Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо. “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж, Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.
Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ. Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.
Дорноговь аймгийн иргэн, Монгол Улсын Гавъяат Хуульч Ц.Бадиа: Төр төвтэй нийгмийн харилцааг боловсронгуй болгож, иргэн төвтэй нийгмийн харилцаанд шилжих нь чухал
-Монгол Улсын иргэн миний хувьд ард түмний засаглалыг бэхжүүлэхэд иргэдийн оролцоо чухал гэж боддог. Өмнөх жилүүдэд батлагдан хэрэгжиж ирсэн Үндсэн хууль болгон түүхэн ач холбогдолтой байж, тухайн үүргээ гүйцэтгэж ирсэн. Харин 1992 оны Үндсэн хууль бол анх удаа Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрч, хангаж, хамгаалах тогтолцоог бүрдүүлсэнд түүний үнэ цэнэ оршино гэж үздэг. Тус Үндсэн хууль нь Монгол Улсад үйлчилж буй бүх хуулийн эх сурвалж болохын зэрэгцээ тус улс нь төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна, засгийн эрх ард түмний мэдэлд, мал сүрэг төрийн хамгаалалтад, газар түүний хэвлий байгалийн бусад баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Иргэнд өмчлүүлснээс бусад газар түүний хэвлий, баялаг төрийн нийтийн өмч байна гэсэн заалтууд нь хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийн байгуулах иргэн хүний эрх ашигт нийцсэн гол хууль гэж үзэн хуульч хүний хувьд талархалтай байдаг. Цаашид төр төвтэй нийгмийн харилцааг боловсронгуй болгож, иргэн төвтэй нийгмийн харилцаанд шилжиж, төрт ёс, түүх соёлыг өвлөн уламжлуулан, үндсэн хуулиа дээдлэн сахиж, хууль тогтоох, гүйцэтгэх, Шүүх эрх мэдлийн тэнцвэрт харилцааг тогтоох нь чухал гэж үзэж явдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn