Р.Оюун
Монгол өв соёлын гайхамшгийг ирээдүй хойчдоо өвлүүлэн түгээн дэлгэрүүлэгч, үндэсний өв соёлын тээгч, монгол дарханы "Дуут урлан" компани Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай хамтран "Өв тээсэн үнэ цэн" нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ өнөөдөр нээлээ. Нүүдэлчин монгол түмний уламжлалт соёлын салшгүй нэг хэсэг болсон монгол шатрын урлагийг ирээдүйд өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэх зорилготой Д.Батхуяг захиралтай "Дуут урлан" компани 1992 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй жилийн түүхтэй үндэсний үйлдвэрлэгч, өв соёл тээгч юм. Тус компани нь эцэг өвгөдийнхөө их түүх, соёл, оюуны үнэт өвийг алдагдуулахгүйгээр залгамжлуулан хадгалж, монгол дархны ухаан, ур хийц, бэлгэдлийг шатрын хөлөг, хүү бүрд шингээн урлаж ирсэн. "Дуут урлан" компанийн хамт олон мэдрэмж, авьяас чадвар, уран сэтгэмжээ нэгтгэн монгол шатрын 40 орчим загварыг урлан бүтээж, гадаад, дотоодын зах зээлд нийлүүлж байна.
Монгол дархны хосгүй ур хийцтэй энэ бүтээлүүд нь зөвхөн тоглоом төдийгүй соёлын өв, урлагийн бүтээл болон үнэлэгддэг. Монголын өв соёлыг дэлхийд таниулах хүсэл тэмүүлэлд хөтлөгдөн цаашдын хөгжлийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна. "Дуут урлан" зөвхөн шатар урлахаас гадна монголчуудын соёлын үнэт өв болох цацлыг урлан бүтээж, цацлын соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, таниулж буй. Үзэсгэлэнд Чингис хаан шатар, Болдоггүй бор өвгөн, Хүннү Аттилла 3, уламжлалт монгол, уул уурхайг дүрсэлсэн шатар болон "Монгол ээж" лааны суурь, цацлын халбаганы загваруудаараа оролцож байна.
Эх сурвалж www.zms.mn