Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо. “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж, Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.
Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ. Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.
Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ-ын төлөөлөгч Т.Хатанбаатар: Үндсэн хууль бол ирээдүй үеийн өмнө өгсөн амлалт
-“Монгол Улсын иргэн хүний язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийн үнэ цэн, үзэл баримтлалыг дараах байдлаар ойлгодог. Нэгдүгээрт, Үндсэн хууль бол төрөөс иргэнийг айлгах бус, иргэнээс төрийг хязгаарлах хамгийн дээд хууль юм. Өөрөөр хэлбэл төр ямар ч нөхцөлд хүний амьд явах, эрх чөлөөтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, шударга шүүхээр шүүлгэх зэрэг язгуур эрхийг зөрчиж болохгүй гэсэн баталгаа юм. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн гол үзэл санаа нь хүн төвтэй төр. Төр бол зорилго биш. Харин хүний нэр төр, эрх, эрх чөлөөг хамгаалах хэрэгсэл гэж үздэг. Үндсэн хуулинд “Хүн, түүний эрх, эрх чөлөө бол дээд үнэт зүйл мөн” гэж тунхагласан нь зүгээр нэг уриа биш, бүх хууль тогтоомж, төрийн үйл ажиллагааны суурь зарчим юм. Гуравдугаарт, энэ хууль нь ардчилал, эрх мэдлийн хуваарилалт, хууль дээдлэх ёсыг баталгаажуулдаг. Хувь хүн нэг байгууллага, салбар эрх мэдлийг төвлөрүүлж дарангуйлал тогтоохоос сэргийлсэн хамгаалалт энд бий. Иргэн төрийн өмнө бус, төр хууль ба иргэний өмнө хариуцлага хүлээнэ гэсэн ойлголтыг суулгасан. Дөрөвдүгээрт, Үндсэн хууль бол ирээдүй үеийн өмнө өгсөн амлалт. Өнөөдрийн эрх ашиг, улс төрийн ашиг сонирхлоос давсан, олон үеийн турш хүний эрх, тусгаар тогтнол, шударга ёсыг хадгалах зорилготой баримт бичиг юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn