“2028 оны олимп ойрхон байна даа”

 

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 49 дэх, эмэгтэйчүүдийн 34 дэх удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймгийн Чингис хотноо нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, дархан аваргууд амжилтаа ахиулж, 18 настнууд насанд хүрэгчдийн анхны аваргаа хүртлээ. Тодруулбал, “Токио 2020” олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар хоёр жил гаруйн өмнө бэлтгэлийнхээ үеэр бэртэл авч, хэсэг хугацаанд тэмцээн уралдааныг өнжиж байв. Харин энэ удаагийн улсын аваргаар -73 кг-д зодоглож, улсын аваргын долоо дахь алтан медалиа зүүлээ. Түүний уран гоёмсог барилдаанаар цангаж байсан Монголын ард түмэн дараагийн олимпын аварга хэмээн итгэл хүлээлгэдэг цог жавхаатай хүүгээ дахин хараад магнай нь тэнээсэн нь лавтай. Тэрээр тэмцээнийхээ тухай “Баяртай байна. Бэртлийн улмаас бэлтгэл сургуулилалтаасаа хөндийрч байгаад эргэн эрэлтээрээ Монгол Улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ. Сэтгэл хангалуун байна. Дүү нарын бэлтгэл сургуулилалт, авьяас чадвар сайжирсан байна. Тиймээс олон жил сайхан өрсөлдөхийн тулд бэлтгэлээ сайжруулах хэрэгтэй гэж бодож байна. -73 кг дэлхийн дундаж жин гэдэг утгаараа өрсөлдөгч ихтэй байдаг. Бэртэлтэй байх хугацаанд олон хүнд хэцүү зүйлийг сэтгэл зүйгээрээ даван туулсан. Энэ нь тамирчин хүний нэг давуу тал юм болов уу. Их зүйлийг суралцаж байна. Цаашид ч мөн суралцсаар байх болно” гэсэн юм. Харин түүний барилдааныг үзсэн үзэгчдийн төлөөлөл “Ц.Цогтбаатарыг хар багаасаа барилдаж эхлэх үеэс нь тэмцээн бүрийг нь үзэж байна. Маш зоригтой, хурд хүчний хослол сайтай, энгэрийг тун сайн барьж алдалгүй чанга атгадаг. Шийдэмгий, өөртөө итгэлтэй, барилдааны төгсгөлийг сайн хийдэг тул ирээдүйн олимпын аварга гэж хардаг. 2028 оны олимп ойрхон байна даа” гэсэн юм.

Ази тивийн аваргад орох тамирчид тодорлоо

 

2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс зургаан шинэ аварга төрсөн бөгөөд шилдэг жүдочоор -66 кг-ын жинд түрүүлсэн К.Ёолк, -78 кг-д түрүүлсэн Ж.Урангоо нар шалгарсан юм. Мөн энэ жилээс эхлэн Монгол Улсын 11 удаагийн аварга, Азийн хошой аварга, Азийн наадмын хүрэл медальт, Гран-при тэмцээний гурван алтан медальт, олон улсын хэмжээний мастер П.Лхамдэгд өөрийн барилддаг байсан -78 кг-ын жинд түрүүлсэн тамирчинд өөрийн нэрэмжит шагналаа олгохоор болсон. Тэгвэл анхны шагналыг “Орхон ирээдүйн одод” дэвжээний залуу тамирчин Ж.Урангоо гардлаа.

Залуу тамирчдаас онцолж заримыг дурдахад, өсвөрийн дэлхийн аварга, Азийн аваргын мөнгөн медальт Т.Ариунзаяа -57 кг-ын жинд насанд хүрэгчдийн улсын аваргын анхны алтан медалиа хүртлээ. Өнгөрсөн жил анх удаа зодоглож мөнгөн медаль хүртэж, энэ удаад амжилтаа ахиулсан түүнийг 10 жилийн дараа торгоох тамирчин дэлхийн дэвжээнд байх болов уу гэж жүдо бөх сонирхогчид ам уралдан магтаж байна. Түүнтэй нэгэн үед тодорч яваа нас чацуу тамирчин болох -48 кг-ын аваргыг хоёр жил дараалан хүртэж буй өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Азийн аварга тамирчин Ж.Анударь билээ. Тэрээр “Хамгийн хөнгөн жин гэдэг утгаараа тамирчид нь хурд хүчтэй, тэсрэлттэй барилдаануудыг үзүүлдэг. Жил бүр шинэ тамирчид гарч ирдэг болохоор өрсөлдөөнтэй байдаг. Энэ удаагийн финалын барилдаан хүнд байлаа” гэсэн юм. Түүний финалын өрсөлдөгч  нь “Resfect” клубийн бөх, 15 насандаа Улаанбаатар их дуулга тэмцээнээс дуулиантай хүрэл медаль хүртэж байсан А.Мишээл байв.

Түүнчлэн энэхүү улсын аваргыг үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид мөн зорин ирж, өсөх ирээдүйтэй тамирчдыг ажиглажээ. Энэ тухай үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар “Шигшээ баг 36 тамирчны квоттой байдаг. Түүн дээр эмч, дасгалжуулагч нэмэгдээд 42 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Мөн Ази тивийн аваргад орох багийг эндээс тодруулж байгаа. Тун удахгүй Парисын их дуулга болно. Энэ удаагийн улсын аварга их дуулгын өмнөх сорил болж буйгаараа онцлог байна” гэсэн юм.

33 байгууллагын 320 орчим жүдоч өрсөлдсөн энэхүү тэмцээн эрэгтэй, эмэгтэй нийт 14 жингийн ангиллаар ийнхүү аваргууд шалгарлаа. Тодруулбал,  Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах, орон нутагт жүдо бөхийн спортыг жигд хөгжүүлэх зорилготой зохион байгуулсан тус тэмцээнээс Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо таван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль багийн дүнгээр тэргүүлсэн юм. Үүнээс гадна холимог багийн УАШТ-д 80 жилийн түүхтэй “Алдар” спорт хороо түрүүлж, аваргаа хамгаалах зорилготой байсан “Хилчин” удаалсан бол “Сүлд”, “Женко” хүрэл медалиар энгэрээ мялаалаа. 

Ийнхүү эрэгтэйчүүдийн 60 кг-д Т.Түмэнжаргал, -66 кг-д К.Ёолк, -73 кг-д Ц.Цогтбаатар, -81 кг-д О.Шинэбаяр, -90 кг-д А.Мөнх-Эрдэнэ, -100 кг-д Ц.Ган-Эрдэнэ, +100 кг-д Б.Гончигсүрэн түрүүлжээ. Харин эмэгтэйчүүдийн -48 кг-д Ж.Анударь, -52 кг-д М.Нандин-Эрдэнэ, -57 кг-д Т.Ариунзаяа, -63 кг-д Л.Энхрийлэн, -70 кг-д С.Лхагвадулам, -78 кг-д Ж.Урангоо, +78 кг-д А.Адъяасүрэн нар тус тус аваргын алтан медаль зүүсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 17 (7759)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn