Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо.  “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж,  Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.

Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм”  хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ.  Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.

 

Говьсүмбэр аймгийн иргэн, Хувиараа бизнес эрхлэгч Т.Ариунболор: Эрх чөлөөний баталгаа, шударга ёсны тулгуур ирээдүй хойч үеийн хариуцлагын бичмэл гэрээ гэж боддог

 

-Миний ойлголтоор Монгол Улсын Үндсэн хууль бол зүгээр нэг хууль тогтоомжийн баримт бичиг бус, харин иргэн байх утга учир, төр орших үндэс, нийгэм шударга байх баталгаа юм. Үндсэн хууль надад хамгийн түрүүнд язгуур эрх, эрх чөлөөг төрөөс зөвшөөрч өгдөг зүйл биш, харин төр хүндэтгэн хамгаалах үүрэгтэй үнэт зүйл гэдгийг сануулдаг. Амьд явах, үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, сурч боловсрох, хөдөлмөрлөх, эвлэлдэн нэгдэх эрх бол аль нэг цаг үеийн бодлогоос бус, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл гэдгийг Үндсэн хууль тодорхой зааж өгдөг. Үндсэн хууль бол эрхтэй байхыг зэрэгцээ үүрэгтэй байх ухамсрыг бий болгодог.Тиймээс ч эрх чөлөөний баталгаа шударга ёсны тулгуур ирээдүй хойч үеийн хариуцлагын бичмэл гэрээ гэж боддог.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn