Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын тухай 30 өөр байр суурь

Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо.  “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж,  Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.

Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм”  хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ.  Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.

 

Эмнести Интернэшнл олон улсын хүний эрхийн хуульч, судлаач Р.Очирбал: Хүний газар өмчлөх эрхийг эзэмших эрх болгож өөрчлөх Үндсэн хуулиас давсан зохицуулалт байж болохгүй

-Монгол Улсад хүний эрх Үндсэн хуулиар баталгаажуулсан  язгуур эрх ашиг олон жишээгээр зөрчигдсөөр ирсэн. Тухайлбал дахин төлөвлөлтөөр хүний амьд явах, хүний анхдагч хэрэгцээ болсон орон байртай байх эрх зөрчигдсөөр ирсэн. Өөрөөр хэлбэл, манай улсад гэр хорооллын дахин төлөвлөлтөд өртсөн иргэдийн амьдрал дордохгүй, дээрдэх ёстой гэсэн Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Олон улсын Эмнести Интернэшнл байгууллагын шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн заалтуудыг хүлээн зөвшөөрсөн орон.  Тэгвэл манай улс энэхүү заалтаа зөрчсөөр байна. Тухайлбал, сүүлийн 10 гаруй жилд нүүлгэх нэрээр хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүдийн эхний хохирогчид арван жил болж байхад дараагийнх нь үе залгамжлан үргэлжилсээр байна. Энэ нь Үндсэн хуульд заасан хүний амьд явах  язгуур эрх ашиг, үнэ цэн алдагдсан гэсэн үг.

Нөгөөтээгүүр, Эмнести Интернэшл байгууллага 2023 онд хүний эрхийн нөхцөл байдлыг дүгнэхэд, тогтолцоонд хямрал үүссэн хэмээн үзсэн. Мөн дараалсан олон талт хүний эрхийн хямралууд бий. Тодруулбал, инфляц, гадаад өрийн төлбөр, хүнс, шатахууны үнийн өсөлт, геополитикийн хурцадмал байдал, зөрчилдөөн, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хямралуудын хортой үр дагавар нь дэлхий даяар ядуурал, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг нэмэгдүүлэх аюул, заналхийллийг бий болгож байна. Эдгээр хямралууд нь ялангуяа хөгжиж буй улс орон болон бага буурай орнуудад хүчтэй нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, дотоодын нөөц нь хомсдоод эхлэхээр хүний эрхийн төсвийн бодлого, хэрэгжүүлэлт муу байх магадлалтай. Эдгээрээс болж Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах язгуур эрх ашиг алдагдаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn