“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад Монгол Улсад ХЭҮК үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Хүний эрхийн шинжээч, судлаач Б.Хишигсайхантай хүний эрхийн тогтолцооны асуудлаар ярилцлаа.
“Төр хүний эрхийг хангах тогтолцоогоо бүрдүүлэх ёстой”
-Хүний эрхийн тогтолцоо нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм зэргийг аливаа халдлагаас хамгаалах эрх зүйн баталгаа юм. НҮБ-ын үндсэн есөн гэрээ конвенцийн “Цагаач ажилчид, тэдний гэр бүлийг хамгаалах”-аас бусдад нь Монгол Улс нэгдэж орсон. Тиймээс манай улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, хангаж хамгаална гэх том үүрэг, амлалт авсан гэсэн үг. Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаар хүмүүст “Хүний эрхээс аль нэг нь чухал биш. Бүгд ижил тэгш хэрэгжих ёстой”-г ойлгуулж хэлмээр байдаг. Харин зөвхөн шинжлэх ухааны судалгааны зорилгоор эрхүүдийг ангилж, хувааж үздэг. Түүнээс биш “Энэ эрх нь илүү чухал” гэсэн ойлголт байхгүй. Эрхийн хэрэгжилт дээр бага зэрэг ялгаатай хэрэгждэг эрх бол иргэний болон улс төрийн эрхүүд юм. Энэ эрхүүд дээр “нэн даруй, тэр даруйд нь” гэх мэтээр хугацааг нь зааж өгсөн байдаг. Яагаад гэхээр хэн нэг хүнийг хилс хэргээр цагдан хорьсон тохиолдолд “нэн даруй сулла” гэдэг ч юм уу ийм байдлаар эрхийг нь хязгаарласныг цаг хугацааны хувьд илүү ойлгомжтойгоор тавьж өгдөг. Харин эдийн засаг, нийгэм соёлын эрхүүд дээр үг хэллэг нь “дэвшилттэйгээр, ахиц гаргаж” гэх мэтээр заадаг нь тэдгээр эрхүүдийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний нөөц, хөрөнгө шаардлагатайг илэрхийлж байгаа. Энэ үүднээсээ л ялгаатай. Хүмүүс хүний эрхийн үндэсний тогтолцоо гэхээр ХЭҮК-ийг л гэж хараад байдаг. Энэ бол өрөөсгөл ойлголт. Олон улсын эрх зүйн хувьд төр бол хүний эрх, эрх чөлөөний өмнө үндсэн үүрэг хүлээгч нь юм. Тиймээс төр өөрөө тогтолцоогоо бүрдүүлэх ёстой гэж үздэг. Тогтолцоонд бүх төрийн байгууллага, ИНБ, ХМБ зэрэг нь багтана гэж үздэг. Тогтолцоонд чиг үүргүүдийг хувиарлахдаа тухайн эрхийн хүрээнд хүлээж байгаа үүрэгтэй нь холбогдуулж, уялдуулж хувиарладаг. Тухайлбал, хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах гээд үүргүүд байна. Эндээс сурч боловсрох эрх дээр ярья. Сурч боловсрох эрх нь заавал хангах ёстой эрх юм. Хүндэтгэхийн зэрэгцээ хангах ёстой гэсэн үг. Энэ эрхийг хангахын тулд сургууль барих, багшлах боловсон хүчин гэх зэрэг олон зүйл шаардлагатай. Дээрх чиг үүргийг төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага буюу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэх ёстой.
Тогтолцоог өргөн том утгаар нь харах хэрэгтэй. Тэгэхээр тогтолцоонд багтаж байгаа бүх байгууллага чиг үүргийнхээ дагуу ажилладаг. Мөн тогтолцоонд зөвхөн байгууллага бус олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн Үндсэн хууль, хууль тогтоомжууд байгаа эсэх нь чухал бүрэлдэхүүн юм. Тэгэхээр бид хууль тогтоомжуудад хүний эрхийг баталгаажуулсан байгаа эсэхийг харах хэрэгтэй. Дараа нь үр дүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа институц, байгууллагыг харах хэрэгтэй. Үүний дараа шийдвэр гаргах процесс чухал. Энд олон нийтийн санаа бодлыг сонсдог процесс байгаа эсэх нь чухал.
Сүүлийн үед олон улсын хүний эрхийн байгууллагууд ИНБ-уудыг үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх процестоо оруулаад явж байгаа. НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороодод Монгол Улс нэгдэж орохын зэрэгцээ үүрэг хүлээдэг. Ингэхдээ төр тус хороодод тайлан өгөөд л өөрсдийгөө эерэг харагдуулаад, зөрчил байвал гаргахгүй байх магадлалтай. Харин олон улсын байгууллагууд ИНБ-ын үгийг илүү сонсдог. Тэгэхээр хөндлөнгийн хяналт маш чухал.
“Иргэд өөрсдийн асуудалд хамаарах гол байгууллагадаа хандах нь илүү үр дүнтэй”
-Хүний эрхийн зөрчил бүрд соргог хандах ёстой. Хүний нэг эрх л зөрчигдөхөд бусад эрх нь дагаад зөрчигдөж байдаг. Тухайлбал, хэн нэгнийг хүүхэд байхад нь сурч боловсрох эрхийг нь эдлүүлээгүйгээс болж насан туршдаа тэр хүний амьдралын чанар доошилж байна гэх судалгаа хүртэл бий. Эндээс харвал зөвхөн нэг эрх нь зөрчигдсөн мэт боловч дараа нь тэр хүн ажил хөдөлмөлөхөд хүндрэл учрах зэрэг амьдралынхаа туршид хохирох магадлалтай. Тэгэхээр бид хамгийн их зөрчигдөж байгаа эрх гэж ярьж анхаарахаас илүүтэй манай улсад хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэх тогтолцоо хэр сайн ажиллаж байгаа дээр байнга дүгнэлт хийх ёстой. Монгол Улс хүндээ ээлтэй байдлаар бүр тэргүүн эгнээнд хүрч чадахгүй байгаад байна. Харин олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалт авсан нь сайн зүйл.
Гэхдээ энэ үүрэг амлалтуудыг хэрэгжүүлэх шатанд тогтолцоо институциудын үр дүнтэй байдал гээд авч үзвэл учир дутагдалтай зүйл байна. Тухайлбал, ХЭҮК-ийг хүний эрхийг бүхэлд нь хангаж хамгаалах, хэрэгжүүлэх ёстой мэтээр харах тохиолдол байдаг. Гэтэл яг тодорхой үүрэг хүлээсэн төрийн байгууллага нь энэ асуудал дээр анхаарахгүй байх жишээтэй.
Манай улсын иргэдийн хүний эрхийн боловсрол тийм ч сайн биш. 2003 онд УИХ-аар хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр гэж баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийн боловсролын дэд хөтөлбөрийг баталж хэргжүүлнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл батлагдаагүй байна. Бид хүний эрхийн үндэсний тогтолцоо гэдэг зүйлийг өргөн утгаар нь зөв харж, үүрэг хүлээж байгаа интитуцын чиг үүрэгтэй сайтар уялдуулж өгснөөр илүү үр дүнд хүрнэ. Хүний эрхийн боловсролын асуудлыг сайн ойлгож, зөв хэрэгжүүлэхгүй байгаагаас үүдэж олигтой ахиц гарахгүй байна. Хөдөө орон нутаг, Улаанбаатар хотод хүний эрхийн сургалт зохион байгуулахаар хүмүүсийн хэлдэг жижүүр үг нь “Хүмүүс эрхээ мэдэж, үүргээ огт мэдэхгүй байна” гэдэг.
Хүн эрхээ мэдэхгүй байгаагаас болоод зөрчлүүд гардаг. Энэ бүхний цаана хүний эрх нь тодорхой үүрэг хариуцлага дагуулж явдаг. Жишээлбэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй боловч бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэх үүрэгтэй. Түүнээс биш хэн нэгнийг эрхээ эдэлж байна гээд хэл амаар доромжилж болохгүй.
Хүмүүс эрхээ зөрчигдсөн тохиолдолд тогтолцооныхоо оновчтой байгууллагад л хандаж гомдлоо гаргах ёстой. Монгол Улсын Үндсэн хуулиар иргэд албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Тэгэхээр яг оновчтой байгууллагадаа хандах юм бол илүү шуурхай асуудлаа шийдвэрлэх боломжтой. Бүх л асуудал комисс руу очихгүй. Тухайн асуудлаасаа хамаараад холбогдох байгууллага нь шийдвэрлэдэг.
Гэтэл хүмүүс хэнд хандахаа мэдэхгүйгээсээ болоод 10 байгууллагад зэрэг хандаад гомдол гаргах тохиолдол байдаг. Энэ бол маш үр дүнгүй зүйл. Өөрийн асуудалд хамаарах гол байгууллагадаа хандаагүй орхисон байх жишээтэй.
Мөн иргэд монголдоо асуудлаа шийдүүлж чадахгүй бол “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” боллоо гээд сууж болохгүй. Иргэний асуудлыг шийдвэрлэх олон улсын механизмд хандаж болно. Нэг ёсондоо дотоодын механизмаа барагдуулаад асуудлаа шийдвэрлэж чадалгүй гомдолтой үлдэж байгаа бол харьяалах хороодод гомдлоо гаргаж болох юм.
“Төр идэвхтэй үйлдэл хийх ёстой бол иргэн мэдээлэх үүрэгтэй”
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилтийг олонхтой харьцуулахад маш доогуур байдаг. Тэр дундаа боловсролд хамрагдалт,хөдөлмөр эрхлэлт доогуур байна. Эдгээр нь буцаад тухайн хүний амьдралын чанарт нөлөөлж байгаа шүү дээ.
Цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй хүнд дэд бүтцийн хүртээмжгүй байгаа байдал нь тухайн хүнийг нийгмийн амьдралд оролцоход заавал хэн нэгний туслалцаа шаардлагатай болж байгаа юм. Үүнээс үүдэж хөгжлийн брэхшээлтэй хүнтэй гэр бүл амьжиргааны хувьд илүү доогуур байх нөхцөл үүснэ. Үүнийг шийдвэрлэхийн тулд дэд бүтцээ хүртээмжтэй болгож сайжруулах хэрэгтэй. Жишээлбэл, налуу зам бол зөвхөн тэргэнцэртэй хүнд зориулагдаагүй. Үүгээр хүнд ачаа чирээд явж байгаа хүн, хүүхдээ тэргэн дээр суулгаж яваа хүн, өндөр настанд налуу зам хэрэгтэй. Тэгэхээр нийт хүнд хамааралтай зүйл гэдгийг нийгэмд ойлгуулах шаардлагатай. Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал дээр төрөөс чиглэл болгосон бүтцүүд нь үр дүнтэй ажиллах ёстой.
Хэн нэгэн хүрч ирээд гомдлоо гаргахыг хүлээгээд байх бус баг хорооны нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллага гээд тухайн хороонд ажиллаж байгаа баг хүчирхийлэлтэй байж болзошгүй айл өрхүүдийг олж мэдэх, тандах шаардлагатай. Тэгээд тэндээсээ хохирогчийг хамгаалах ажлаа идэвхтэй хийх ёстой. Хүчирхийллийн асуудал бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд маш эмзэг зүйл. Учир нь тэр хүмүүс чөлөөтэй гараад нийгэмд өөрийгөө илэрхийлэх, гомдол гаргах нь хязгаарлагдмал. Өөрийнхөө асуудлыг шийдвэрлүүлэхээр гараад явж байхдаа дараагийнхаа хохирогч болох ч эрсдэлтэй.
Мөн хуулиараа хөршүүд, иргэд мэдээлэх үүрэгтэй шүү дээ. Хэн нэгнийг байнгын хүчирхийлэлд өртөж байгааг нь мэдээллэхгүй чимээгүй байснаараа та хувь хүний хувьд үүргээ биелүүлэхгүй байгаа асуудал болж байгаа юм. Тэгэхээр тогтолцоо бүгдэд хүртээмжтэй хүрч л ажиллах ёстой. Төр идэвхтэй үйлдэл хийх ёстой бол иргэн мэдээлэх үүрэгтэй гэж ойлгох юм.
“Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийг баталснаар Монгол Улс азидаа хүний эрх хамгаалагчийн тухай хуультай анхдагч орон болсон”
-Хүний эрхийг хангахад эрх зүйн хүрээнд “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай” хууль батлагдсан нь сайн жишээнүүдийн нэг. Хэн нэгнийг хүчирхийлэлд өртөх, эрх нь зөрчигдөж байгааг мэдээллэсэн иргэн хамгаалагч болчхож байгаа юм. Тиймээс буцаад хүчирхийлэгчийн хохирогч болж болохгүй. Тэгэхээр хүний эрх хамгаалагчийг хамгаалж байж хүний эрх зөрчигдөж байгаа асуудал дээр дуугардаг зоригтой хүмүүс бий болно. Тэгэхээр энэ хуулийг баталсан нь маш чухал ажил болсон. Уг хуулийг батлах үйл явц амар байгаагүй. Тухайн үеийн ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж, Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар энэ хуулийг батлахад тууштай ажиллаж, оролцсон хүмүүс байгаа.
“Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийг баталснаар Монгол Улс азидаа хүний эрх хамгаалагчийн тухай хуультай анхдагч орон болсон. Гэхдээ хуулийг хэрэгжүүлэх нь маш чухал асуудал. Мөн УИХ-ын 2025 онд батлагдсан ажлын хэсгээр хүний эрх, эрх чөлөөний асуудал, хүний эрхийн зөрчил бүхий хууль тогтоомжид үнэлэлт дүгнэлт өгөх, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Хууль тогтоомж нь маш оновчтой байж хэрэгжилтийн тухай асуудал яригдана. Хүний эрхийн чиглэлээр нэлээдгүй олон төлөвлөгөө, хууль баталсан ч эдгээрийн хэрэгжилт учир дутагдалтай явж ирсэн. Цаашид үүн дээр анхаарах шаардлагатай.
Юун түрүүнд хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх шаардлагатай. Хариуцах байгууллага нь оновчтой байх ёстой. Хүний эрхийн боловсролтой байж л үйл ажиллагаандаа хүний эрхийг сахин хамгаалах ажлыг тусгаад, хэрэгжүүлээд явна гэсэн үг. Хүний эрхийн боловсролын асуудлыг онцгойлон анхаарах ёстой. Миний хувьд хөдөлмөрлөх эрх, үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал, иргэдийн эрхзүйн чадавх, эмэгтэйчүүдийн эрх гээд хүний эрхийн чиглэлээр нэлээдгүй олон судалгаа хийж байсан. Эдгээр судалгааны ажлууд маань бүгд тодорхой хэмжээнд үр дүнд хүрсэн. Тухайлбал, цаатан иргэдийн ахуй нөхцөлийн талаар хийсэн судалгааны үр дүнд тодорхой хөтөлбөр батлагдаж, цаа бугын аж ахуйг дэмжих, цаатан хүүхдүүдийг их дээд сургуульд суралцахад дэмждэг үзүүлэх гэх зэрэг олон ахиц дэвшил үр дүнгүүдэд хүрсэн.
Залуучууд хүний эрхийн мэдлэг, боловсролтой байснаараа өөрсдийнхөө эрхийг хамгаалах боломж бүрдэнэ гэж харж байгаа. Нэг жишээ дурдахад, Их сургуулийн хичээлийн байрууд зарим нь хоорондоо маш хол зайтай байдаг. Гэтэл эхний цагийн хичээл нь төв байран дээрээ, дараагийн цаг нь нэлээд зайтай байрладаг байран дээр орох ч юмуу иймэрхүү байдаг. Гэтэл энэ хооронд ердөө тавхан минутын завсарлагатай. Ийм байхаар оюутнууд хичээлдээ амжиж очихгүй байх, байнга хэдэн минутаар хоцордог талаараа нэг оюутан ярьж байсан. Энд хүний сурч боловсрох эрхийн зөрчил гарч байна. Үүнийгээ залуус хүний эрхийн зөрчил гэж харахгүй, ийм байх ёстой мэт л яваад байдаг. Тиймээс тухайн сургууль энэ байдалд зохицуулалт хийж өгөх ёстой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 21 (7763)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn