Б.НАНДИН

 

Бээжин армийн нөлөө бүхий албан тушаалтнуудаа баривчилсан тухай дэлхийн томоохон хэвлэлүүд онцлон бичиж байна. БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд ч энэхүү мэдээллийг баталсныг хэд хэдэн агентлаг эш татан мэдээлжээ.

Тухайлбал, CNN, “Washington post”, BBC, AFP зэрэг нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү үйл явдлыг урьд өмнө төдийлөн болж байгаагүй онцгой дуулиантай үйл явдал хэмээн онцолжээ.

 

“Washington post”:

“Цэргийн хамгийн өндөр албан тушаалыг хашиж буй Жаныг огцруулснаар БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний гарт цэргийн эрх мэдэл урьд өмнө байгаагүй хэмжээгээр төвлөрнө” хэмээн дүгнэсэн байна.

 

"Financial Times:

Цэргийн төв зөвлөлд урьд өмнө үүсэж байгаагүй нөхцөл байдал бий болсон гэж тодорхойлжээ.

 

AFP:

Хятадын Батлан хамгаалахын яам Жан Юшиа, Лю Жэньли нарыг “сахилга бат, хууль дүрмийг ноцтой зөрчсөн” хэрэгт буруутган шалгаж байгаагаа мэдэгджээ. Энэ нэр томъёог Хятадад ихэвчлэн авлигын хэрэгт холбогдуулан ашигладаг.

 

CNN: “Хятадын армийн хамгийн том генерал цэргийн цэвэрлэгээнд өртөв”

“...Шинжээчдийн үзэж буйгаар, эдгээр цэвэрлэгээ нь зэвсэгт хүчнийг шинэчлэхийн зэрэгцээ цэргийн удирдлагуудын хувьд Ши Жиньпинд үнэнч байдлыг бий болгох зорилготой. Мөн энэ нь Ши Жиньпин 2012 онд засгийн эрхэнд гарснаас хойш 200 мянга гаруй албан тушаалтныг хамруулсан авлигын эсрэг өргөн хүрээтэй кампанит ажлын нэг хэсэг болж байна” гэжээ.

 

 ВВС: “Хятадын топ генералыг баривчилж, мөрдөн шалгаж байна”

“…БНХАУ-ын дарга Ши Жиньпин төрийн эрх барьж эхэлснээсээ хойш авлигын эсрэг олон үе шаттай кампанит ажлыг төрийн байгууллагуудын хүрээнд өрнүүлж ирсэн. Түүнийг дэмжигчдийн хувьд энэхүү бодлого нь засаглалын ил тод, хариуцлагыг сайжруулж байна гэж үздэг бол зарим шинжээч үүнийг улс төрийн өрсөлдөгчдөө шахан зайлуулах хэрэгсэл болгож ашиглаж байна хэмээн шүүмжилдэг” гэжээ.

Харин Ройтерс агентлагийн хувьд үйл явдлыг Тайванийн нөхцөл байдалтай холбон мэдээлсэн байна. Тухайлбал, “Тайвань БНХАУ-ын армийн удирдлагад гарсан, “хэвийн бус” өөрчлөлтүүдийг анхааралтай ажиглаж байна. Хятадын хамгийн өндөр албан тушаалтай генерал нь шалгагдаж эхэлсэнтэй холбоотойгоор аюулын түвшин өндөр хэвээр байгаа тул сонор сэрэмжээ сулруулахгүй гэж Батлан хамгаалахын сайд нь даваа гарагт мэдэгдлээ” гэсэн байна.

Ямартай ч Хятадын Батлан хамгаалах яам Ши Жиньпиний хамгийн ойрын холбоотон гэгддэг Жан Юшиа генерал болон Хятадын цэргийн төв комиссын штабын дарга Лю Жэньлиг мөн шалгаж эхэлснийг батлаад байгаа юм.

Мөн энэ нь цэргийн хүчийг Ши Жиньпинд төвлөрүүлж байгаа нэг хэлбэр хэмээн дүгнэх хэсэг байхад нь авлигатай тэмцэж байгаа томоохон кампанит ажлын нэг хэсэг гэж дүгнэж байна. Харин зарим эх сурвалжуудын мэдээлснээр Жи Жиньпиний эсрэг хуйвалдаж байсан цэргийн удирдагчдыг урьтаж барьж чадсан тухай ч зарим албан бус эх сурвалжууд хэлж байна. Ямартай ч дэлхийн томоохон мэдээллийн хэрэгслүүд үйл явдлыг товч байдлаар мэдээлээд өнгөрчээ.

Өдгөө 75 настай Жан Юшиа бол хамгийн өндөр албан тушаалыг хашиж буй генерал бөгөөд Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны 24 гишүүний нэг юм. Тэрээр Ши Жиньпиний хамгийн ойрын цэргийн холбоотон байсан учир тэтгэвэрт гаралгүй албан тушаалдаа үлдэж байсан цөөхөн хүний нэг юм. Гэвч өнгөрсөн сард болсон Хятадын Бүгд Найрамдах намын томоохон арга хэмжээнд оролцоогүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 17 (7759)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn