Гэрэл зургийг Л.Номингэрэл

П.Лхагважаргал

Идэр есийн хүйтэн чангарч, цас хялмаалсан өвлийн энэ өдрүүдэд Монгол оронд маань шөнөдөө -52 градус хүрч, тачигнатал хүйтэрч байгааг бүгд гайхан ярьж байна. Мод бутны мөчир, хад чулуу бүхэнд нь цас бамбарлан цавцайж, хүйтний жавар хацар хайран байхад эх орныхоо төлөө тангараг өргөсөн хилчид морин дэл дээр дархан хилээ манаж байна. Эх орон элэг нэгтнээ халуун зүрхэндээ тээсэн хилчид хахир хүйтэн, халуун нар, хуй салхи, үер усыг ажрахгүй торгон хилийн манаанд сүлдэт баганадаа ёслон зогсоно. Хэдий тэд тангараг өргөсөн хилчид ч аньсага чилээн харуулдан суух эгэл монгол ээжийн хүү, аавын охид юм. Цас бамбарласан жаврыг халуун сэтгэлээрээ төөнөж, эх орныхоо дөрвөн зүг найман зовхист торгон хилээ хамгаалж буй хилчдээрээ бахархаж байна.