“35 жилийн өмнөх мөчийг дурсахад бид үнэхээр гайхалтай цаг хугацаанд амьдарч байжээ гэж бодож, бахархаж явдаг юм. Өөрчлөлт шинэчлэлт эхэлсэн цаг үе, нийгэм байсан. Дөнгөж 30 нас хүрч байгаа, 30 нас дөнгөж гарсан залуус шинэ үзэл баримтлал, шинэ тогтолцоог Монгол Улсад бий болгохын төлөө ардчилсан Үндсэн хуулиа боловсруулах ажилд шамдан орж байлаа. Нийгмийн өөрчлөлт шинэчлэлт, картын бараагаар амьдардаг үе байсан ч хүн бүхний сэтгэлд сайхан нийгэм байгуулъя, өөрчлөлтийг бий болгоё гэсэн чин хүсэл байсан. Бид ч үүний адил нэг хүсэл тэмүүлэл, оргилуун сэтгэл, эрч хүчээр ажилласан. Мэдэхгүй, чадахгүй зүйл байсан ч түүнийгээ судалж, мэддэг байсан даа” хэмээх дурсамжаар бидний ярилцлага эхлэв. Тэр үеийн түүхийг өгүүлэх гэрэл зургуудыг ч мөн ярилцлагын зочин маань үзүүлж, дурсамж дэлгэлээ. Угаас гэрэл зураг цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь нэмэгддэг учраас бидний яриаг улам сонирхолтой болгов.
Туурга тусгаар Монгол Улсын иргэн бүрийн чандлан сахиж явах ёстой үүрэг хариуцлага, эрх, эрх чөлөө Үндсэн хуулийн үг, өгүүлбэр бүрд шингэсэн байдаг. Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр маргааш буюу энэ сарын 13-нд тохиож байна. Энэ өдөр Монголын ард түмний хэзээ ч үл мартах түүхийн хуудас яахын аргагүй мөн билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ түүхэн өдрийг угтаж “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ зочноор Улсын Бага Хурлын зөвлөх, УИХ-ын Тамгын газрын Нэгдүгээр орлогч дарга асан, гавьяат хуульч Ж.Нарантуяаг урьж, уншигчтайгаа уулзуулж байна. Түүний хувьд ардчилсан Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулан, оюун ухаан, зүрх сэтгэлээ зориулсан нэгэн юм. Тиймээс бид нийтлэлийн зочныхоо хийж бүтээсэн ажлыг илүү онцолж, түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
Шүүхийн байгууллагыг төлөөлж Улсын Бага Хуралд ажиллав
Анх Улсын Бага Хурлын тогтоолоор Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж Анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах, хэлэлцүүлэх ажил 35 жилийн өмнө эхэлж байжээ.
Улсын Бага Хурлын шатанд салбар бүрийн төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулагдав. Тухайн үед Үндсэн хуулийг эхийг баригч Ардын багш, гавьяат хуульч, Б.Чимид салбартаа мэргэжлээрээ 5-6 жил ажилласан, туршлагатай хүмүүсийг сонгож, Байнгын хорооны хуралдааны шийдвэрээр тэднийг авч байсан гэнэ. Нийгэм тэр чигээрээ өөрчлөлт шинэчлэлийг хүсэж байсан учраас улс төржилт, намын хуваагдал байгаагүй. Бүгд л Монгол Улсаа шинэ замаар хөгжүүлье, Үндсэн хуулиа олон улсын жишигт нийцсэн зарчмаар боловсруулъя гэсэн нэг хүсэл эрмэлзэлтэй байв. Тиймээс ч Байнгын хорооны хуралдаанаар ороход мэргэжлийн талаас нь, дүгнэсэн гэдгийг хэлж байсан юм. Нийтлэлийн маань зочин Ж.Нарантуяагийн хувьд шүүхийн байгууллагаас Улсын Бага Хуралд ажилласнаар түүний амьдралын нэгэн шинэ хуудас нээгджээ. Энэ үеэс л ардчилсан Үндсэн хууль боловсруулан, батлуулах тэдний хариуцлагатай ажил эхэлсэн түүхтэй.
Үндсэн хууль баталж байх үед ажлын хэсгийнхэн өглөө 06:00 цагт ажилдаа ирээд шөнийн 3-4 цагт тардаг байв. Ардын Их Хурлын депутатууд өдөржин хуралдана. Хурал тарсны дараа тухайн өдрийн хэлэлцсэн асуудлыг томьёолол болгож, хуулийн хэллэгт оруулна гээд тэдний ажил эд өрнөж эхлэв. Мөн хурлын тэмдэглэл дээр ажиллана. Тухайн хүний хэлэх гэж байсан санаа нь юу байсан бэ гэдгийг бусад депутатуудын ярьсантай харьцуулж, тухайн цаг мөчийнх нь уур амьсгалыг мэдэрч байж томьёоллоо бичдэг байсан гэсэн юм. Үүний дараа ажлын хэсгийг ахалж байсан Ардын Их хурлын депутат, Бага хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Төмөр гишүүнд хянуулдаг байж. Дараа нь Б.Чимид гуайд үзүүлнэ гээд л тэд тухайн өдрийн ажлыг тэр өдөртөө л дуусгах үүрэгтэй. Манай нийгэмд аль нь тохирохоор байна гэдгийг үзэл бодол, туршлага гээд бүх талаас нь дүгнэж байж хурлаас нэг төсөл гаргаж Ардын Их Хурал дээр өргөн барьдаг байж. Тухайн үеийн Ардын Их Хурал малчин, тариачин гээд бүхий л салбарын төлөөллийг хамарснаараа өгснөөрөө онцлог байв.
Ж.Нарантуяагийн хувьд өмнө шүүхэд ажилладаг байсан учраас хуулийн боловсруулалтад голлож ажилласан нь хоёрдугаар бүлэг буюу хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой заалтууд. Тэрээр шүүх эрх мэдэлтэй холбоотой бусад улс орны Үндсэн хуулийн заалтуудад анализ хийж, лавлагаа бэлддэг байжээ. Ингэхдээ хамгийн түгээмэл нь юу байна гэдгийг олж харж, тэр нь манай улсын эрх зүйн системтэй хэр нийцэж байна гэдэгтэй уялдуулан ажилладаг байв.
Ардчилсан Үндсэн хуулийг боловсруулахдаа олон улсын тогтолцоонд тулгуурлаж боловсруулсан байдаг. Энэ тухай тэрээр “Манайх их газрын эрх зүйн тогтолцоотой байсан. Тухайн үеийн тод жишээ бол Герман, Франц, Европын орнуудын үндсэн хууль байна. Нөгөөтээгүүр, Үндсэн хуулийн зохицуулж байгаа харилцаа нь тодорхой. Нэгдүгээр бүлэгт “Монгол Улс ямар засаглалтай байх вэ” гэсэн хамгийн чухал асуудлыг хөндсөн. Бид Бүгд Найрамдах засаглалтай Монгол Улс байна гэдгийг тунхагласан. Үүн дээр аль нэгэн улсын жишээ гэхээс илүүтэй, манайд хамгийн тохирох хувилбаруудыг гаргасан. Анхнаасаа Бүгд Найрамдах засаглалтай байна. Ард түмэн засаглана. Монгол Улс нэгдмэл газар нутагтай байна гэсэн Монгол улсын тусгаар тогтнолыг харуулсан заалтууд нэгдүгээр бүлэгт тусгасан.
Монгол Улс НҮБ-ын гишүүн орон. Хүний эрхийг дээдэлсэн, хүний эрхийн үндсэн фактад орсон эрх чөлөө, үүргийг заавал баталгаажуулах ёстой. Тиймээс хоёрдугаарт бүлэгт үүнийг тусгаж өгсөн. Үүнд олон улсын жишиг буюу, хүн болж төрсөн юм чинь амьд явах, хөдөлмөрлөх, боловсрол эзэмших эрх, байгаль орчноо хамгаалах үүрэгтэйг тусгасан. Ямар ч улсад түгээмэл байдаг зарчмууд шүү дээ” гэлээ.
Ингээд мэдэхгүйгээ мэдэхийн төлөө хичээх биш бодит ажил болгож, бусад орнуудын туршлагыг судалж, олон улсын Үндсэн хуулиудыг А,Б-гүй судалсан, Монгол Улсынхаа эрх зүй, нийгэмтэй уялдуулсан Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсгийнхэн эцсийн найруулга, уншилтаа хийв.
Улсын Бага Хурлын Тамгын газрын Зөвлөгчдийн товчоо баталснаар, Үндсэн хуулийн эхийг бэлдэх үүрэгт ажилдаа оржээ. Том ширээний ард бүгд суугаад л хуудас бүрээр нь уншиж, олон дахин уншилт хийсэн байна. Ингээд гарын үсгээ зурсан түүхэн баримт Үндсэн хуулийн эх дээр хадгалагдан үлджээ. Энэ тухайгаа “1992 оны нэгдүгээр сарын 13-ний өдөр морин цагт Б.Чимид гуай уншиж, танилцуулан Ардын Их Хурлын депутатууд малгайгаа өргөж, анхдугаар Үндсэн хуулиа баталж байсан. Тэр цаг хугацааг эргээд бодоход бид аугаа их түүхийг бүтээлцэж гэж боддог юм. Ардчилсан хууль тогтоох байгууллагад 22 жил ажилласнаараа бахархаж явдаг. Одоо УИХ-ын Тамгын газарт ажиллаагүй ч гэсэн УИХ-ын гишүүний хууль тогтоох, төлөөлөл, хянан шалгах үйл ажиллагааны зөвлөх гэсэн эрхэм, хариуцлагатай ажил хашиж байгаадаа бахархалтай байдаг” гэсэн юм.
Үндсэн хууль “салхи” орж болдоггүй зүйл биш
Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа боловсруулж, баталснаас хойш байнгын ажиллагаатай парламент хөгжиж, бэхэжсэн. 30 гаруй жилийн хугацаан дахь парламентын үйл ажиллагааны талаар Ж.Нарантуяа “1990 онд Улсын Бага Хурал, Ардын Их Хурал гэсэн хоёр танхимтай байсан. Манай улсад парламент эрт үеэс хөгжсөн институт юм. Үндсэн хуульд нэг танхимтай, 76 гишүүнтэй байна, үндсэн үйл ажиллагаа нь чуулган, байнгын хороотой байна гэж тусгасан. Бүгд найрамдах засаглал дотроо хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, шүү эрх мэдэл нь яаж хэрэгжих үү гэдгийг Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг тусгасан.
1990-2000 он хүртэлх Улсын Их Хурал хууль тогтоох үйл ажиллагаанд илүү анхаарлаа хандуулсан. Харин 2000 оноос хойш парламентын хөгжил өөр шатад ирсэн. Жишээлбэл, Хууль батлахдаа гол нь биш, баталсан хууль яаж хэрэгжиж байна гэдэг дээр анхаардаг болсон. Асуулга, асуулт, Засгийн газрын мэдээллийн цаг гээд шинэ зүйлүүд гарч ирсэн. Парламент ёс улам төлөвшиж, дараа дараагийн шатанд гарч байна. Мөн УИХ-ын гишүүн зөвхөн хууль тогтоогч гэдгээс гадна ард түмний төлөөлөл гэсэн функц дээр илүү анхаарч эхэлж байгаа. Иргэдийн хувьд ч гэсэн парламент бидний төлөөлж байгаа учраас тусламж туслалцаа, одон медаль гэхээс илүүтэй намайг төлөөлж төрийн бодлогыг тодорхойлж байгаа хүнд юу захих вэ гэдэг дээр төвлөрөх нь чухал. Жишээлбэл, Боловсролын хууль шинэчиллээ гэхэд үүн дээр санал бодлоо хэлдэг байх хэрэгтэй. Тиймээс иргэдэд энэ мэдлэг, боловсролыг өгөх нь чухал юм.
Төрийн эрх мэдэл ард түмэнд байна гэж тусгасан. Тэгвэл тэр эрх мэдлээ эдлэхийн тулд бүгд ордонд ирээд хуралдаж чадахгүй учраас хүн төрөлхтний олж тогтоосон ард түмний засаглаж байгаа хэлбэр болох парламентаар дамжуулж, нийгэм, хууль, тогтоож журмаа боловсронгуй болгох хэрэгтэй. Энэ журам амьдралтай нийцэхгүй байна, ийм байдлаар өөрчлөх хэрэгтэй байна гэдэг талаас нь 126 гишүүндээ хандвал илүү өгөөжтэй. Тэр хэмжээгээр парламент ёс төлөвшинө” гэдгийг хэлж байв.
Манай улс Үндсэн хуулийн анхны нэмэлт өөрчлөлтийг 2000 онд хийсэн байдаг. Ж.Нарантуяа мөн энэ ажлын хэсэгт ажиллажээ. Түүний хувьд Үндсэн хууль өөрчлөлт “салхи” орж болдоггүй хэвшмэл зүйл биш гэдгийг хэлсэн юм. Энэ талаар “Үндсэн хуулийг хүмүүс тухайн цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулж боловсруулсан. Цаг хугацаа, хувьсан өөрчлөгдөж байна. Дараагийн үе өөрөөр сэтгэж байна. Үндсэн хууль бол суурь үндсэн зүйлээ судалж байгаа шүү дээ. Түүнийгээ тунхаглан бичихдээ зөв бичиж, зөв ойлгож хэрэгжүүлэх ёстой. Маргаан үүсээд хэрэгжилт нь болохгүй байгаа нөхцөлд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно. Анхны нэмэлт өөрчлөлт 2000 онд хийсэн. Дордуулсан долоо гэж ярьдаг юм. Тухайн үед би тэр үйл явцад оролцож байсан хүнийхээ хувьд эргээд харахад тэр дордсон 7 өөрчлөлт 2019 оны өөрчлөлтөөр хөндөгдөөгүй.
2000 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үед тодорхой зохицуулалт байгаагүй болохоор өөрчлөлт оруулсан процесс нь цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн хурдан явсан. Түүнийг бид хүлээн зөвшөөрнө. 1999, 2000 оны өөрчлөлтөөс сургамж аваад алдааг зохицуулах засах ёстой юм байна гээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Үүнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно. Гэхдээ ямар зарчим баримтлах вэ гэдгийг тодорхой тусгасан. Ингэхдээ үндсэн үзэл баримтлалаа эвдэж болохгүй гэдгийг заасан. Тодруулбал, Бүгд найрамдах засаглалтай байна, хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ гэсэн үндсэн зарчмыг нэмэлт өөрчлөлтөөр хөндөж болохгүй. Харин илүү боловсронгуй, нарийвчилж болно гэж тусгасан.2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр126 гишүүнтэй болсон. Ингэснээр төлөөллийн байгууллага илүү өргөжиж байна. Парламент бол мэтгэлцээний талбар. Олон үзэл бодолтой хүмүүс орж ирэх тусам гарч байгаа шийдвэрүүд нь амьдралд хэрэгжих боломжоор хангагдана гэсэн үг” гэлээ.
“Ардчилсан хууль тогтоох байгууллагад 22 жил ажилласнаараа бахархдаг”
Үндсэн хууль “амьдарч” байх ёстой гэдгийг тэрээр онцолсон юм. Үүний тулд хуулиа хүн бүхэн мэддэг, сахиж, мөрддөг байх нь чухал. Нөгөөтээгүүр, Үндсэн хуулиа тайлбарласан, сурталчилсан ажлуудыг өдөр тутамд хийх нь чухал гэдгийг хэлж байлаа. Ингэхдээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эх орноо хайрлах, эрхээ зөв тайлбарлах зэргийг сургах. Жишээлбэл, Яагаад татвар төлөх үүрэгтэй вэ, 18 нас хүртэл эрүүл мэндийн үйлчилгээг төрөөс үнэгүй үзүүлдэг гэдгийг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Үнэгүй үйлчилгээ авахын тулд татвараа төлж байгаа гэдгийг багаас тайлбарлаад өгвөл хуулиа зөв ойлгож, судалдаг, уншдаг болоход нөлөөлнө гэдгийг хэлж байсан юм.
Ярилцлагынхаа төгсгөлд түүний хувь хүний ертөнцийг багахан ч уншигчдадаа хүргэхийг хүссэн юм. Түүний хувьд хуульч болох багийнхаа хүсэл мөрөөдлөө биелүүлж, ЗХУ-д сурч төгссөн байна. 20 гаруй жил хууль тогтоох байгууллагад ажиллаж, чухал салбарын гал тогоог “манаж” явсан түүний хувьд зарчим гэдэг үгийг хэрхэн тодорхойлдог талаар асуухад “Хүн эхлээд мэдээллээ зөв олж авах хэрэгтэй. Боловсрол, туршлагаас гадна, орчинтойгоо уялдуулаад олсон мэдээлэлдээ зөв дүн шинжилгээ хийж мэдлэг болгож, дараа нь ажил хэрэг болгох нь чухал. Одоо цагт бүх боловсролыг сурч байх хугацаандаа олж авч чадахгүй. Тиймээс ажлын байран дээр гарсан ч гэсэн үргэлж суралцаж байх хэрэгтэй. Гаргасан алдаагаа давтахгүйн тулд илүү судал. Алдаа гэдэг чинь нэг талаас амьдралын туршлагыг бий болгож байгаа том сургамж шүү дээ. Нөгөөтээгүүр, мэдлэг мэдээлэл, туршлага, байхаас гадна хүнд хамгийн чухал зүйл бол сэтгэл юм. Хийж байгаа зүйлдээ хангалуун байх ёстой гэж боддог. Тэгвэл чи хэзээ ядрахгүй, түүрдэхгүй, шантрахгүй. Сэтгэл байхад хийж чадахгүй, болохгүй зүйл гэж байхгүй. Зорилгодоо хүрэх сэтгэлтэй байх хэрэгтэй” гэснээр бид ярилцлагаа өндөрлүүлсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 6 (7748)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn