“Netflix”-ийн бүтээсэн “Glory” гэж БНСУ-ын шуугиан тарьсан цуврал бий. Дунд сургуулийн сурагчдын дээрэлхэлт гэмгүй нэгэн охины амьдралыг хэрхэн там болгож, тэр шарх олон жилээр илааршихгүй өс хонзон болон бугшсаар эцэстээ хэн хэн нь хүртэх ёстойгоо хүртэж байгаа тухай сэтгэл сэртхийм энэ түүх бодит явдлаас сэдэвлэсэн гэдгийг бид мэднэ. Хэдий болсон явдлаас сэдэвлэсэн ч кино учир хүүхдүүдийг халуун индүүгээр түлэхээс эхлээд маш олон үзэж чадахааргүй сценитэй. Гэтэл Монгол Улсад уран сайхны хэтрүүлэг багагүй орсон “Glory”-гоос ч аймшигт хүчирхийлэл дунд сургуулийн хүүхдүүд дунд болдогийг бид нууц группээс задарсан чат бичлэгнээс мэдэж, нийгэмд бугшсан энэ асуудал ямар аймаар болсныг ам амандаа шуугилдан ярьж эхэллээ. Зүүгээр шивдэг, бахиар хавчдаг, хэл амаар доромжлон бүлэглэн зоддог гээд нүд хальтирч, ухаанд багтамгүй олон үйлдэл аравхан настангуудаас гардаг болсныг одоо л бид анзаарч байна.
Уг нь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, зэрлэг балмад үйлдлүүд одоо гэнэт гарч ирсэн ганц тохиолдол биш л дээ. Сүүлийн хэдэн жилд хүүхдүүд тэр дундаа охидууд бусдыгаа дээрэлхэж бичлэг хийдэг аймшигтай жишээнүүдийг бид олон харсан.
Хэдэн жилийн өмнө хүний толгой дээр халуун кофе асгасан охиноос эхлээд урлагийн сургуулийн жүжигчин охидын санаанд оромгүй дарамтын талаар сонсоод л өнгөрсөн. Сүүлдээ 16 настай охиныг мөчлөөд чемоданд чихсэн балмад хэрэг одоо ч шүүхийн шатанд шийдэгдээгүй хэвээр л байна.
Тэнд хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Кофе асгасан охинд хариуцлага тооцох нь битгий хэл өнөөх маань инфлүнсэр болоод, улам бүр мандан бадарч байна. Урлагийн сургуулийн оюутнууд урлаг, гоо зүй, соёлыг биш үе дамжсан хүчирхийллийг өвлүүлж байгааг бид тоолгүй, шоолоод, наргиад өнгөрсний гор өнөөдөр улам ужгирч илэрч байгаа нь энэ. Эргээд өнөөх булли хийдэг хүмүүс харин ч инфлюнсэр гэдэг гоё нэрээр реклам хийж амьдарч байгаагаараа “хүнийг дээрэлхсэн ч хариуцлага хүлээхгүй байж болдог” гэдэг ойлголтыг нийгэмд өгч байна.
Товчхондоо бол өмнө байсан асуудалд хариуцлага хүлээлгээгүй, тоогоогүйн үр дагавар одоо илэрч байгаа хэрэг.
“Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” гэж уриалаад ч дээрэлхэл дэлгэрсээр...

Нэгэнт БНСУ-г жишээ татсаныг тус улсад ч бас сүүлийн үед боловсролтой холбоотой олон сорилттой нүүр тулж байгаагийн нэг нь үе тэнгийн дээрэлхэлт байв. Мөн хүүхдүүдийнх нь хүмүүжлийн доголдлыг хэлсэн багш нарыг хэл амаар доромжилж, хүүхдүүддээ үг хэлүүлэхгүй дайрдагаас ажлаас халшрах эмгэг үүсч, багшийн хомсдолд орж, ажил хаялт болж байсан асуудал ч дуусаагүй байгаа юм.
Гэтэл яг энэ байдал энэ хандлага манай улсад илэрч байгаа. Эцэг эхчүүд аль болох өөрийн хүүхдийг өмөөрч бусыг буруутгах хандлагатай байдгийг саяхан нэгэн багш цахим хуудастаа бичсэн байна лээ. Түүний бичсэнээр, хэдэн жилийн өмнө сургууль дээр нь ийм асуудал болоход хүүхэд дээрэлхсэн хүүхдийн аав ээж нар хүүхдээ өмөөрч, орилж хашгирч, ямар муухай авир ааш үзүүлснийг шогшрон гайхсан байсан. Товчхондоо бол томчууд бидэнд их учир бий.
Ер нь асуудал ийм дээрээ тултал томчууд бид хаана байсан юм бэ гэж асуумаар. Яг үнэндээ бид үр хүүхдийнхээ, ирээдүй хойчийнхоо асуудлыг 30 жил хаячихсан шүү дээ. Хүүхдүүдээ хувийн сургуульд сургаж сайн боловсрол олгоно оо гэж л уралдаж байснаас биш сэтгэл зүйг нь ойлгож эерэг хандлага үзүүлж чадалгүй завгүй гэдгээр шалтаглан сургууль цэцэрлэгт нь найдаад үлдээчихсэн. Төрийн байгууллага нь хүртэл хүүхдийн хүмүүжил, бусдыг ойлгоход хамгийн их хэрэг болдог уран зохиолын хичээлийг сургалтын агуулгаас авч хаясан нь ч хүртэл буруутай.
Хүүхэд бол энэ нийгмийн толь. Тэд нэг л өдөр тэр бүх муу муухай адын бодол, үйлдлийг хэн нэгнээс сурдаггүй. Тэр бол гэр бүлээсээ нийгмээс орчноос, үзэж байгаа кино контент, найз нөхдийн үйлдлээс гээд олон зүйлээс сурдаг. Тэгэхээр хэг нэгнийг буруутгаж сургууль руу бухах, эсвэл асран хамгаалагч, эцэг эх, гэр бүлийн хараа хяналт гэж хэн хэн рүүгээ чихэхээс илүү өөр өөрсдөдөө хамааруулж, дор дороо л анхаарч асуудлын шийдлийг олох нь хамгийн чухал байна. Төр засаг ч үүнд хамгийн их хамаатай. Төрд байгаа томчууд нь Их хурлын эмэгтэй гишүүд дунд “ч” “г”, “п”, “я” үгсийг амныхаа зоргоор хэлж ард түмнийг буллиддаг эмэгтэй ч байна. “Надаар оролдвол шоронд юм уу шороонд булагддаг шүү” гэж сүрдүүлдэг багш гишүүн ч бий. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн ч гэмгүй өнгөрч соёл түгээж байгаа нэртэй соёлгүй сайд ч бий.
Товчхондоо бол буруутныг хайвал бүгд л буруутай.
Тэгвэл шийдэл юу вэ?
Ингээд буруутныг хайхаас илүү цаашид яаж өөрчлөх вэ гэдгийг бид өргөн утгаар нь харвал энэ асуудлыг жаахан ч болов засаж чадна гэж найдна. Гэхдээ л 35 жилд бугшсан асуудал болохоор амаргүй л байх.
Нэг талаар нийгэмд идээ бээр болтлоо бугшсан энэ асуудлыг одоо нийтээрээ ярьж, анхаарч байгаад талархмаар. Ид хэлэлцэж, олноороо анхаарч байгаа дээр сайн муу, зөв буруу олон л санал хөвөрч байгаа нь ч сайн. Тэр дунд онцолж анхаармаар, санаа авмаар хэд хэдэн зөв агуулгууд байна.
Сошиал орчинд нэлээд идэвхтэй байдаг, өөрөө ч хүүхдийн боловсролын талаар ярьдаг Алтансор (Altansor Tsogtkhuu) эмэгтэй гэхэд үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгааны талаар судалгаатай пост оруулсныг илүү үндэслэлтэй гэж үзсэн учир зориуд “чирж” ирлээ.
Түүний постын агуулга нь зургаар илэрхийлэгдсэн бөгөөд дөнгөж найман хувь нь дээрэлхэж байгаа хүүхдэд хамаардаг, бусад нь тухайн орчин нөхцлөөс шалтгаалдаг гэдгийг илэрхийлсэн байна.
Тэгэхээр харсан ч хараагүй өнгөрдөг, эргээд асуудал болсны дараа хэлээд байхад гэдэг аминч үзлээ больё. Ялангуяа бүгдээрээ үр хүүхэд гэр бүлтэй, ирээдүйдээ санаа тавьдаг л юм бол хүүхдийн аливаа сөрөг хандлагыг буруу гэдгийг нь хэлж ойлгуулъя, өөрсдөөрөө үлгэрлэе.
Хамгийн гол нь эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүдийнхээ хажууд бусдыг муу хэлдэг, дорд үздэг, баян ядуугийн ялгаа баярхал чамирхлыг хэт их өдөөж байна. Ерөөсөө сүүлийн үед болж байгаа үйл явдлаас харахад бусдыг дээрэлхдэг хүүхдүүдэд нэг ижил төстэй чанар байгаа нь мөнгөтэй албан тушаалтай аав ээжээрээ далайлгадаг, айлгадаг хандлага байна. Нэрийг нь ч бичихээс сэжиг хүрч байгаа “...шино” гэсэн группээс задарсан чатан дээр гэхэд “...Манай аав цагдаа гэдгийг мэдэж байгаа биз дээ. Чиний талаарх гомдол манай аавын ширээн дээр очиход л юу болохыг мэднэ биз дээ” гэх мэтээр дарамталсан байсан. Тэгэхээр хуулийн байгууллагад ажилладагаараа далайлгадаг энэ нэг байдал бүр газар авчихсан юм байна.
Хэзээнээсээ энэ асуудал тогооноосоо хальчихсаныг “Говь”-ийн Б.Амарсайхан, гишүүд томчуудын хүүхдүүдийн зодоон, хийрхэлээс харагдаад байгаа шүү дээ. “Манай аав Ерөнхий сайдыг танина, манай аав тийм хурандаа ийм дарга” гэж томорцгоож байгаа 20, 30-тай залуучууд байна гэхээр нэг бодлын ичмээр, нөгөө бодлын инээд хүрмээр, ерөөсөө өрөвдмөөр жижигхэн санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ингэж аав ээжийн хөрөнгөөр айлгасан баян айлын бацаануудын сагсууралд цэг тавья. Хууль хяналтын байгууллага гэж байдаг л юм бол, хуулийн нэрээр далайлгасан, бусдыг дарамталдаг эрхшээлдээ байлгадаг албан тушаалтнуудтайгаа хариуцлага тооцъё.
2024 онд Цагдаагийн Ерөнхий газраас “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” гэсэн аяныг санаачлан сар гаруйн хугацаанд хэрэгжүүлж байв. Тухайн үед үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг ихээхэн анхаарч, дунд сургуулиуд ер нь хүүхэд залуучуудтай холбоотой бүхий л газруудад сурталчилж, хэрэндээ л анхаарал хандуулаад байсан ч өнөөдөр дээрэлхэлт дэлгэрсээр байна.
Манай сонин ч өнгөрсөн жил гэхэд ч хоёр ч удаагийн нийтийн эрх ашгийг хөндсөн бүтээлээ цахим орчинд өрнөж байгаа дээрэлхэлт болон их дээд сургуулиудад байгаа “хал цэрэг”-ийн асуудлыг хөндөж байлаа. Гэхдээ бичсээр байхад байсаар байна гээд дуугүй болох биш улам олуулаа бичье, анхаарзя, шийдлээ хайя, хамтдаа хариуцлагын асуудлыг эргэн харъя.
Хүүхдүүдийн хүчирхийллийн асуудал задарснаас хойш яригдаж байгаа нэг том сэдэв ерөөсөө хатуу аргаар үзье, бараг л “хавтаст хэрэг” нээгээд ирээдүйд хэн ч биш болгоё гэдэг санал хүртэл гарч байна. Мэдээж тал талаасаа ярилцах нь зөв. Гэхдээ хүчирхийллийг хүчирхийллийн аргаар бус хариуцлагын түвшнийг нь уялдуулсан байдлаар ухамсарт нь суулгаж өгөх тогтолцоо бидэнд хэрэгтэй байна. Зарим улсын хувьд 14-өөс дээш настай хүүхдийг хүүхдийн колонид явуулдаг, шууд хуулийн арга хэмжээ авдаг тухай ярьсан байна. Францад амьдардаг зохиолч Х.Болор-Эрдэнэ амьдарч байгаа улс нь ийм асуудалд ямар арга хэмжээ авдаг талаар бичсэн байсан. Тэндээс харахад хүүхэд гэж толгойг нь илдэггүй, хуультай журамтай, тухайн хүүхдийн эрх гэж үзэхээс илүү нийгэмд учруулж байгаа, хохиргчдод үзүүлж байгаа сөрөг нөлөөг нь үнэлж хариуцлагыг нь уялдуулдаг юм билээ.
Яг үүн шиг манай Хүний эрхийнхэн юм л бол хүүхэд болохоор гэж эрх ярьдагаа урьтал болгодогоо больё оо. Хохирогч хүүхдийнх нь нэр ус, нүүр царай ил болчихоод байхад бусдыг дээрэлхдэг хүүхдүүдийн эрх ярьж дам байдлаар хамгаалаад байгаа нь ч эргээд тэднийг өөгшүүлдэг ч юм байхыг үгүйсгэхгүй. Мөн бас нэг заавал анхаарах асуудал бол сүүлийн бичлэгийг оруулсан хүүхэд “сошиалдаа хандалт авахын төлөө оруулсан” гэж мэдүүлэг өгчээ. Энэ ч бас л бидний анхаарах өнцөг. Сүүлийн үед хандалтын төлөөх солиорол яг үнэндээ галзуугийн бүхэл бүтэн армийг бэлдэж байна. Нийгмийн оюун санааг ч бохирдуулж, стресстүүлж, эргээд үнэн худал нь ч ялгагдахаа больсон мэдээллийн далайд живүүлж байна. Тэгэхээр хаа хаанаа хариуцлагатай, эерэг хандлагатай, бурууг нийтээрээ жигшдэг жишиг тогтоовол энэ бүх сөрөг орчин эмх цэгцэндээ нэг орох ч юм шиг. Ерөнхий сайдын хэлээд байгаа “Цэгцэрье” гэсэнчлэн хувь хүн бүр оюун бодлоо, гэр бүл бүр аав ээжээсээ, нийгэм бүлэг бүр орчин хүрээллээсээ, төрийн түшээдээсээ эхлээд улс нийтээрээ цэгцрэх цаг үнэхээр иржээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 46 (7788)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn