Гуулиар цутгаж,  шар талыг  999 сорьцтой алтаар бүрсэн,  цагаан талыг  925 сорьцтой мөнгөөр бүрсэн  Чингис хаан шатар , гуулиар цутгаж хийсэн, цагаан талыг 925 сорьцтой мөнгөөр бүрсэн  “Уран бэрийн нүүдэл”  гуулин цутгамал  “Монгол ээж-лааны суурь,  гуулин гэрэгэ, төрөл бүрийн цацал гээд ур хийц, агуулга, дүрслэл нь тун ч ганган харц булаах  бүтээлүүдийг  үзэсгэлэнгийн танхимд дэлгэжээ. Энэ бол Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны байранд дэлгэсэн  монгол өв соёлоо бүтээлдээ шингээж урладаг “Дуут” урлангийн урлаачдын бүтээлүүдийн охь болох “Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэн. Уг үзэсгэлэнг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй бөгөөд хоёрдугаар сарын 17-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Үзэсгэлэнд урлаачдын ур ухаан, хийц шингэсэн дахин давтагдашгүй 50 гаруй бүтээлийг дэлгэжээ. Ингэхдээ 2025 онд гаргасан шинэ бүтээлүүдээ  ч мөн олны мэлмийд хүргэж байгаа нь онцлог байв.

Жишээлбэл, “Дуут урлан”-гийн урлаачдын шинэ бүтээлийн дээжсийн нэг бол  “Монгол ээж-лааны суурь” гэлээ. Манай улсад үндэсний онцлогтой лааны суурь ховор байдаг учраас энэ бүтээлдээ илүү их язгуур өв соёлоо шингээж өгсөн байна. Лааны суурийг хүүхдээ хөхүүлж буй  эх хүнээр дүрслэн харуулжээ. Түүнчлэн гурван талт суурь гаргаж  одоо, өнгөрсөн, ирээдүй буюу монголчуудын гурвалын онолыг  бэлгэдэж гурван цагтаа галтай, дөлтэй  явах бэлгэдлийг шингээсэн байна.

Энэ тухай “Дуут урлан”-гийн үүсгэн байгуулагч Д.Баярхуяг “Эхийн хайрыг  уран бүтээлдээ мөнхлөх зорилготойгоор энэ дүрслэлийг шигтгэж өгсөн.  Би хувь урлаачийнхаа хувьд монгол түмнийг гал үндэстэн гэж боддог.  Тиймээс хүүхдээ хөхүүлж буй эх хүний хайр, харц, энхрийллийг шингээж, мөн үндэсний онцлогоо харуулсан лааны суурийг хийсэн. Ер нь хайрын загваруудыг үүсгэж буй нь манай урлангийн  нэг онцлог юм” гэлээ.

Д.Баярхуяг

Харин “Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэнгийн тухайд тэрээр “Үзэсгэлэнгийн гол мөн чанар нь эх орон, өв соёлоо  хайрлаж, хүндлэх, хойч үедээ гоёмсог зүйлийг  өвлүүлж үлдээх юм. Мөн уран бүтээлээрээ дамжуулж соён гэгээрүүлэх  хэлбэр  агуулга, санааг өгүүлэх зорилгоор  бид урлан бүтээдэг.  Энэ бүхэн  ямар нэгэн бизнес гэхээс илүүтэй үр удам  минь үлдэх хорвоод монголоо яаж гоёх, чимэх вэ гэдэг санаа бидний зүрхэнд байдаг.  Үүний илэрхийлэл болгож гаргаж буй бидний нэг хэлбэр бол энэ бүтээлүүд юм” гэдгийг онцоллоо.

Монгол түмэн “Дархан хүн бурхан ухаантай” гэдэг шүү дээ. Үнэхээр ч тэд бүтээлээ оюун санаандаа дүрслэн буулгаж, гарын ур дүйгээр амилуулдаг ховорхон авьяасын эзэд. Тэгвэл “Дуут урлан”-гийн нэгэн цөм нь болсон уран бүтээлчийн нэг бол загвар гаргагч, урлаач Э.Өлзийтогтох. Түүний  урласан олон бүтээл “Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэнгийн хойморт дэлгээстэй байв.

Э.Өлзийтогтох

Тэрээр “Бид бүтээлдээ үндэсний хэв маягаа шингээхээс гадна  шинэ санаа, хэв маяг онцлогийг тодотгосон бүтээлийг гаргахыг зорьж ажилладаг.  Тэр дундаа хүний оюун санаа руу чиглэсэн, дүрслэх урлагийн мөн чанар, гоо сайхныг бүтээлдээ шигтгэн оруулдаг. Жишээлбэл,  бидний шинээр гаргасан бүтээл болох цацлыг дүрслэл утга,  бэлгэдэл зүйн хувьд яривал, Эзэн Чингис хааны эрмэгч цагаагч гүүг эр хоёр загал унагатай буюу гурван морины толгойны дүрслэлийг буулгасан. Мөн тойруулаад утсан сүлжмэл хээгээр чимэглэсэн.Монгол түмэн  хорвоо дэлхийгээс сайн сайхныг хүсэж,  байгалиас эрчмийг авдаг цацал бол үнэт зэмсэг юм.  Тиймээс өв соёлоо  түгээн дэлгэрүүлэх зорилгоор бүтээлээ хийж байна” гэлээ.

Мөн үзэсгэлэнгийн тухайд  ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн тэргүүлэх профессор, шинжлэх ухааны доктор С.Дуламын сэтгэгдлийг хуваалцсан юм.

С.Дулам

Тэрээр “”Дуут урлан”-гийн урлаачид олон бүтээл урласан дотор  монгол шатрыг  30 гаруй төрлөөр бүтээсэн байдаг. Жишээлбэл, “Болдоггүй бор өвгөн” зэрэг  монгол ардын үлгэрийн сэдвээр бүтээсэн нь байна. Түүнчлэн “Уран бэрийн нүүдэл” гэсэн жижиг шатар байх жишээтэй. Энэ нь монголынхоо аман утга соёл болоод  урлагийн бүтээлийг хослуулж буйгаараа онцлог юм.  Нөгөөтээгүүр өнөөдрийн нийгэмд  өв соёлын тухайд юу дутагдаж байна гэдгийг судалж уран бүтээлдээ тусгадаг. Утга санаа гүнзгий баялаг, монголынхоо язгуур соёлыг шингээсэн бүтээлүүдийг “Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэнд дэлгэсэн байна гэлээ.

 “Дуут урлан” 1992 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж эх орныхоо дахин давтагдашгүй өв соёлыг  соёлын биет бус өвд шингээн урласаар буй. Энэ хугацаанд Саудын Араб, Франц зэрэг гадаад, дотоодын олон үзэсгэлэнд уран бүтээлээ дэлгэж дэлхийд эх орноо  сурталчилж яваа өв соёлын урлаачид юм. Энэ хугацаанд тэд  500 гаруй бүтээлийг урлаж урын сангаа арвижуулсаар буй. Тэдний уран бүтээлийн дээжис болсон бүтээлүүдийг та бүхэн “Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэнгээс үзэх боломжтой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 17 (7759)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn