Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо. “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж, Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.
Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ. Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.
Сэлэнгэ аймгийн иргэн Б.Чимгээ: Тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх хэрэгтэй
-Би Сэлэнгэ аймагтаа мал малладаг. Манай аймаг бол газар тариалан, уул уурхайн нутаг. Гэтэл мал бэлчих газар хомсдож, ус нь бохирдож байна. Монголын нийгэмд хүний эрхийг хамгаалж чадахгүй байна. Наад зах нь гэрээсээ гараад халтирч унаад гэмтэж байна шүү дээ. Өнөөдөр бидэнд амьд явах баталгаа алга. Сэтгэл сэртхийлгэм зүй бус хэргүүд их гарч байна. Тиймээс ард түмний ухамсарт сайн сайхан зүйлийг суулгаж өгөх хэрэгтэй. Зөв төлөвшлийг суулгаж өгөх нь чухал. Хүний эрхийг хангахын тулд сайн боловсрол эзэмшүүлэх, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, амар амгалан байлгах ёстой. Гэвч бодит амьдрал дээр нэг талхыг хуваагаад авч байна шүү дээ. Ард түмнээ сайхан амьдруулж чадахгүй байгаа хүмүүс хүний эрхийг дээдэлж чадахгүй. Хэрэв хүний эрхийг дээдлээд ард түмнээ сайхан амьдруулж чаддаг бол хэдэн ахмадууд тэтгэврээ нэмүүлэх гэж хэлэлцээр хийж суух шаардлага байхгүй шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn