Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо.  “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж,  Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.

Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм”  хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ.  Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.

 

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат: Төр иргэндээ ойр, шийдвэр нь ил тод, хариуцлагатай байх нь Үндсэн хуулийн бодит хэрэгжилт юм

 

Аймгийн удирдлагын түвшинд ажиллаж буй хүний хувьд Монгол Улсын Үндсэн хууль гэдэг нь зөвхөн хууль зүйн баримт бичиг биш, харин иргэдийн эрх ашгийг хамгаалж, орон нутгийн хөгжлийг зөв чиглүүлэх үндсэн тулгуур гэж ойлгодог. Язгуур эрхийг баталгаажуулна гэдэг нь иргэн бүр хаана амьдарч, ямар ажил эрхэлж байгаагаас үл хамааран төрийн хамгаалалт, боломжийг тэгш хүртэх ёстой гэсэн зарчим юм.
Сүхбаатар аймаг нь хил орчмын байршилтай, уламжлалт мал аж ахуйгаас гадна уул уурхай, тээвэр логистик, боомтын үйл ажиллагаа зэрэг эдийн засгийн олон тулгуур салбартай бүс нутаг. Энэ нөхцөлд Үндсэн хуулийн үзэл баримтлал бодитоор хэрэгжих нь онцгой чухал. Уул уурхайн үйл ажиллагаа нь эдийн засгийн өгөөжөөс гадна иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, газар ашиглалт, орон нутгийн оролцоотой салшгүй холбоотой.

Мөн боомт, хил дамнасан худалдаа нь хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэх, аюулгүй байдлын эрхийг тэнцвэртэй хангах шаардлагыг бий болгодог.
Аймгийн засаг даргын хувьд аливаа бодлого, шийдвэрийг гаргахдаа хөгжлийг дэмжихийн зэрэгцээ иргэний язгуур эрх зөрчигдөхгүй байхыг нэн тэргүүнд тавих учиртай. Төр иргэндээ ойр, шийдвэр нь ил тод, хариуцлагатай байх нь Үндсэн хуулийн бодит хэрэгжилт юм.
Иймээс Үндсэн хууль бол Сүхбаатар аймгийн хөгжлийг тэнцвэртэй урагшлуулах, иргэдийн эрх ашгийг хамгаалах, төрд итгэх итгэлийг бэхжүүлэх үндсэн үнэт баримт бичиг гэж ойлгодог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn