Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо.  “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж,  Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.

Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм”  хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ.  Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.

 

Хүний эрхийн хуульч Д.Сүхгэрэл: Хуулиа мэдэхгүй бол түүнд захирагдахгүй, өөрийн эрхээ хамгаалж чадахгүй

 

-Үндсэн хууль нь иргэн бидний үндсэн эрх, эрх мэдэл, иргэний эрх ба үүргийг баталгаажуулсан суурь хууль юм. Хуулиа хүн бүр мэдэхгүй бол түүнд захирагдахгүй, хэрэгжүүлэхгүй болон хуулийг ашиглан өөрийн эрхээ хамгаалж чадахгүй. Үүний нэг жишээ бол Монгол Улсын иргэний газар өмчлөх эрхийг зөрчиж байгаа байдал. Монгол Улсын иргэн болж төрсний нэг давуу эрх байдаг. Тэр нь амьдралдаа нэг удаа, үнэгүйгээр газар авч, үнэгүй өмчлөх эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан давуу эрх. Иргэддээ ийнхүү газар өмчлөх эрхийг баталгаажуулахын зорилго нь иргэний амьд явах, орон гэртэй, өмч хөрөнгөтэй, амьжиргаатай байх эрхийн суурь баталгаа гэдэг утгаар хуульчилсан байгаа юм. Иймд хотын захирагчийн захирамжаар иргэний өмчлөлийн гэрчилгээтэй газрыг эзэмшлийн болгож өөрчлөх, хугацаа тогтоох, хураан авах, хүч хэрэглэн албадан нүүлгэх нь Үндсэн хуулийн зөрчил юм. Иргэн Үндсэн хуульдаа алхам тутамдаа захирагдаж, төр ба хувийн хэвшил, хууль тогтоох байгууллагууд захирагдаж байгаа эсэхэд хяналтаа тавьж ажиллах үүргээ хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn