Б.ЖАВХЛАН

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 09:00 цагийн байдлаар дараах аймаг, сумдуудад цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байгааг цаг агаарын байгууллагаас мэдээллээ. 

Одоогийн байдлаар Архангай аймгийн Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Эрдэнэбулган, Өгийнуур сум, Баянхонгор аймгийн Шаргалжуут, Шинэжинст, Эрдэнэцогт, Булган аймгийн Рашаант, Дархан-Уул аймгийн Шарын гол, Орхон аймгийн Баян-Өндөр, Сэлэнгэ аймгийн Баянгол, Бугант, Мандал, Орхон, Төв аймгийн Баянчандмань, Жаргалант, Лүн, Цээл, Эрдэнэсант, Өндөрширээт, мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр, Бат-Өлзий, Бүрд, Есөн-Зүйл, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Хархорин, Хужирт сумдын нутгаар цас орж байна.

Мөн Баянхонгор аймгийн Хүрээмарал, Завхан аймгийн Баянхайрхан сумдын нутгаар цасан шуурга шуурч байгаа бол Баянхонгор аймгийн Баянцагаан, Богд, Жинст, Эхийнгол, Говь-Алтай аймгийн Баянтоорой тосгон, Дарви, Дундговь аймгийн Адаацаг, Луус, Сайнцагаан, Эрдэнэдалай, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Богд сумдын нутгаар шороон шуурга шуурч байна.

Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын хойд хэсгээр, зүүн аймгуудын баруун хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурах төлөвтэй. Харин гуравдугаар сарын 13-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурах бөгөөд нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

Мөн зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүй бөгөөд ихэнх нутгаар агаарын температур 10-20 градусаар огцом хүйтрэх төлөвтэй байна.

Иймд иргэд, малчид, тээвэрчид цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол авч, бусдад түгээх, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж мөрдөхийг зөвлөж байна. Мөн цас орж буй нутгуудаар замын халтиргаа гулгаа үүсэх магадлалтай тул жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бензин шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих шаардлагатай. Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж малаа ойрын бэлчээрт хариулж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.