Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо. “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж, Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.
Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ. Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.
Архангай аймаг, өмгөөлөгч В.Удвал: Үндсэн хуулийн хамгийн эхний тунхаглалаас маш тодорхой ойлгогдохоор байдаг
-Аливаа улсын Үндсэн хууль гэдэг бол тухайн улсын тусгаар тогтнол, нийгмийн байгуулал, хөгжлийн чиг баримжаа гэх мэт улс үндэстний бий болгохыг зорьж байгаа тэмүүллийг тусгасан үндсэн гол эрх зүйн баримт бичиг байдаг.
Манай улсын хувьд 1992 оны Үндсэн хууль маань Монгол хүн бидний бусад улс орноос ялгарах, тусгаар улс гэдгийг илтгэн, баталгаажуулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөх, үндэсний бие даасан байдлыг бий болгохын зэрэгцээ, манай улсын нийгэм, төрийн байгууллын хөгжлийн үндсэн чиг баримжаа, тулгуурыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрч, баталгаатай эдлүүлэх, төр иргэний хоорондох харилцааны үндсэн суурь зарчмыг бататгахыг зорьсон ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгодог.
Монгол Улсын их хурлаас батлан нийтээр дагаж мөрдөж байгаа бүх хууль, хууль тогтоомж, Монгол Улсын бусад улс орнуудтай байгуулсан олон улсын гэрээ зэргээс эрэмбийн хувьд нэгдүгээрт эрэмбэлэгдэж хэрэглэж, дагаж мөрддөг хуульчид бидний хэлж заншсанаар эцэг хуулийн үнэ цэн ямар байх вэ гэдэг нь Үндсэн хуулийн хамгийн эхний тунхаглалаас маш тодорхой ойлгогдохоор байдаг. Үг нэг бүрийн цаадах утга санаа асар өргөн бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнол, Монголын ард түмэн, хойч үе, эх нутгаа гэсэн бидний өвөг дээдсийн асар их ухааны шимээр уламжлан үлдээсэн оюуны дээжис гэж хэлмээр байна. Мэдээж засаж, залруулах, өөрчлөх зүйл байхыг үгүйсгэхгүй ч өмнөхөөсөө дордуулсан өөрчлөлтийг хийхгүй байх нь зохимжтой. Залуус, хойч үеийнхэн бид Монгол Улсын Үндсэн хуулиа дээдэлж, сахин биелүүлэхийг дор бүрнээ хичээж явбал улсын орныхоо хөгжилд оруулж байгаа бас нэг хувь нэмэр гэж бодож явддаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn