-Уур амьсгалын сорилтыг даван туулахад эмэгтэй бизнес эрхлэгчдэд нээгдэж буй ногоон санхүүжилтийн боломж-
Тэртээ 2012 онд хувцасны технологич мэргэжилтэй В.Отгон-Эрдэнэ том ах В.Алтангэрэлийн хамт хүнсний үйлдвэрлэлийн салбарт хөл тавихаар шийдэн “Далай Хүч” ХХК-ийг үүсгэн байгуулж, БНХАУ-аас импортолсон улаан лоолийн нухшаар анх удаа Монголд кетчуп үйлдвэрлэн зах зээлд гарган бизнесээ эхлүүлж байжээ.
“Улаанбаатар” нэрээр хэрэглэгчдэд танигдсан уг бүтээгдэхүүн тун богино хугацаанд олны таалалд нийцэж, Отгон-Эрдэнэ үйлдвэрлэлээ тэлэн бүтээгдэхүүний төрлийг нэмж, жимс, жимсгэний чанамал гаргаж эхэлсэн байна. Урд хөршөөс импортолсон жимс, мөн Хөвсгөлийн тайгаас түүж нийлүүлдэг органик зэрлэг нэрсээр чанамал үйлдвэрлэж эхэлжээ. Ийнхүү шинэ бүтээгдэхүүнүүд, тэр дотроо Монголын хөрсөнд ургасан органик нэрсээр хийсэн чанамалууд амт чанар сайтай, үнэ боломжийн учир эрэлт хэрэгцээ их, хэрэглэгчдийн тоо ч өссөөр иржээ.
Эдгээр бүтээгдэхүүнүүдийн үнэнч хэрэглэгчдийн нэг бол Ч.Туул. Олон ач зээтэй, дөнгөж тэтгэвэртээ гарсан тэрээр эмээгийн ажлыг хийж, хүүхдүүдээ ирэхэд нь хоол ундны хамгийн амт шимттэйг бэлдээд суух дуртай нэгэн. Ч.Туул яагаад зөвхөн “Улаанбаатар” брэндийн чанамал авдгаа тайлбарлахдаа тус брэндийн бүх бүтээгдэхүүнд дуртай, ялангуяа ойн зэрлэг нэрсний чанамалгүйгээр өглөөний цайгаа төсөөлдөггүй гэв.
“Дэлгүүрт нэг шил нь ойролцоогоор 7000 төгрөгийн үнэтэй. Органик бүтээгдэхүүн гэхэд маш боломжийн үнэтэй төдийгүй, химийн нэмэлт, төрөл бүрийн өнгө, үнэр оруулагч бодисоор чигжсэн импортын чанамлаас хавьгүй илүү, эрүүл,” гэдгийг Туул эмээ хэлж байв.
Хэрэглэгчдэдээ аль болох өндөр чанартай бүтээгдэхүүн хүргэхийг зорьдог Отгон-Эрдэнэ жимсийг Хятадаас хоёр жилийн турш татсаны дараа бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахын тулд илүү үнэтэй ч гэсэн Төв Азийн улс орнуудад тарьж ургуулсан чангаанз, чавга, үзмийг ОХУ-аар дамжуулан импортлох шийдвэр гарган ажилласан гэнэ. Харин компанийнхаа хамгийн алдартай, эрэлттэй бүтээгдэхүүний нэг болох нэрсний чанамлын түүхий эдийг хангахын тулд Хөвсгөлийн тайгад өөрийн биеэр очиж, цаатан иргэдээс олон тонн нэрс худалдан авдаг байжээ. Гэвч сүүлийн жилүүдэд нэрсний гарц эрс буурснаас болж түүхий эдийн үнэ тэнгэрт тулж, түүхий эд тасалдахад хүрэх болов.
“Уур амьсгалын өөрчлөлт, мөн жимс түүх тогтвортой бус арга хэрэглэдгээс улбаалан нэрсний гарц огцом багассан,” хэмээн Отгон-Эрдэнэ тайлбарлаж байна. “Өмнө нь жил бүр нэрс ургадаг байсан бол одоо хоёр жилд нэг удаа, маш бага хэмжээгээр гардаг болсон. Нэрсний гаралт ховордоод, үнэ нь өсөөд, дээрээс нь томоохон компаниуд энэ зах зээлд орж ирснээс өрсөлдөөн их болсон” гэлээ.
Эдгээр сорилтуудтай тулгарсан Отгон-Эрдэнэ бизнесийн шинэ арга замыг эрэлхийлж, үйлдвэрлэлдээ өөрчлөлт оруулахыг зорьжээ. Тэрээр түүхий эдийг өөрчлөн хомсдсон нэрсийг Монголын хөрсөнд сайн ургадаг чацарганаар сольж, чацарганы бут мөн кетчуп хийх улаан лоолийг өөрөө тарихаар шийдэн санхүүжилт хайж явах тэр л үед Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны
(ЕСБХБ) Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ (ГЕФФ) хөтөлбөрөөс эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан уур амьсгалын өөрчлөлт, жендэрийн тэгш байдлын сургалтад уригдан оролцож таарав. Отгон-Эрдэнэ ГЕФФ хөтөлбөрийн эдгээр сургалтуудад хамрагдсан 40 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчдийн нэг аж. Сургалтаар уур амьсгалын өөрчлөлт Монголд ямар их хор хөнөөлтэй байгаа тухай, үр дагаварт нь эмэгтэйчүүд илүү өртөж байгаа, мөн эмэгтэйчүүдийн ялгаатай хэрэгцээ, нийгэм, гэр бүл дэх ялгаатай үүрэг роль, нэр дээрээ хөрөнгө эзэмших боломжийн хязгаарлагдмал байдал, санхүүгийн салбар дахь бүтцийн саад бэрхшээл зэргээс шалтгаалан эмэгтэй бизнес эрхлэгчдэд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар илүү хүндээр тусаж байгаа талаар хэлэлцжээ.
ЕСБХБ нь ГЕФФ хөтөлбөрийн шугамаар нийт 200 сая ам долларын ногоон технологи санхүүжүүлэх зээлийг ХААН Банк болон Хас Банкаар дамжуулан гаргаж эхэлснээс өмнө буюу 2022 оны эхээр ГЕФФ Монгол хөтөлбөрөөс Монголын санхүүгийн салбар дахь жендэрийн үнэлгээ хийсэн аж. Уг үнэлгээгээр эмэгтэй бизнес эрхлэгчийг хууль эрх зүйн хувьд тодорхойлоогүй, өндөр барьцаа хөрөнгө шаарддаг, үл хөдлөх хөрөнгө болон өндөр үнэ бүхий активууд ихэвчлэн гэр бүлийн эрэгтэй гишүүдийн нэр дээр бүртгэлтэй байдаг, мөн банкны зээлийн шийдвэр гаргахад нөлөөлдөг жендэрийн хэвшмэл ойлголтууд зэрэг эмэгтэй бичнес эрхлэгчид олон саад бэрхшээлтэй тулгарч байгааг тогтоожээ. Эмэгтэй бизнес эрхлэгчид зээлийн эргэн төлөлт сайтай хэдий ч тэдэнд олгодог зээлийн хэмжээ харьцангуй бага байдаг нь бизнесээ өргөжүүлэх, төрөлжүүлэх боломжийг хязгаарладгийг ч судалгаанд дурьдсан байна.
“Эмэгтэй бизнес эрхлэгчид байгалийн нөөц, өрхийн амьжиргаанд шууд хамааралтай бизнес эрхэлдэг тул уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг хамгийн түрүүнд мэдэрдэг. Иймээс ийм сургалтуудын ач холбогдол, үр өгөөж нь өндөр байдаг. Ийм сургалтууд нь уур амьсгалын сорилтыг алдагдал бус, бодит бизнесийн шийдэл болгон хувиргахад тусалдгаар төдийгүй хаана, ямар санхүүжилтийн боломжууд байна гэсэн мэдээллийг авахад маш их тус нэмэр болдгоороо онцлог,” хэмээн сургалтыг ГЕФФ хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан БЗД-ын Бизнес инкубаторын тэргүүн Б.Энхчимэг онцлов.
ГЕФФ-ийн уур амьсгал, жендэрийн сургалтад хамрагдсанаар Отгон-Эрдэнэ бизнесийн зардлаа бууруулж, Монголын ногоон шилжилтийг дэмжих ногоон технологи, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг хэрхэн санхүүжүүлэх боломжийн талаар мэдлэгтэй болжээ. “ГЕФФ -ийн жендэрийн сургалт нь Монгол дахь эмэгтэй бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шууд хөндсөнөөрөө маш үр өгөөжтэй байсан,” хэмээн Отгон-Эрдэнэ хэлэв. “Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн тогтворгүй ашиглалт бидний хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зогсоосон тул цаашид бизнесээ үргэлжлүүлэх өөр гарц хайх шаардлагатай болсон” гэлээ. Отгон-Эрдэнэ сургалтаас олж мэдсэн ГЕФФ Монгол хөтөлбөрийн “Ногоон технологийн жагсаалт” (GTS)-ийг судалж үзсэн байна. Дотоодын зах зээлд нэвтэрсэн 1000 гаруй баталгаажсан ногоон технологийг энэхүү цахим каталогоор дамжуулан авч болох ба дулаалгын материал, эрчим хүчний хэмнэлттэй цонхноос авахуулаад орчин үеийн үйлдвэрлэлийн шугам хүртэл сонгож, түүнийгээ санхүүжүүлэх ГЕФФ ногоон технологийн зээлийг ХААН Банк, ХАС банкаар дамжуулан авах боломжийг ЕСБХБ олгож байгаа аж.
“Бид үйлдвэрлэлдээ орчин үеийн тоног төхөөрөмж ашигладаг ч, цаашид түүхий эдээ өөрсдөө бэлтгэхийг зорихдоо ГЕФФ хөтөлбөрийн санал болгож буй эрчим хүчний дор хаяж 20 хувийн хэмнэлттэй шинэ ногоон технологиудыг сонирхож байгаа. Бүтээгдэхүүнээ органик, байгалийн хэв маягаар нь хадгалж, улс даяр боломжийн үнээр хүргэж, хэрэглэгчдийнхээ итгэлийг алдахгүй байх зорилгодоо бид үнэнч байгаа,” гэж Отгон-Эрдэнэ хэлж байна. GTS нь аливаа бизнест хэрэгтэй ногоон технологийг олох, баталгаажсан эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг санал болгох хамгийн шилдэг хялбаршуулсан арга болоод санхүүжилт нь сонгосон технологитойгоо уялддаг учир 2025 онд л гэхэд 224 компани энэ жагсаалтаас технологио сонгон санхүүжилтээ аваад ажиллаж байгаа гэнэ. ГЕФФ төслүүд 24 улсад хэрэгждэг учир Монголын зах зээлд байхгүй ч бусад 24 улсын зах зээлд байгаа технологийг олж авах боломжтой. Түгээр ч барахгүй 2025 онд ГЕФФ зээлийн 45 хувийг эмэгтэй бизнес эрхлэгч авсан аж. “Монголд эмэгтэй бизнес эрхлэгч зээл авах амаргүй. Тиймээс ГЕФФ зээлийн 45 гаруй хувь нь эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжиж байгааг олж мэдэх үнэхээр урамтай байв,” хэмээн Отгон-Эрдэнэ ярьж байна. Отгон-Эрдэнэний сонирхож байгаа ГЕФФ Монгол хөтөлбөрийн бас нэг давуу тал бол Инженерчлэлийн мөн санхүүгийн зөвлөх үйлчилгээг авах боломж юм. Төсөлд дотоод, гадаадын инженер, санхүү, маркетингийн мэргэжилтнүүд ажилладаг ба үнэ төлбөргүй зөвлөгөө өгч төслүүдийг дэмждэг давуу талтай.
Эмэгтэй бизнес эрхлэгчдээ дэмжих чиг хандлага ГЕФФ Монгол төслийн түнш банкуудын зээлийн бодлогод туссан байдаг аж. ХААН Банкны Зээлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, Ногоон банкны газрын Ногоон санхүүжилтийн менежер Э.Булганчимэг үүнийг тайлбарлахдаа “Эмэгтэйчүүдийн удирдсан ногоон бизнесийг дэмжих нь зөвхөн шударга төдийгүй ухаалаг банкны шийдвэр юм,” гэлээ. Тэрээр үргэлжлүүлэн ярихдаа, “Эмэгтэйчүүдийн удирдсан бизнесүүд зээлээ найдвартай төлдөг бөгөөд улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтөд шууд хувь нэмэр оруулдгаараа онцлог” гэлээ.
Өнөөдрийн байдлаар ГЕФФ Монгол хөтөлбөр ЕСБХБ-аас олгосон 200 сая ам.долларын санхүүжилтээс ойролцоогоор 105 сая ам.долларыг зарцуулсан бөгөөд үүний 45 орчим хувь нь хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, барилга, зочлох үйлчилгээ, боловсрол, худалдаа, эрүүл мэнд болон бусад салбар дахь эмэгтэйчүүдийн удирдсан бизнесүүдэд ноогдож байна. “Бид Монголын зах зээлд цаашид гурван жил орчим идэвхтэй ажиллахаар төлөвлөж байна,” хэмээн ГЕФФ Монгол хөтөлбөрийн багийн ахлагч Станислав Дубко хэлэв. “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, жендэрийн мэдрэмжтэй зээлийн практикийг үргэлжлүүлэн нутагшуулах нь бидний зорилт хэвээр байна. Хөгжлийн байгууллагын хувьд ЕСБХБ нь ногоон санхүүжилтийн арга барилыг дотоодын банкны тогтолцоонд нутагшуулахыг зорьдог. Орон нутгийн банкууд ногоон зээлийн багцыг бие даан амжилттай удирдах чадвартай болж, улсын ногоон шилжилтэд бодитой, урт хугацааны хувь нэмрийг оруулж эхэлмэгц уг хөтөлбөрийн үйл ажиллагаагаа зогсох юм” хэмээн С.Дубко тайлбарлав.
Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол Улс дахь Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ (ГЕФФ) хөтөлбөр нь Уур амьсгалын ногоон сан болон Япон Улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна.

Гефф монгол хөтөлбөр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 83 (7825)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn