Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо.  “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж,  Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.

Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм”  хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ.  Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.

 

Дундговь аймгийн малчин П.Оюунзул: Үндсэн хуулийн үнэ цэнийг тодруулан, чанаржуулах шаардлагатай

 

-Миний бодлоор Монгол Улсын Үндсэн хууль бол иргэний эрх, эрх чөлөөг бодитоор хамгаалж байдаг хамгийн дээд баталгаа юм. Энэ хууль нь хүний нэр төрийг дээдэлж, хууль дээдлэх ёс, ардчилал, шударга ёсыг нийгмийн суурь үнэт зүйл болгон тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, төр иргэндээ захирагдах бус, харин иргэндээ үйлчлэх ёстойг тунхагласан нь Үндсэн хуулийн жинхэнэ үнэ цэнэ гэж би ойлгодог. Бид үндсэн хуулиа дээдэлж, мөрдөж, ухамсарлаж, захирагдаж амьдрах нь ёс зүйн хэрэг билээ. Хэн нэгэн эрх мэдлээ хэтрүүлэх, үүргээ ухамсарлахгүй байх үед Үндсэн хууль биднийг хамгаалж шударга үнэнийг тогтоох суурь болдог.

Үндсэн хуулийн хамгийн дээд үнэ цэнэ бол иргэний нэр төрийг хамгаалах юм. Үндсэн хууль цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр улам үнэ цэнтэй болж тодорч байдаг гэж бодож байна. Иймээс үндсэн хууль бол ганц цаасан дээр бичсэн тунхаг бус иргэний амьдралд өдөр тутамд бодитоор нөлөөлж байх ёстой гэж бодож байна. Тиймээс Үндсэн хуулийн үнэ цэнийг тодруулан, чанаржуулж, илүү сайжруулж, өдөр тутамд иргэний амьдралд эергээр нөлөөлөхүйц болгох хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn