Ч.Бямбаа


2024 оны нэгдүгээр сард “Дүнжингарав”-ын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийлээ.
Тухайн иргэд олон хүний амь нас эрсэдсэн, өмч хөрөнгөөрөө хохирсон энэ асуудалд төр засгийн зүгээс ямар нэгэн байр сууриа илэрхийлэх, арга хэмжээ авахгүйгээр өдий хүрсэн учраас хохирол барагдуулах ажлыг нэн яаралтай шийдвэрлүүлэхээр төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байгаа юм байна.
Энэ талаар хохирогч иргэн Н.Сарантуяа “Миний хүү дөнгөж 18 настай, Монгол Улсдаа ихийг бүтээж, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх эрх үүрэг миний хүүд байх л байсан. Гэхдээ миний хүү тэр эрх, үүргээ эдэлж чадсангүй. 
Хүү минь энэ хорвоогоос цаг бусаар, дахин эргэж ирэхгүйгээр хагацан одсон явдалд Монгол Улсын төр буюу Засгийн газар шууд буруутай гэж би үзэж байгаа.
Учир нь авто замын тухай болон түүнтэй холбогдох бусад хууль журмыг Засгийн газар батлан хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хяналт тавина гэж хуульчлан заасан байдаг.
Үүнд нь тус хуулийн тавдугаар зүйлд “Төрөөс үндэсний авто замыг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим”-д
•    5.1.Төрөөс үндэсний авто замын сүлжээг хөгжүүлэхэд дараах зарчмыг баримтална,
•    5.1.1.үндэсний авто замын сүлжээг хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй уялдуулан хөгжүүлэх;
•    5.1.2.авто зам, замын байгууламжийг эрх бүхий байгууллагаар батлагдсан стандарт, норм, нормативын дагуу барьж байгуулах
гэсэн байдаг. Осол гарсан Дүнжингаравын тэр уулзварт засвар хийсэн нь төрийн буруу гэдгийг нотолж байна. Тэр зам тийм байгаагүй, өнөөдөр засагдсан шигээ байсан бол ийм осол болох байсан уу, үгүй юу гэдгийг бүгд мэдэж байгаа.
Эмгэнэл харууслаар дүүрэн осол гарах болсон шалтгаан болох аюултай ачаа тээврийг хүн ам ихээр суурьшсан хотхон, хорооллын дундуур явуулж байгаа нь наад захын стандарт дүрэм журамгүй, мөн гэнэтийн нөхцөлд төр бэлэн биш байгааг энэ үйл явдал харуулсан.
Тиймээс бид хайртай хүү, хань, аавынхаа амь насыг Монголын төрөөс нэхэмжилж байна. 
Жирийн иргэн бид хэчнээн хариуцлагатай байсан ч төр засаг нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол юунд найдаж, хэнд итгэж амьдрах вэ? 
Дахиад ийм осол гарахгүй гэсэн баталгаа байгаа юу? 
Монгол Улсын Үндсэн хуульд ч үүнийг тодорхой заасан байдаг. Тиймээс Үндсэн хуулийн дээрх заалтыг үндэслэж Монгол Улсын Засгийн газар цаг бусаар биднийг орхиж одсон хайрт хүү, хань, аавын минь өмнө хариуцлага хүлээх ёстой гэдгийг үүгээр мэдэгдэж байна. Амь хохирогсдын ар гэрийнхнийг нэн яаралтай хүлээн авч уулзахыг хүсэж байна.
Уг мэдэгдлийн хариуг 2026 оны нэгдүгээр сарын 30-ны дотор ирүүлнэ үү гэж хүсэлт гаргалаа” гэв.