Т.МИЧИДМАА

 

Жил бүрийн гуравдугаар сарын 12-нд Глаукомын дэлхийн өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсад долоо хоногийн турш нүдний даралт буюу глауком өвчний талаар олон нийтэд мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг уриалдаг билээ.

Энэ хүрээнд Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Нүд судлалын тасгийн эрхлэгч А.Доёдмаа, ЭМЯ-ны Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхимийн доктор, профессор Д.Уранчимэг, Монголын нүдний даралтын холбооны тэргүүн, АУ-ны доктор, клиникийн профессор Б.Жавзандулам нар мэдээлэл хийлээ.

 

ЭМЯ-ны Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхимийн доктор, профессор Д.Уранчимэг: 40-өөс дээш насныхан нүдээ тогтмол шалгуулах хэрэгтэй

 

 -Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас глауком буюу нүдний даралт ихсэх өвчний улмаас дэлхий даяар 7.7 сая хүн хараагүй болсон байдаг. Глауком нь харааны мэдрэлийг гэмтээдэг өвчний бүлэгт хамаардаг бөгөөд  харааны мэдрэлд эргэшгүй өөрчлөлт үүсвэл сохрох аюултай. Тиймээс 40-өөс дээш насныхан жилд 1–2 удаа нүдний даралт болон харааны талбайн шинжилгээ хийлгэх шаардлагатай. Глауком нь зөвхөн ахмад настанд бус бүх насныханд тохиолдох эрсдэлтэй өвчин.

Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүргийг хамруулан 50-аас дээш насныхны дунд хийсэн судалгаагаар сохролын 20 хувийг глауком эзэлсэн. Сүүлийн жилүүдэд лавлагаа шатны эмнэлгүүдэд өндөр технологийн оношилгооны багаж нэвтэрснээр өвчнийг эрт илрүүлэх, эмийн, лазер болон мэс заслын эмчилгээ хийх боломж нэмэгдсэн. Тиймээс глаукомын улмаас үүсэх сохролыг бууруулахын тулд иргэд нүдээ тогтмол үзүүлж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь чухал. Хүүхдийн хувьд нүдний хавдар, гэмтлийн дараа глауком илрэх тохиолдол байдаг. Тиймээс хүүхэд, өсвөр үе, залуучууд болон ахмад настнууд харьяа хороо, дүүргийнхээ лавлагаа түвшний эмнэлгүүдэд нүдний үзлэгт хамрагдахыг зөвлөж байна.

 

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Нүд судлалын тасгийн эрхлэгч А.Доёдмаа: Шинж тэмдэг нь ихэвчлэн хожуу үед илэрдэг

 

- Нүдний даралт өвчин нь эхэн болон дунд үедээ бараг шинж тэмдэг илэрдэггүй. Тиймээс олон хүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалгүй явсаар, хараанд эргэшгүй өөрчлөлт орсон хожуу шатанд эмнэлэгт ханддаг. Глауком нь хэлбэрээсээ хамааран нээлттэй өнцөгт, хаалттай өнцөгт, хоёрдогч зэрэг төрөлтэй. Эхэн үедээ шинж тэмдэг бага илэрдэг ч хараа бүрэлзэх, нүд улайх, гэрлийн эх үүсвэр рүү харахад солонгон хүрээ харагдах, харанхуйд харах чадвар муудах зэрэг шинж илэрч болно. Харин хурц хэлбэрийн үед огцом хараа бүрэлзэх, нүд улайж өвдөх, толгой таллаж өвдөх, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж илэрдэг. Зарим тохиолдолд хүмүүс эдгээр шинжийг цусны даралт ихсэхтэй андуурах нь бий. Глаукомын үед эхлээд захын хараа алдагддаг тул ямар нэгэн шинж тэмдэг хүлээлгүйгээр жилд дор хаяж нэг удаа нүдээ үзүүлэх хэрэгтэй. Ялангуяа 40-өөс дээш насныхан, гэр бүлийн гишүүдэд нүдний даралт өвчнөөр өвчилж байсан хүнтэй бол тогтмол үзлэгт хамрагдах шаардлагатай аж.

 

Монголын нүдний даралтын холбооны тэргүүн, АУ-ны доктор, клиникийн профессор Б.Жавзандулам:Удамшлын болон олон хүчин зүйл нөлөөлдөг

 

 -Глауком нь удамшлын болон бусад олон хүчин зүйлтэй холбоотойгоор үүсдэг. Тухайлбал, удамд нь нүдний даралт өвчтэй хүн байх, цусны даралт ихсэх, холын болон ойрын хараа муутай байх зэрэг нь эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн нүдний үрэвсэлт өвчин, биеийн эрхтэн системийн өвчний улмаас удаан хугацаанд гормоны эмчилгээ хийлгэх, нүдний гэмтэл зэрэг нь хоёрдогч глауком үүсгэх шалтгаан болдог.

“Глауком” гэдэг үг нь грек хэлнээс гаралтай бөгөөд “ногоорох” гэсэн утгатай. Эмчлэгдээгүй, эцсийн шатанд орсон зарим глаукомын үед нүдний эвэрлэг бүрхүүл хавагнаж, хүүхэн хараа өргөсөж ногоовтор саарал өнгөтэй харагддаг тул ийнхүү нэрлэсэн байдаг.

Мөн 2006 онд Японы Глаукомын холбооноос “Ногоон гэрлээ асаая” аяныг эхлүүлж байсан. Энэ аяны хүрээнд дэлхийн олон оронд барилга байгууламж, эмнэлгүүдийг ногоон гэрлээр гэрэлтүүлж, глаукомын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхийг зорьдог. Энэ жил Монголын нүдний эмнэлгүүд нэгдэн тус аяныг дэмжиж, иргэдэд мэдээлэл хүргэж байна.

 

Эрт илрүүлбэл харааг хадгалах боломжтой

 

Глауком үүсэхэд нүдний бүтэц чухал нөлөөтэй байдаг. Зарим хүмүүст нүдний хэмжээ байгалиасаа жижиг байдаг бөгөөд ялангуяа 22 мм-ээс бага урттай нүдтэй хүмүүс эрсдэл өндөртэйд тооцогддог. Тиймээс богино нүдтэй, ялангуяа 40-өөс дээш насныхан тогтмол үзлэгт хамрагдах шаардлагатайг эмч нар онцолж байна.

Мөн удаан хугацаанд харанхуй орчинд байх, толгойгоо доош харуулж удаан ажиллах, хэт халалт, хөлөө хүйтэн усанд дүрэх, их стресс зэрэг нь глаукомын цочмог давшлыг өдөөх хүчин зүйлсийн нэг байж болдог аж. Глауком нь олон тохиолдолд шинж тэмдэггүй явсаар харааны мэдрэлийг гэмтээж, улмаар хараа алдагдах аюултай байна. Тиймээс эмч нар иргэдэд жил бүр нүдний урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, нүдний даралтаа тогтмол шалгуулж байхыг уриаллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 46 (7788)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn