Р.Оюун

Эх орны дайн эхэлсний 85 жилийн ой энэ онд тохиож байна. Олон сая хүний амийг авсан, хүн төрөлхтөнд фашизмын учруулсан аймшиг дахин бүү давтагдаасай. Энэ бол мартаж үл болох түүх хэмээн “Үхэлтэй бүжиглэсэн нь” уран сайхны киног бүтээсэн Оросын уран бүтээлчид онцолж байна. Кино энэ сарын 27-нд РЦНК-ийн их танхимд нээлтээ хийж Монголын үзэгчдэд үзүүлэх гэж байна. Кино орос хэл дээр гарах бөгөөд монгол хадмал орчуулгатайгаар толилуулах ажээ. Энэ үеэр киног бүтээсэн найруулагч, уран бүтээлчид оролцож кино хэрхэн бүтсэн тухай Монголын үзэгчдэд танилцуулах юм.

Оросын кино найруулагч А. Е Кирилловын “Үхэлтэй бүжиглэсэн нь” кино нь өнгөрсөн онд Омск хотын мужийн 12 телевизийн сувгаар гарч, “Ялалтын сайн дурынхан” хөдөлгөөнтэй хамтран, ОХУ-ын ерөнхийлөгчийн Соёлын санаачилгын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн бүтээл аж. Тус кино бодит түүх, баримтад тулгуурласан бөгөөд төслийн баг Омск мужийн ОХУ-ын ХАБА-ын газрын архив болон Калининградын архив дахь баримтуудад судалгаа хийж, түүнд тулгуурлан зохиол бичжээ. Кино зохиолд хорих лагерийн хуучин хоригдлуудын түүх, дайны гэмт хэрэгтнүүдийн байцаалтын материал, архивын бичиг баримтуудад тулгуурлан, зөвлөхүүд болон түүхчдийн оролцоотойгоор бүтсэн байна.

Дайны жилүүдэд Зүүн Пруссын нутагт “Пальмникений эмгэнэлт хэрэг” хэмээн нэрлэгдэх аймшигт үйл явдал болж өнгөрсөн байдаг. Киноны гол дүр Смоленск хотоос гаралтай залуу балетчин эмэгтэй бусад остарбайтерүүд /Зүүн нутгийн ажилчин/-ы хамт фашист лагерьт албадан хөдөлмөр эрхлэхээр хүргэгдэнэ. Эрүүдэн шүүлт, зодуур, гэмтэл бэртэл, хүнд хүчир хөдөлмөр нь хоригдлуудын өдөр тутмын хэвийн зүйл мэт болж, хүн чанарыг үгүйсгэсэн хар дарсан бодит байдал үргэлжилнэ.

“Үхэлтэй бүжиглэсэн нь” кино нь фашизмын аймшгийг мартах ёсгүйг, эх орны дайныг туулан амьд үлдсэн хүмүүсийн эр зориг, тэсвэр хатуужлыг өнөө цагийнханд, олон орны иргэдэд дахин сануулсан сургамжит бүтээл юм. Киноны нээлтэд ерөнхий продюсер А.Серов оролцож, Омск хоттой шууд холбогдон зураг авалтын павильонд киноны уран бүтээлчид, жүжигчид, найруулагч болон зураг авалтын баг цуглан үзэгчдийн сонирхсон асуултад хариулж, санал бодлоо солилцох юм байна.

Эх сурвалж www.zms.mn