Алслагдсан багт амьдардаг хүүхдүүдийг эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэгш хүртээмжтэй боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх зорилт бүхий "Багийн бага сургууль" төсөл амжилттай хэрэгжиж Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни наймдугаар багт шинэ сургуулийн нээлт боллоо. Тарнийн сургуулийн бяцхан сурагчид, эцэг эхчүүд сэтгэл хангалуун байна. Тэд шинэ сургуультай болсон мэдээг сонсоод Мандал сумын сургуульд суралцахаар явсан хүүхдүүд Тарни багтаа буцан ирж эцэг эхтэйгээ хамтдаа амьдарч эхэлжээ. Өглөө бүр гоё сургуульдаа явъя гэж хөөрцгөөж, сурах идэвх сонирхол нь ч нэмэгдсэн гэдгийг эцэг эхчүүд хэлж байна.

Энэ үеэр хүүхдүүд ч гоё том цонхтой, том сургуультай болсондоо баярлаж. Манай хуучин сургууль жижиг байсан. Шинэ сургууль маань таалагдаж байгаа. Цэвэрхэн гоё юм байна. Өмнөх сургууль хүйтэн, заал нь модоор хийсэн байсан хэмээн ярьж байлаа.

Тарни багийн бага сургуулийн нээлтийн үеэр аймгийн Засаг дарга болон эцэг эхчүүдийн төлөөллийн сэтгэгдлийг сонслоо.

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж: Хэрэв бид тендер зарласан бол энэ жил амжихгүй

 

-НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланд маш их баярлалаа. Энэ асуудлыг манай Сэлэнгэ аймагт онцгой анхаарч, маш хурдтай асуудлуудыг шийдэж өгсөн. Хаан банкныхан маань ч гэсэн үүнийг  хурдан шийдэж, дэмжсэн. Хэрэв бид тендер зарласан бол энэ жил амжихгүй байсан. Итгэлийг бидэнд өгсөн. Нутгийн сайн компани олоод тэр хүнтэйгээ хариуцлага тооц гэсэн шаардлага тавьсан. Багийн сургуулийн барилгын ажлаа аравдугаар сарын 15-нд эхэлж арванхоёрдугаар сарын 20-нд дуусгаж чадсан. “Бүрэн од” компанийнхан маань сайн ажилласан. Хамтарч ажилласан олон хүнд баярлалаа. Дараагийн сургуулиуд бас манай энд баригдсан шиг чанартай баригдах ёстой гэж хүсэж байна. Бид Сэлэнгэ чанарыг тодорхойлно гэж бодсон. Яагаад гэхээр та нарын гаргасан сэтгэлийг хаана ч гэсэн засвар гаргахгүйгээр чанартай юм хийчих юмсан гэсэн зорилготойгоор энэ барилгын ажил дээр ажилласан шүү.

Тарни наймдугаар багийн малчин Д.Энх-Амгалан:  Хүүхдүүд сургуульдаа явах дуртай болсон

 

-Хүүхдүүд маань амарч байгаад шинэ сургуульдаа орж байгаа болохоор сэтгэл өндөр, баяртай байгаа. Сургуульдаа явах дуртай болсон. Хөдөөний бид чинь алслагдмал учраас ийм сургууль ховор. Бага ангийн хүүхдүүдээ дотуур байранд өгч чадахгүйгээс суралцуулах боломж муу. Үүнээсээ болж хичээлийн хоцрогдолт, таслалттай байсан. Ийм сайхан сургуультай болсноор энэ бүхэн одоо манай энд байхгүй болж байна. Бүгд тойрогт нь хамран суралцуулахаар хичээж байна. Манай хоёр хүүхдийн нэг нь хоёр, нөгөө нь нэгдүгээр ангид багтаа суралцаж байгаад баяртай байна. Хүүхдүүд маань хуучин сургуульдаа суралцаж байхад жаахан тиймхэн байсан. Энэ сургууль нь олон улсын стандартад нийцсэн жишиг сургууль болохоор эцэг эхчүүдийн зүгээс баяртай байна гэсэн юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 18 (7760)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn