Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо. “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж, Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.
Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ. Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.
Хан-Уул дүүргийн иргэн, Монгол Улсын Ардын багш, МУИС-ийн Зөвлөх профессор Ж.Урангуа: Үндсэн хууль тогтвортой байх тусам иргэний эрх баталгаатай байдаг
-Түүхч хүний хувьд харахад, Монгол Улсын Үндсэн хууль бол зөвхөн төрийн байгууллыг зохион байгуулсан хууль бус, харин иргэн бүрийн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан нийгмийн хамгийн чухал гэрээ юм. Монголын түүхэнд олон зууны турш төр давамгайлж, иргэн захирагдагч байр суурьтай байж ирсэн бол 1992 оны Үндсэн хууль энэ уламжлалыг халж, иргэнийг төрийн өмнө эрхтэй, хамгаалагдах ёстой субъект гэж тунхагласан нь түүхэн эргэлтийн цэг болсон билээ.
Язгуур эрх гэдэг нь төрөөс олгодог шагнал, эсвэл сайн дураараа өгч буцааж авдаг боломж биш. Харин төр ямар ч нөхцөлд халдаж үл болох, хамгаалж байх үүрэгтэй хүний суурь эрх юм. Үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, өмчтэй байх, шударга шүүхээр хамгаалуулах зэрэг эрхүүд нь иргэн байхын үндсэн нөхцөл болохоос “болбол сайн” нэмэлт давуу тал биш.
Сүүлийн жилүүдэд Үндсэн хуулийг өөрчлөх, зарим заалтыг тайлбарлах, эрх мэдлийн зохицуулалтыг шинэчлэх тухай яриа идэвхтэй өрнөж байна. Өөрчлөлт, шинэчлэл өөрөө буруу биш. Харин түүхийн туршлагаас харахад Үндсэн хуульд гар хүрэх бүрд хамгийн түрүүнд асуух ёстой зүйл нь иргэний эрх улам баталгаажиж байна уу, эсвэл төрийн эрх мэдэл нэмэгдэж байна уу гэдэг асуулт юм.
Дэлхийн улс орнуудын сайн жишгээс харахад, Үндсэн хууль тогтвортой байх тусам иргэний эрх баталгаатай байдаг бөгөөд аливаа өөрчлөлт нь төрд ашигтайгаасаа илүү иргэнд ашигтай байх зарчимд захирагддаг. Үндсэн хууль нь эрх мэдлийг төвлөрүүлэх хэрэгсэл бус, харин эрх мэдлийг хязгаарлах, иргэнийг хамгаалах баримт бичиг байж чадсан улс орнууд л урт хугацаанд тогтвортой хөгждөг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn