Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо.  “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж,  Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.

Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм”  хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ.  Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.

 

Хойд бүсийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхгэрэл: Хууль дээдлэх зарчим нь хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой гэсэн ойлголтыг бататгадаг

 

-Үндсэн хууль бол аливаа улсын төр, нийгмийн амьдралын тулгуур багана бөгөөд иргэн бүрийн эрх, эрх чөлөө, үүрэг хариуцлагын суурь баримжааг тодорхойлдог хамгийн дээд хууль юм. Тиймээс Үндсэн хуульд тусгагдсан зарчим, үнэт зүйлс нь зөвхөн төрийн байгууллагын үйл ажиллагаанд бус, иргэн миний өдөр тутмын амьдрал, үзэл бодол, нийгэмд хандах хандлагад бодитоор нөлөөлж байдаг.

Юуны өмнө хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчим нь иргэн хүний хувьд өөрийгөө хамгаалагдсан, баталгаатай орчинд амьдарч байна гэсэн итгэлийг төрүүлдэг. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сурч боловсрох, хөдөлмөрлөх, шударга шүүхээр шүүлгэх эрх нь онолын ойлголт бус, миний амьдралд бодитой хэрэгжих боломж байх ёстой үнэт зүйлс юм. Энэ ойлголт нь аливаа шударга бус байдалтай эвлэрэх бус, хуульд тулгуурлан эрхээ хамгаалах ухамсрыг төлөвшүүлдэг.

Мөн хууль дээдлэх зарчим нь иргэн бүр хуулийн өмнө тэгш байх ёстой гэсэн ойлголтыг бататгадаг. Хууль зөвхөн бусдад биш, өөрт минь адилхан үйлчилнэ гэдгийг ухамсарлах нь хариуцлагатай, ёс зүйтэй иргэн байхын үндэс болдог. Энэ зарчим хэрэгжсэн нийгэмд эмх журам, харилцан итгэлцэл, шударга ёс бодитоор бий болдог.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn