П.АМГАЛАНБАЯР, П.ЛХАГВАЖАРГАЛ

 

Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс хусдаг сугалаа худалдаж аваад мөнгө хожоод байна. Гэрэлмаа гэх бүсгүй мөнгө хожоод тэд Хаан банкаараа нүдэн дээр мөнгө шилжүүлээд байв. Ингэхээр нь найдвартай юм байна гэж итгээд 400 мянган төгрөгөөрөө найман ширхэг сугалаа автал “Та 50 сая төгрөгийн эзэн боллоо чатаар ороод ир” гэх нь тэр. Гэтэл “Манайх олон улсын банк тул гүйлгээ хийхийн тулд мөнгөнийхөө 10 хувь буюу таван сая төгрөг шилжүүл” гэхээр нь би тухайн үед мөнгөгүй байсан учраас “Та нар наад мөнгөнөөсөө суутгаад авчих” гэтэл болохгүй гэсэн. Ингээд найзаасаа 2.7 сая төгрөг зээлээд “Одоо надад байгаа нь энэ байна” гээд өгсөн. Гэтэл нөгөө талаас “Бид банктай яриад хямдруулчихлаа. Олон улсын гүйлгээ тул мөнгө нь орой дансанд нь орно” гэв. Тэр үед би итгээд л орхисон. Орой нь нөгөө хаяг руу  чат бичтэл намайг блоклоод алга болчихсон. Би ингээд өөрийнхөө байсан мөнгөөр сугалаа авахаас гадна өрөнд орчихлоо. Монгол хүмүүс нэгнийгээ залилаад ямар муухай болсон юм бэ” гэх хусдаг сугалаанд оролцож хохирсон иргэний бичлэг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн албан ёсны пэйж дээр хэд хоногийн өмнө цацагдсан. Энэ мэтчилэн цахим залилан “дүр”-ээ хувирган янз бүрийн байдлаар иргэдийг цочролд автуулаад уджээ. Сүүлдээ байх л зүйл мэт бодож, “Өө тэр цахим залилангийн хохирогч болж гэнэ” гэсэн байдлаар  хэвийн зүйл мэт нийгмийн сэтгэлзүйд суусан байна.

Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээлээрээ цахим залилан хэмээх нийгмийн эдийн засаг, сэтгэл зүйг чимээгүйгээр дарангуйлж буй энэ төрлийн гэмт хэргийн талаар сурвалжиллаа. Өмнө бид “Цахим залилан: Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг” (www.zms.mn/a/102860) нийтлэлээ хүргэж байсан билээ.

 

Иргэд хуурамч тусгай зөвшөөрлийг мэдэх боломжгүй байна

 

Жилээс жилд цахим залилагчид газар авч "мэргэжлийн" түвшинд үйл ажиллагаа явуулах болжээ. Өнгөрсөн жил буюу 2025 онд гэхэд  хуурамч хаяг идэвхжүүлж бараа үйлчилгээ захиалга авсан 5214, хуурамчаар хандив цуглуулсан 531, телеграм орчинд даалгавар биелүүлсэн 1003, бусдын цахим хаягийг ашиглаж мөнгө авч залилсан 851 гэх мэтчилэн  цахим орчинд үйлдэгдсэн залилах гэмт хэрэг бүртгэгджээ.

Цахимд “дүр”-ээ хувиргаж буй залилангийн нэг хэлбэр бол сугалаа. Фэйсбүүк, инстаграмм, телеграмм зэрэг сошиал хуудасны мэдээллийг гүйлгэхэд цахим залилангийн шинжтэй үйлдлүүд хөвөрсөөр. Жишээлбэл, “Алгандаа атгаад ав, “Санхүүгийн эрх чөлөө”,   “Аз  компани”  зэрэг олон хаяг баярын үед өдрөөс өдөрт нэмэгдэж  сугалааны лайвууд хийж байна. Тодруулбал, өнгөрсөн онд сугалаанд залилуулсан 485 хэргийн гомдол цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.  Гэвч иргэд залилуулсан гэдгээ мэдэхгүй тоохгүй өнгөрөх, мөнгөн дүнгийн хэмжээ бага гэх шалтгаанаар гомдол мэдүүлэлгүй орхих, “азаа үзье” гэх тоомжиргүй байдлаар залилагчдыг өөгшүүлж байна. Тодруулбал, иргэн Т фэйсбүүкийн нэгэн хусдаг сугалаанд 90 мянган төгрөгөөр багц худалдан автал 240 сая төгрөгийн азтан болжээ. Дээр дурдсан жишгээр залилагчид арван хувийг шилжүүлэхийг хүсч, хуурамчаар үйлдсэн албан ёсны тусгай зөвшөөрөл зэргээ илгээж итгүүлэхийг оролдсон байна. Залилан гэдгийг мэдсэн хохирогч дараагийн удаа тус лайвын доор залилан гэдгийг сануулсан сэтгэгдэл бичихэд түүнийг нь устгаж, хаягийг нь блокложээ.

Тэгвэл  лайваар сугалаа явуулж буй  хувь хүн, хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авдаг уу. Хэчнээн нь тусгай зөвшөөрөлтэй газрууд албан ёсоор цахим орчинд сугалаа явуулдаг вэ. Албан ёсны тусгай зөвшөөрөлтэй сугалаа явуулж буйг яаж мэдэх вэ. Хэрэв хуурамчаар тусгай зөвшөөрөл үйлдэж иргэдийг хохироож байгаа тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээдэг талаар албаны эх сурвалжаас тодрууллаа.

Хэрэв “Цахим залиланд өртөөд мөнгөө алдчихлаа” гээд 102 дугаарт шуурхай цаг алдалгүй мэдээлбэл манайх прокурорын газартай хамтраад шууд дансыг нь хязгаарлаж чаддаг байна. Цаашлаад залилагчдыг түргэн шуурхай илрүүлж, барихын тулд Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрыг байгуулжээ. Энд мөрдөн шалгах болон эрүүгийн цагдаагийн хэлтсүүдтэй. Өөрөөр хэлбэл, хэрэг шалгах явцад мөрдөгчид тэр хүнийг олж байдаг. Энэ нь тухайн гэмт хэргийг илрүүлэх боломжийг нэг дахин нэмэгдүүлжээ. Энэ тухай ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Ууганбаяраас тодруулахад “Залилан хийсэн хүмүүсийг бид барьж, зохих шийтгэлийг нь хүлээлгэж байгаа. Гэхдээ тухайн этгээд олон үйлдэл хийсэн байдаг болохоор хохирсон иргэний эрх ашгийг хамгаалахын тулд хохирогчдыг нэг бүрчлэн тогтоодог. Ингээд хохирогчид цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг тайлбар, баримтаа өгч түүн дээр нь мөрдөн шалгах ажиллагаа явуулаад шүүхэд шилжүүлнэ. Ингэхээр цаг хугацааны асуудал тодорхой хэмжээнд гардаг. Мөн иргэд өөрсдөө үр дагаврыг бодохгүй залилагчдад дансаа ашиглуулдаг. Мөрийтэй болон бооцоот таавар тоглоом тоглоход иргэд ашиг олох зорилгоор дансаа ашиглуулсан байвал хуулийн хариуцлага хүлээлгэдэг болсон” гэсэн юм.

Харин эд, мөнгөний хонжворт сугалаа явуулах үйл ажиллагааны зөвшөөрлийг зөвхөн хуулийн этгээдэд Сангийн яамнаас олгодог. Харин хувь хүнд хонжворт сугалаа явуулах зөвшөөрөл олгодоггүй юм байна. Өөрөөр хэлбэл, цахим орчинд хувь хүний явуулж буй хонжворт сугалаа хууль бус гэдгийг ухамсарлаж хянуур хандах нь чухал юм. Гэвч Сангийн яамны албан ёсны сайтад эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг хамгийн сүүлд 2023 оны гуравдугаар сарын 2-нд нийтэлсэн байна. Энд дурдсан 12 аж ахуй нэгжийн хүчинтэй хугацаа харилцан адилгүй байх бөгөөд долоон аж ахуй нэгжийн хүчинтэй  хугацаа 2023 онд дууссан бол үлдсэн нь 2025 онд дуусжээ. Сангийн яамны сайтад 2023 онд тавигдсан тус мэдээллээс хойш эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдийн жагсаалт дахин тавигдаагүй бөгөөд одоогоор үйл ажиллагаа явуулж сугалаануудын аль нь албан ёсны тусгай зөвшөөрөлтэй үнэн бодит вэ гэдгийг мэдэх боломж алга байна.

Сангийн яамны сайтад буй тусгай зөвшөөрөл авч байсан нэгэн компаниар жишээ татахад хүчинтэй хугацаа 2023 оны есдүгээр сарын 19-нд дууссан байна. Өнөөдрийг хүртэл телевизээр дамжуулан сугалааны тохирол явуулсаар буй тус компанитай утсаар холбогдож тусгай зөвшөөрлийг лавлахад “Оффис дээр ирээд үзэж болно. Зурагтаар явуулж буй сугалаа юу гэж худлаа байх вэ” гэх байр суурийг илэрхийлж байв. Харин Сангийн яамны сайтад тус компани  2023 оны есдүгээр сарын 19-нөөс хойш дахин тусгай зөвшөөрлийн эрхээ авсан гэх нээлттэй баримт байхгүй байна. Цаашлаад тус сугалааны нэрээр хуурамч фэйсбүүк хаяг нээж хүмүүсийг залилсан хэрэг хүртэл гарчээ. НӨАТ-аа хүртэл сугалааны тохирлоор явуулдаг Монгол Улс сугалааны систем хэдийнээ тогтсон. Иймд аль сугалаа нь албан ёсны жинхэнэ тусгай зөвшөөрөлтэй вэ гэдгийг нээлттэй мэдэх, сугалаа авах гэж буй компанийнхаа мэдээллийг хүс­сэн үедээ шалгадаг тогтолцоог нэвт­рүүлж хуульдаа тусгах нь зүйтэй юм.  

 

Өнгөрсөн онд 50.6 тэрбумын хохирол учирчээ

Б.Буянжаргал

Холбогдох байгууллагаас тус гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсээр байгаа ч дээрх тохиолдол шиг аз туршсан залуучууд, ахмадууд хохирсоор байна. Монгол Улсын хэмжээнд 2025 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.638 буюу 30.8 хувь нь цахим орчинд үйлдэгджээ. Цаашлаад цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 12.233 буюу 83.6 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байгаа юм. Түүнчлэн 2025 онд залилах гэмт хэргээс үүдэлтэй 694 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол үүний 50.6 тэрбум нь цахим орчинд үйлдэгдсэн залилах гэмт хэргээс улбаатай гэх урьдчилсан тоо мэдээ гарсан байна. Энэхүү тоон үзүүлэлт нь өмнөх оноос 6.4 хувиар өсөж, иргэд эд хөрөнгө, эдийн засгаараа хохирохоос гадна сэтгэл зүйн гүн хямралд орж бусад аюул учирч болзошгүй юм.

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Тэгвэл цахим залиланг зохицуулах хууль эрх зүйн ямар зохицуулалт хэрэгтэй байна вэ. Энэ талаар  хуульч, өмгөөлөгч Б.Буянжаргал “Залилах гэмт хэрэг нь  зохиомол байдлыг зориудаар бий болгож  байгаа  нөхцөл байдал юм.  Мөн залилах төрлийн гэмт хэрэг нь олон янзаар  үйлдэгддэг бөгөөд  эрх зүйн зохицуулалтын хувьд  Эрүүгийн хуулийн 17.3-т зааснаар залилах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг.  Энэ төрлийн гэмт хэргийг гаралтыг багасгахын тулд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэхээс илүүтэй  иргэдэд урьдчилан сэргийлэх таниулах ажлыг хийх хэрэгтэй” гэдгийг хэллээ. Гэвч иргэд залилан гэж сэжиглэсэн атлаа “яаж мэдэх вэ, азаа үзье” гэх бодлоор сугалаа авч, хэмнэлээ гэх бодлоор бараа захиалж залилагчдыг тэжээсээр байна.

 

Амиа хорлох хүртэл сэтгэл зүйн эмгэгт хүргэдэг

 

Я.Батхүү

Цахим залилан нь нэг талаараа мөнгө санхүүтэй холбоотой боловч нөгөө талаас нь харахад хүний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байдаг.  Энэ нь цаашлаад нийгмийн сэтгэл зүйг ч хямраах эрсдэлийг дагуулдаг зүйл юм. Тодруулбал, цахим залилангийн ард нэг хохирогч гэж байдаггүй. Хохирогчийн ард гэр бүл нь бий. Тиймээс бид нийтлэлийнхээ энэ хэсэгт цахим залилангийн хохирогч болсноор  сэтгэл зүйн хувьд ямар байдалд ордог талаар хөндлөө. Энэ талаар сэтгэл зүйч Я.Батхүү “Цахим залилан бол хувь хүний сул тал,  төрөлх мөн чанар дээр тулгуурладаг зохион байгуулалттай гэмт хэрэг юм. Залиланд өртсөн хохирогч  өөрийгөө буруутгахаас илүүтэй “ Би яагаад цахим залилангийн хохирогч болчхов” гэдгээ бодох ёстой. Цахим болон бодит залиланд хүн бүр өртөх магадлалтай “гэсэн юм.

“Цахим залиланд өртөх эрсдэлтэй шүү” гэж мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байтал яагаад хүмүүс хохирогч болоод байна вэ. Энэ нь нэг талаараа сэтгэл зүйтэй холбоотой.  Учир нь цахим залилагчид хүний айдас, итгэл, түргэн шийдвэр гаргах, бодит хэрэгцээ гэсэн суурь  хэв шинжид “тоглолт” хийдэг аж. Айдас гэдэг нь хүний сэтгэл зүйн нэг сул тал учраас  залилагчид үүн дээр нь  систем, онолтойгоор ажиллавал тэр  хүн өгөөшинд орно гэдгийг урьдчилан тооцоолсон байдаг байх нь. Энэ нь ямар байдлаар явдаг вэ гэхээр   “Хямдралын хугацаа дуусах гэж байгаа тул та хоцрох гэж байна. Энэ бол танд олдож байгаа алтан боломж” гэж буй нь  “тоглогч”-ид бусдад айдас үүсгэж байгаа нэг хэлбэр юм. Харин залилагчид  хүмүүст ямар байдлаар итгэл төрүүлдэг вэ гэхээр “ Танд ямар ч эрсдэл үүсэхгүй, баталгаатай. Хүн бүрд тохиолдоод байдаггүй боломж танд олдож байна” гэх мэтээр ханддаг байна. Ингэхдээ  банк, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудын лого, хаяг зэргийг хуурамчаар үйлдэж   цахим залилан үйлдэж буй. Энэ нь илүү их итгэлийг төрүүл буй хэлбэр болоод байна.

 Тэгвэл хүмүүсийг түргэн шийдвэр гаргахад нь “Энэ таныг хүлээгээд  байж байхгүй, танд олдсон боломж учраас та хурдан шийдвэр гаргах хэрэгтэй”  гэсэн байдлаар яаруулдаг аж.  Энэ мэтчилэн залилагчид хүний сэтгэл зүйн эдгээр  хэв шинжүүд дээр тулгуурлан  тэднийг “өгөөш”-д оруулдаг байна.

Тэгвэл ямар хүмүүс цахим залилагчид “өгөөш” болоод байна вэ. Энэ мөн л таны сэтгэл зүйтэй шууд холбоотой. Тодруулбал, аливааг сөрөг талаас  нь хардаггүй, итгэмтгий хүмүүс энэ төрлийн гэмт  хэргийн хохирогч болох эрсдэл өндөр байдаг аж. Мөн санхүүгийн хямралтай, мөнгөний  хэрэгцээ гарсан, ирээдүйдээ хэт санаа зовсон хүмүүс хохирогч болох магадлал өндөр байдаг  байна.  Хүний тархи хялбар аргаар, цаг хугацаа алдахгүйгээр их орлого олохыг хүссэн мэдрэмжийг төрсөн үед хохирогч  болох эрсдэлтэй өндөр байдаг аж.

Мөн магтаал, сайшаалын  хэрэгцээ дутмаг хүмүүс залиланд өртөх магадлалтай байдаг гэнэ. “Та  азтай хүн шүү,  Та л ганцаараа азтан боллоо” зэрэг байдлаар хандахаар сэтгэл нь хөөрч итгэдэг байна. Энэ нь сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахад хүргэдэг аж. Нөгөөтээгүүр,  өөртөө итгэлтэй хүмүүс энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох магадлал өндөр байдаг гэв. “Бусдад хүмүүст биш ганцхан надад ирж байгаа боломж юм байна шүү дээ. Тиймээс би үүнийг ашиглах ёстой”  гэсэн шийдвэрээс үүдэн залилагчдын “бай” болдог аж. Зарим хүмүүс нь хэт албаны текст, яриатай хүнд итгэдэг байна. Жишээлбэл, “Эрхэм харилцагч танд”  гэсэн албаны  байдлаар хандвал албан ёсны юм байна гэж бодоод итгэчихдэг байна.

Тэгвэл залилангийн хохирогч болсон хүний сэтгэл зүйд ямар хохирол учирдаг вэ. Нэгдүгээрт, сэтгэл зүйн шууд хохиролд ордог байна. Тодруулбал,  Хүн цахим залилангийн хохирогч болсноо мэдээд  цочирдож, итгэж чадахгүй  алмайрчихдаг байна.  “Арай үгүй байх аа, өгөх л байлгүй дээ” гэж бодоод өөрийгөө хуураад цаг алддаг гэсэн үг. Хоёрдугаарт,  хувийн мэдээллээ алдчих вий  гэсэн маш их айдсыг мэдэрдэг байх нь. Мөн  уур бухимдал төрж,  өөрийгөө буруутгахаас гадна   залилсан этгээдийг үзэн ядаж, амь насыг нь хохироох  хүртэл мэдрэмж төрдөг аж. Мөн  “Би ямар арчаагүй юм бэ. Яагаад залилуулчихдаг байна. Таньдаг хүмүүс маань мэдчих вий дээ” гэсэн ичиж, санаа зовдог байна. Үүнээс болоод анхаарал, төвлөрөхгүй байх, нойргүйдэх зэргээр биед сөрөг нөлөө үзүүлдэг аж. “Би хэнд ч хэрэггүй хүн юм байна “гэсэн байдлаар  өөртөө дүгнэлт хийж, өөртөө итгэх итгэл буурдаг байна.  Үүнээс болоод танихгүй бүү хэл, таньдаг хүнээсээ хүртэл айж,  өөрийгөө тусгаарлан “хана хэрэм” босгож эхэлдэг байна. Түүнчлэн их хэмжээний мөнгө алдсанаасаа үүдэн  гэр бүлтэйгээ маргах, буруутгах зэргээр  гэр бүлийн уур амьсгалд сөргөөр нөлөөлдөг аж. Энэ байдал нь удаан үргэлжилбэл,  сэтгэл гутрал, сэтгэл зүйн архаг түгшүүрт  хүргэх эрсдэл дагуулдаг байна. Энэ талаар сэтгэл зүйч Я.Батхүү “ Олон зуун сая төгрөгийн хохирол амссан хүмүүс  сэтгэлзүйн зөвлөгөө авахаар ирдэг. Тухайн хүмүүсийн хувьд  нүдээ сохолъё, тахир дутуу болъё, улмаар амиа хорлоё гэсэн сэтгэл зүйтэй болсон байдаг. Тиймээс цахим залилангийн хохирогч болсон хүмүүс сэтгэл зүйгээ хамгаалахын тулд  нэгдүгээрт  өөрийгөө буруутгах хэрэггүй. Учир нь та  мэргэжлийн  зохион байгуулалттай, шинжлэх ухааны мэргэшсэн залилан мэхлэгчдийн “урхи”-нд орсон хохирогч. Хоёрдугаарт, холбогдох, хууль хяналтын байгууллагад  ханд. Энэ нь “Би өөрийнхөө сэтгэл зүйг хянах чадвартай болж байна" гэсэн мэдрэмжийг  авдаг. Мөн мэргэжлийн сэтгэл зүйчид хандах ёстой. Өөрийнхөө сэтгэл дотор байгаа тэр зүйлсийг уудлаад”ярилцаж байж сэтгэл зүйгээ эмчилнэ гэсэн үг. 

Цахим залиланд өртөхгүй байх сэтгэлзүйн дархлаатай болохын тулд залилангийн талаар болон сэтгэл зүйн мэдлэгтэй болох хэрэгтэй.  Сэтгэлзүйгээ бэлдэх буюу хэт их олз эрсдэл дагуулдаг юм байна гэдгийг ухамсарлаж бодох хэрэгтэй юм. Мөн тухайн нөхцөл байдал итгэл төрүүлээд байгаа бол гурав дахь эх  сурвалжаас асууж заавал нягтлах хэрэгтэй” гэдгийг анхаарууллаа.

Өдрөөс өдөрт нэмэгдэж буй “дүр”-ээ хувиргасан  дэлгэцийн цаана отож буй цахим залилан гэх зохион байгуулалттай этгээдүүдийн “өгөөш” болохгүйн тулд бид  аливаа зүйлд  анализ хийж, цахим орчин дахь мэдээлэлд шүүлтүүртэй хандах нь чухал юм. Хэт их боломж , хэт их эрсдэл дагуулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Нөгөөтээгүүр, олон төрлөөр үйлдэгдэж буй энэ төрлийн гэмт хэргийн нэг хэлбэр болох сугалааг хориглож чадахгүй хойно энэ  системийг нарийвчилсан зохицуулах нь чухал юм. Сугалаанд оролцож буй иргэн  тухайн компанийн албан ёсны зөвшөөрөл жинхэнэ эсвэл хуурамч гэдгийг албан ёсны сувгаас өөрсдөө шалгах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 8 (7750)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn