Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо.  “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж,  Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.

Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм”  хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ.  Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.

 

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх: Нийгмийн өнөө ба ирээдүйн хөгжлийн эх үндэс юм

 

-Миний хувьд улсын үндсэн хууль бол үндэсний тусгаар тогтнолын баталгаа, иргэн, өрх гэр хийгээд нийгмийн өнөө ба ирээдүйн хөгжлийн эх үндэс юм. Монгол хүн өөрийн дураар толгой мэдэн амьдрах, улс орон өөрөөсөө бүтэж сэргэн мандахын язгуур. Иргэний эрх, эрх чөлөөг төрийн хязгааргүй мэдлээс тусгаарлах хана хэрэм, нийгмийн зөвшилцлийн дээд эрэмбийн баримт бичиг. Иргэн бүрийн хамгийн чухал үүрэг бол Монгол Улсын Үндсэн хуулиа сэтгэн ойлгож, сэрэмжлэн сахих явдал юм.

Үндсэн хуулиа мэдэхгүй, сахихгүй байх нь улсын тулгуурт цав суулгаж, иргэдийн төрд итгэх итгэлийг сэвтээж, босох суух, явах зогсохоо мэдэхгүй төөрч, төр-нийгмийн орших, эс орших тухайд хүрнэ.

Иймд өнөөгийн болон дараа, дараагийн үеийн иргэд гагцхүү үндсэн хуулийнхаа үзэл санаа, үзэл баримтлалд үнэнч байж, мэдэгтүн, сахигтун хэмээх хоёр үгийг өсөх наснаас өтөл хүртлээ ямагт санаж явах ёстой юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn