Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо. “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж, Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.
Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ. Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.
Чингэлтэй дүүргийн иргэн Г.Даваацэцэг: Хүн болж төрсний язгуур эрх ашиг, үнэ цэн тэтгэврийн бидний тухайд алдагдсан
-Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрх, хүний язгуур эрх ашгийг хангах амьдрах орон байртай байх, хүрэлцэхүйц цалин хангамжтай, байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах бүх эрх зөрчигдөж байна. Ялангуяа ахмад настай хамгийн ядуу ангилалд амьдарч байна. Тэтгэврийн доод хэмжээ нь амьжиргааны түвшнээс ч доогуур байна. Бүхэл бүтэн нэг сарын турш 769 мянган төгрөгөөр яаж амьдрах юм бэ. Энэ хэмжээ Үндсэн хуульд заасан хүний язгуур эрх ашиг, үнэ цэнийг бүр дордуулж байна. Дээр нь ахмадуудын тэтгэврийн зээлийн хугацааг сунгаж 36 сар болгосон ч үр хүүхдүүдээр батлан даалгуулах гэсэн заалт орж ирж байна. Энэ одоо юу гэсэн үг вэ. Үр хүүхдүүд маань бүгд зээлтэй амьдарч байна. Батлан даах хүүхэд нь өр зээлгүй байна гэсэн амьдралд нийцэхгүй ийм журам гаргаж байна. Ахмадууд бид залуу халуун насныхаа хөдөлмөрийг улс орноо хөгжүүлэхэд зориулсан. Тийм ч учраас төрөөс энэ үнэ цэнийхээ өчүүхэн дусал төдий хэдхэн төгрөгийн тэтгэвэр авч байна. Төр өөрөө батлан даах ёстой. Манай ахмадуудын эрх энэ мэтээр зөрчигдөж бид өнгөрсөн оны зургаан сараас хойш өнөөдрийг хүртэл төрийн ордны гадаа суулт зарлаж тэтгэврийн хэмжээг 1.5 сая төгрөг болгож өгөхийг шаардсан. Энэ оноос эхлэн 80 мянган төгрөгөөр нэмсэн шийдвэр гаргасан ч арилжааны банк бидний зээлээс хүүгийн хүү бодож авч байна. Энэ одоо арай дэндэж байна. Хүн болж төрсний язгуур эрх ашиг, үнэ цэнийг үнэхээр дордуулж байна. Тиймээс Үндсэн хуулийн язгуур эрх ашгийн үнэ цэн алдагдсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn