудан”-гийн өнгө төрхийг тодорхойлж чадав уу?

-Байгууллага, хамт олныг зорилго нэгтэгдэг. Жил бүр бүх ажилтны хурлыг зохион байгуулж, зорилго, зорилтоо ярилцдаг юм. Энэ жил IPO хийсний 10 жилийн ой тохиолоо. Технологи, сэтгэлгээгээ нэг шат ахисан түвшинд аваачъя гэсэн мессеж өгөх зорилгоор “IPO-10 жил -Түүхэн амжилтаас тэмүүлэх ирээдүй рүү” гэсэн уриан дор хуралдлаа. Энэ оны төлөвлөгөөгөө голлон ярьлаа. Өнгөрсөн 10 жил ямар амжилт гаргаснаа дүгнэлээ. Алдаа нь юу байв, ирэх 10 жилд юунд анхаарах вэ гэдгээ хэлэлцлээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, олон нийт, хувийн хэвшил, орон нутгийн болон ЦХИХХЯ, ХХЗХ, МХБ-ийн төлөөллүүд оролцож, алдаа оноо, төр, хувийн хэвшлийнхэн хүссэндээ хүрсэн үү гэдгээ хэлэлцлээ.

2026-2028 онд төрийн өмчийг өөрчлөн зохион байгуулах, олон нийтийн болгох, худалдах үндсэн чиглэл батлагдах, хэлэлцэх гэж буй энэ торгон үед шуудангийн үйлчилгээнд ямар бодлого баримтлах, цаашид компани ямар хэлбэрээр хөгжих вэ гэдгийг оролцогч талуудтайгаа хэлэлцэж, ярилцлаа. Энэ байгууллагад насаараа ажилласан хүмүүс яах, цаашид ажлын байрны цомхотгол байх уу зэрэг эгзэгтэй шийдвэрлэх асуудал олон байна. Хувь хэмжээ нь ямар ч бай, төр, хувийн хэвшил хамтраад энэ компанийг яаж хөгжүүлэх вэ гэдэг эзний хувиар хөрөнгө оруулалт, хөгжлийн асуудлыг шийдээсэй.  Энэ зах зээлийн зохицуулалтыг шийдэх, нийгэм, эдийн засгийн үүргийг алдагдуулахгүй, илүү сайжруулах, ажилчдын эрх ашгийг хамгаалахад анхаараасай гэж бодож байна.  2016 онд ажилтнууд маань хувьцаа эзэмшиж, компанийнхаа эзэн байж, илүү итгэл үнэмшилтэй ажиллах боломжийг бид алдсан. Гэхдээ энэ удаа алдахыг хүсэхгүй байна. Тиймээс компанийнхаа ажилтан бүрийг хувьцаа эзэмшигч болгох түүхэн шийдвэр гаргалаа. Анх удаа ажилтнууддаа хувьцаа эзэмшүүлэх журмаар бэлгэдлийн шинж чанартай 10 ширхэг хувьцааг урамшуулал болгон олголоо. Ингэснээр 1000 ажилтан маань компанийн хувьцаа эзэмшигч болж, цаашид хөрөнгийн зах зээлийг судалж, хөрөнгө оруулагч төрж магадгүй гэж найдаж байгаа. Хэлбэр нь жижиг ч агуулга нь том зүйл байхыг бэлгэдэж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 21 (7763)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn