Б.ЖАВХЛАН

 

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Ц.Түмэнбаяр өчигдөр Үндэсний номын сангийн үзэсгэлэнгийн танхимд "Мөнх тэнгэрийн Хөх илд" түүхэн роман болон "Монголын зохиолчид" гэрэл зургийн үзэсгэлэнгээ хамтад нь нээсэн юм. Нээлтийн үеэр түүнтэй ярилцлаа.

 

-Та анхны түүхэн романаа баринтаглаж, 20 жил дурандаа буулгасан Монголын зохиолчдын үйл явдлын гэрэл зургаар үзэсгэлэнгээ нээсэн баярт өдөр тохиож байна. Таны романы санаа хаанаас үүдэлтэй вэ?

-Баярлалаа. Би утга уран зохиолын салбарт бүтээлээ туурвиад 40 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Өмнө нь ихэвчлэн богино өгүүллэг бичиж, олон уралдаан тэмцээнээс шагнал хүртэж явлаа. Харин анх удаа роман бичиж, ийнхүү номын баяраа хийж байна. Номын редактораар Монгол соёл-Их Юань улсын түүхийн доктор Д.Идэр ажилласан.

Зургийн үзэсгэлэнгийн хувьд 20 жил дарсан гэрэл зургуудаасаа онцлох 90 гаруй бүтээлийг сонгож дэлгэлээ. Зохиолчдодоо бэлэг барьж, баярлуулахыг хүссэн.

Романы тухайд би 20 гаруй жилийн өмнөөс Хубилай хааны толбот ирвэс гэдэг Юань гүрний сэдэвтэй тууж бичнэ гэж нэлээн материал цуглуулж байсан юм. Тэр туужаа бичиж амжаагүй байтал түүхч Идэр маань Хөхтөмөр жанжны тухай шинэ судалгаагаа танилцуулсан. Судалгааных нь номыг уншаад Юань гүрний үеийн Хөхтөмөр жанжны амьдрал, тэмцлийг харуулсан роман бичье гэж шийдсэн.

Хөхтөмөр жанжин бол өнөөгийн Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийг авч үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм. Тодруулбал, Тогоонтөмөр хаан Мин гүрэнд хөөгдөж Юань гүрнийг улаан алчууртан эзэлж байхад Монгол улсынхаа голомт, газар нутгаа хамгаалж авч үлдсэн ганц жанжин.

-Улсаасаа урваагүй ганц жанжин гэж та тодотгож ярилаа. Хөхтөмөр жанжны тухай түүхэнд тод тэмдэглэгдсэн байдаг уу?

-Хөхтөмөр жанжныг урвуулах гэж, амийг нь авах гэж оролдож байсан ч тэрээр эх орноосоо урваагүй юм. Тухайлбал, Мин гүрнээс урвуулах маш олон оролдлого хийж, янз янзын арга хэрэглээд дийлээгүй. Гэтэл Тогоонтөмөр хаан хатныхаа үгэнд орж Хөхтөмөрийг гурван удаа хэлмэгдүүлж, цаазаар авах шахаж байсан. Тэгэхэд ч урваагүй. Гэтэл тэр үед олон жанжин Тогоонтөмөр хаанаас урвасан. Харин Хөхтөмөр жанжин Монгол төрийг аврах ёстой гэдэг байр сууриндаа бат зогсож байсан нь түүхэнд тодоор бичигдэн үлдсэн байдаг. Ийм л эмгэнэлтэй, ээдрээтэй, цэх шулуун, өнөөгийн Монгол Улсыг оршин тогтноход том гавьяатай жанжин гэдгийг таниулахаар түүхийн эх сурвалжуудыг цуглуулж, судалж 500 гаруй нүүртэй романаа бичсэн.

-Романаа бичихэд хэдий хэр хугацааг зарцуулав?

-Гурван жилийг зарцууллаа. Бичиж байтал дунд нь гацах үе их байлаа. Учир нь Юань гүрний төр Хятадад буюу Бээжинд төвлөрч байсан. Тухайн үеийн төрт ёсны уламжлалыг төсөөлж бичихэд хэцүү. Тиймээс судалгаанд цаг хугацаа их орсон. Түүхэн хүмүүсээс эхлээд, он цаг, газар, үйл явдлыг судалж, Монголын түүхчид болон бусад улсын түүхчдийн Юань гүрний талаар бичсэн судалгаануудыг харьцуулж үзсэн. Энэ бүхний эцэст анхны романыхаа нээлтийг хийж байгаадаа их баяртай байна.

Романы минь нээлтэд их олон хүн ирлээ. Нэгдүгээр ангид хамт сургуульд сурч байсан ангийн найзуудаас эхлээд хамт ажиллаж байсан холбооны инженерүүд,  гэрэл зургийнхан, сэтгүүлчид та бүхэндээ хүрэлцэн ирсэнд талархаж байна. “Зууны мэдээ” сонинд ажиллаж байсан сэтгүүлчид маань их тус болж байсанд баярлалаа.

-Зохиолчдын нандин зургууд таны үзэсгэлэнд дэлгэгджээ. Мөн дурсгалын карт хэлбэртэй байгаа нь содон байна. Та хэзээнээс гэрэл зураг дарж эхэлсэн бэ?

-Би уран бүтээлээ бичихийн зэрэгцээ байгалийн гэрэл зураг сонирхдог, ганц нэг зураг дардаг байсан. Тэр хоббигоороо сүүлийн 20 жилийн хугацаанд зохиолчдтойгоо арга хэмжээнүүд дээр таарах бүртээ зургийг нь авдаг байсан. Харин өнөөдөр үзэсгэлэн болох хэмжээнд олон зураг үлдэж, дурсгалын карт ч хэвлүүллээ.

Зохиолчдын маань зургуудыг архивлаад аваад үлдчихсэн хүн ер нь байхгүй. Байлаа гэхэд дандаа фото зурагчид, сэтгүүлчдэд л байдаг байх. Тиймээс Монголынхоо зохиолчдод өөрийн дарсан зургуудаа үзүүлж, тэр цаг хугацаагаар аялуулах юмсан гэж үзэсгэлэнгээ гаргасан юм. Гэтэл хугацаа нь зохиолчдын эвлэлийн ойн хурлын өмнөх өдөр таарсанд баяртай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 10 (7752)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn