Дүүргийн хөгжлийн чиг хандлага, бүтээн байгуулалт, төсөв зарцуулалтын талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэнтэй ярилцлаа.
- Танай дүүргийн хөгжлийн чиг хандлага хаашаа чиглэж байна вэ. Цаашид хэрхэн хөгжинө гэж харж байгаа вэ?
-Хан-Уул бол хүн амын төвлөрөл их болж байгаа дүүрэг. Мөн хот төлөвлөлтийн тал дээр ч гэсэн зүүн урагш тэлэлтүүд бий болж байгаа учраас шинэ, орчин үеийн дүүрэг болж хөгжих төлөв ажиглагдаад эхэлж байна. Жишээлбэл, Нисэх, Яармаг чиглэлд шинэ архитектуртай, шинэлэг орон сууцууд баригдахын зэрэгцээ сургууль, цэцэрлэгийн дэд бүтэцтэй төлөвлөлтүүд явагдаж байна.
Мөн манай дүүрэгт трамбайн шугам зэрэг Архивчдын гудамжнаас Наадамчдын зам, Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай чиглэлд их багтаамжийн тээврийн хэрэгслүүд явах гэж байна. Ингэснээр түгжрэлийн асуудал ч буурна. Дээр нь туулын хурдны зам, тойрог хурдны зам, Хан-Уул дүүргээс Эмээлттэй холбогдох зам, Хөшигтийн хөндийг Толгойт өртөөтэй холбох төмөр замууд манай дүүргээр дамжина.
Бас дүүжин тээвэр энэ жил ашиглалтад орно гэх мэт дэд бүтцийн салбарт нэлээд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд явах учраас цаашид Хан-Уул дүүргийн иргэд ая тухтай амьдрах боломж, нөхцөлүүд бүрдэж байна.
Мөн дүүргийн зүгээс нийслэлтэй хамтраад зогсоол, ногоон байгууламж, тохижилт, эрүүл мэнд, боловсролын байгууллагын чанар, хүртээмжтэй байдал дээр түлхүү анхаарна. Бидний эцсийн зорилго бол дархан цаазат Богд уулаа түшиглэсэн, эко дүүрэг болох юм.
- Танай дүүргийн хувьд төсөв зарцуулалт ямар байгаа вэ. Энэ онд хийгдэх бүтээн байгуулалтуудынхаа талаар ярьна уу?
-Дүүрэг орлогын төлөвлөгөөгөө татварын албаар дамжуулж бүрдүүлдэг. Нийт төсвийнхөө үлэмж хувийг нийслэлд төвлөрүүлж, томоохон бүтээн байгуулалтууд руу оруулдаг.
Манай дүүрэг энэ жил нийт 86 төсөл арга хэмжээнд 66 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. 86 төсөл арга хэмжээнээс тохижилтын асуудал дээр нэлээд анхаарч байгаа. Ялангуяа дугуйн болон явган замын засвар үйлчилгээ, ногоон байгууламж нэмэгдүүлэх зэрэг багтсан. Мөн хүн амын төвлөрөл их байгаа учраас сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал гарч байна. Тиймээс эдгээрийн хүртээмжийг нэмэх үүднээс боловсрол болон эрүүл мэндийн байгууллагуудад нэлээд хөрөнгө оруулалт хийнэ.
Ингэхдээ эрүүл мэндийн салбарын хувьд иргэдтэйгээ илүү ойр байх зохион байгуулалтыг хийж, дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд анхаарч, хөрөнгө оруулалт хийж ажиллана.
-Хан-Уул бол нэлээд тэлж төвлөрөл нэмэгдэж байгаа дүүрэг шүү дээ. Тиймээс дүүргийн Засаг даргын хувьд авто замын түгжрэлийн асуудлыг шийдэхэд ямар гарц, гаргалгаа байна вэ?
-Дэд бүтцийн зөв зохион байгуулалт, авто замын сүлжээ сайжирснаар түгжрэл буурна. Бидний хувьд дүүргийн хэмжээндээ энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хийж байгаа нэг ажил бол хотхон, хороолол дундах авто замын сүлжээг сайжруулах. Хотхон бүрт хашаа бариад, дотроо түгжрээд байна гэдэг шүү дээ. Тэгэхээр зөвшөөрөлгүй баригдсан хашаануудыг нурааж, авто замын сүлжээг холбох маш чухал байгаа. Бид хөгжсөн орнуудын жишээг ярьдаг. Тэдгээр улс орнуудад хотхон, хороолол болгонд хашаа гэж байдаггүй. Гудамж болгоноороо л хоёр эгнээ замаар түгжрэлгүй явдаг зохион байгуулалттай. Ингэснээр бүх хотхон хорооллоор тээврийн хэрэгслүүд явах боломжтой болж байгаа юм.
Харин манайд хамгийн энгийн жишээг дурдвал, Маршал таун хотхонд олон мянган айл, өрх амьдарч байхад орж, гарах хоёрхон гарцтай. Нэг нь зүүн талаараа Их монголын гудамж руу, нөгөө нь Хүннү хороолол руу гарах гарцтай. Тиймээс өглөө оройдоо ачаалалтай үед тэнд түгжрэл үүсдэг. Тэгэхээр бид хотхон хорооллын СӨХ, төлөвлөлттэй ярилцаж байгаад хашаануудыг буулгаж, хотхон хорооллын орц, гарцыг нэмэгдүүлбэл том зам барихаас илүү дэвшилтэд зүйл болно гэж харж байгаа. Гэхдээ ийм байдлаар шийдэхэд тулгамдаж байгаа асуудал бол иргэдийн эсэргүүцэл байдаг. Жишээлбэл, “манай хотхон руу өөр машин орчихлоо” гээд л. Гаднын машин оруулахгүй гээд хаалт хийчихдэг. Энэ мэт асуудал дээр иргэдтэйгээ ярилцаж, ойлголцох хэрэгтэй байгаа. Хотхон хороолол бүр хашаатай, хаалттай байснаар тухайн орчин л таатай байхаас бусдаар нийтээрээ хохирч байгаа асуудал.
Ялангуяа Яармагийн 23 дугаар хороо, 17,18 дугаар хороо, Цэнгэлдэх, Хүннү малл, Ривер гарден, Зайсан орчим, Ханбогд, Богд вилла зэрэг хотхонуудын асуудалд онцгой анхаарах шаардлагатай байгаа.
Мөн шинээр баригдаж байгаа хотхонуудад хашаа бариулахгүй байх бодлогыг дүүргийн хэмжээнд баримталж байна. Эдгээрийг хэрэгжүүлснээр түгжрэлийг шийдэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах юм.
-Өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн онцлох ажлуудынхаа талаар дурдвал?
-Манай дүүргийг тойрсон энэ хэсэгт төр захиргааны ихэнх байгууллагууд төвлөрсөн байгаа. Хан-Уул дүүргийн ЗДТГ, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүх, Дүүргийн цагдаагийн газар, эрүүл мэндийн газар, татварын газар гэх мэт бүгд нэг дор байршсан. Эдгээр газар руу машин орж гарахын тулд зөвхөн дүүргийн гэрэл дохиотой уулзвараар орж, дүүргийнхээ хойшоо гардаг нэг орц, гарцтай байсан. Үүнийг бид 2025 онд гурав болгож нэмсэн. Ингэхдээ орох гарцыг хоёр болгож, гарах гарцыг гурав болгосон. Ингэснээр дүүргийнхээ урагшаа чигээрээ гарах гарцыг нээсэн. Ирэх жил үүнийг засмал зам болгох гэж байгаа. Дүүргээс зүүн тийш гарах гарцыг нэг чигийн байсныг хоёр чигийн зохион байгуулалттай болгосон. Дүүргээс хотын төв рүү гарах гарцыг нэг байсныг гурав болгож, орох гарцыг хоёр болгочихоор энэ орчимд түгжрэл багассан. Дээр нь зогсоол нэмсэн байгаа. Мөн хотхон хорооллуудын ачаалалтай хэсгүүдэд туслах замыг нэмж байгаа.
-Өмнө та “Архигүй эко дүүрэг” гэх санаачилга хэрэгжүүлсэн шүү дээ. Энэ санаачилга хэр үр дүнд хүрсэн бэ?
-Энэ санаачилга 2016 оноос дүүргийн ИТХ дээр хөтөлбөр болоод хэрэгжиж байсан. “Архигүй эко дүүрэг” санаачилгын үр дүнд УИХ-аар архидан согтуурахтай тэмцэх тухай хууль гарсан төдийгүй бидний санаачилж байсан агуулгууд бүгд хуулийн заалтад орсон байгаа. Хууль нь боломжийн болчихсон байхад иргэд өөрсдөө архины хэрэглээгээ бууруулж, хэв заншлаа өөрчлөх хэрэгтэй.
-Хан-Уул дүүрэг бол “Эко” гэх тодотголтой шүү дээ. Эко гэхээр хүмүүс ихэвчлэн ногоон байгууламжаар төсөөлдөг. Тэгвэл танай дүүргийг энэ үг ямар утгаар тодотгож байдаг вэ?
-Тиймээ, “эко” гэхээр хүмүүс зөвхөн ногоон байгууламж гэж ойлгодог. Гэхдээ энэ үг олон утгатай. Эко гэдэг бол манай дүүргийн хувьд зөв зохион байгуулалт, байгальд ээлтэй байдлыг илэрхийлж байдаг. Тиймээс ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийг эко гээд байгаа.
-Та дүүргийн иргэдтэйгээ хэрхэн харилцаа холбоо тогтоож, хэр ойр ажилладаг вэ?
-Иргэдтэйгээ заалны хэлбэрээр болон санал хүсэлтийн дагуу хүлээж авч уулздаг. Мөн сүүлийн үед иргэд цахим хэлбэрээр мэдээллийг нэлээд сайн авдаг болсон байна. Тиймээс энэ чиглэл рүү мэдээллээ түлхүү хүргэж байгаа.
Дүүргийн хэмжээнд нэг цэгийн үйлчилгээ, ялангуяа улсын бүртгэлийн үйлчилгээн дээр их ачаалал үүсдэг. Бусад хэлбэрийн мэдээллийг и-монголиа цахим системээс авчихаж байна. Тиймээс бид дүүргийн хэмжээнд улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний таван газраар үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр нэг цэгийн үйлчилгээ маань төвийн хэсэг буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, дүүргийн тамгын газрын нэг давхарт, Яармагийн шинэ хотын захиргааны байранд, Мишээл экспо, хуучнаар Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд нэг цэгийн үйлчилгээ байршиж байна. Аль болох л иргэд рүү үйлчилгээгээ ойртуулж, чирэгдэл багатай байлгахыг хичээж байгаа.
-Таны хувьд дүүрэгтээ хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шинэ санаа санаачилгууд юу байна вэ?
-Бид электрон тамхины асуудал дээр анхаарч, шинэ санаачилга хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөсөн байгаа. Ингэхдээ өөрсдөөсөө эхэлж, 2025 онд дүүргийнхээ тамгын газрын ажилтнууд дунд электрон тамхи татдаг хүмүүсийг ажлын байран дээрээ буюу хамт олныхоо хажууд татахгүй байх уриалга дэвшүүлсэн. Цаашлаад олон нийтийн газар, хүүхдийнхээ хажууд татахгүй байхыг уриалж байгаа. Электрон тамхийг ч зориулалтын хэсэгт очиж татах ёстой.
Энэ хүрээндээ 2-3 инфлүүнсэр залуустай хамтарч ажиллаж байна. Цаашдаа бусад төрийн байгууллага, ААН-үүдтэй хамтарч тухайн байгууллагуудад энэ ажлыг хэрэгжүүлье гэж байгаа. Мөн ЕБС-иудад электрон тамхины асуудлаар тусгайлан анхаарч ажиллана.
Дээрх асуудал дээр бүх байгууллага нэгдэж, хувийн соёлтой байх юм бол электрон тамхины хэрэглээ буурахаас гадна орчин нөхцөлдөө нөлөөлөх нь багасах болов уу гэж харж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 9 (7751)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn